Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
- 2024-04-23
- Нийгэм
- 0
Монголын баячууд, хөрөнгөтнүүдэд хүнд цаг үе тохиож байна. Зүүний чиглэлийн нам чадлаараа чангалж, хөрөнгийг нь хурааж байна. Төв цэнгэлдэхийг хураалаа, автобусны компаниудын захирлуудыг барьж хорьж хураалаа. Одоо “Ачит эх”-ийг хураана гэж байгаа. Мөн сая батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар хувийн компаниудын эзэмшиж буй стратегийн есөн ордын 34 хувийг төр шууд эзэмших эрхтэй болж байгаа. Ингэснээр МАК-ийг хураах, “Энержи ресурс”-ийг хураах, жижиг Таван толгойг “Ажнай” Д.Бат-Эрдэнээс хурааж авна гэж яригдаж байна. Эрх баригч Ардын нам Засгийн эрхэнд гарангуутаа л “Салхитын мөнгөний орд”-оос аваад мөнгөтэй бүхэн рүү дайрч, эзлэн түрэмгийлж хураасан. “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал зарлан Засгийн газрын тусгай төлөөлөгч тавьж булааж авсан. “Эрдэнэс Таван толгой” компанид мөн тусгай төлөөлөгч тавьж эзэн суусан.Дээрээс нь банкнаас зээл авсан бүхнийг баалж доромжилж, гутааж, онц гэмт хэрэгтэн мэт үзэж хичнээн олон хүнийг хичнээн олон сараар шүүж, заримыг нь барьж хорьж ялласныг бид харж байна.
Зээл авах бол гэмт хэрэг биш. Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид банкнаас зээл авч бүтээн байгуулалт босгож, ажлын байр бий болгон, улс орны эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулдаг. Монголд яг одоо бизнес эрхлэгчдийг бараг л өдөр бүр сүр дуулиантайгаар баривчилж шоронд хийж байгаа. Ингэж баячуудын хөрөнгийг хураан, тэдний босгосон бүтээн байгуулалт руу төр засаг улангасан дайрч байгааг хараад ард түмэн, нийгэм тэр чигтээ түрхрэн дэмжиж байна. Хэвлэл мэдээлэл ч баячуудыг өмөөрсөнгүй. Шулуухан хэлэхэд, Монголд хөрөнгөтнүүдээ өмөөрөх хэвлэл мэдээллийн байгууллага үлдээгүй. Яагаад гэвэл Монголын баячууд өөрсдөө хэвлэлийг байхгүй болгосон.
Яаж байхгүй болгосныг одоо хэлье. Монгол хоёр гурван сайн телевизтэй болох байсан. 25 дугаар суваг, Ийгл гээд. Тэгтэл Монголын мөнгөтэй болгон телевиз байгуулаад эхэлсэн. Учир нь рекламны мөнгөө аль нэг телевизэд өгч тэднийг баяжуулж, тэтгэн дэмжихийн оронд өөрсдөө телевиз байгуулаад, реклам сурталчилгаагаа үнэгүй явуулаад, өөрсдийгөө өмөөрүүлээд дээрээс нь мөнгө олоход боломжтой гэж үзсэн. Ингээд телевизийн олон сувгууд зэрэг зэрэг байгуулагдан, нөгөө босч байсан, өнгө төрхөө олох гэж зүтгэж байсан телевизүүдээс гол гол боловсон хүчнийг нь аваад, хүчийг нь тарамдуулан яйруулаад хаячихсан.
Борооны дараах мөөг шиг хэдэн зуун телевиз бий болсон нь ийм учиртай.Баячуудын өөрсдийнх нь байгуулсан телевизүүд босч ирж чадаагүй, чадах ч үгүй. Эрх мэдэлтэй улстөрчийн юм уу, олигархийн, эсвэл нэг албан байгууллагын телевизийг хэн үзэх билээ. Ёстой тоох ч үгүй. “Тэр телевиз байгуулж байгаа гэнэ” гэж ярихаас цааш хэтэрдэггүй. Ингэж Монголын баячууд рекламны хэдэн төгрөгөндөө горойсноос болж Монголд телевиз гэдэг зүйл байхгүй болсон. Хэн хэн хувийн телевизтэй гэдгийг бүгд мэдэх учир нэрлээд байх ч шаардлагагүй байх. Эзнийгээ өмөөрч гон гон хийсэн тэдний мэдээ, албан байгууллага компаниа сурталчлахаас өөр үзэж харах юмгүй телевизүүд ямар ч үзэгч, урамгүй байдаг. Тухайн компани эзэндээ л хэрэгтэй байдаг биз.
Телевизийг байхгүй болгосон энэ байдал сонинд яг давтагдсан. Сонин ашигтай юм байна, рекламаар ёстой цөм хийдэг юм байна гээд шүлсээ гоожуулсан нөхдүүд, мөнгөтэй болгон сонин гаргаж, сонины зах зээл рүү орж ирсэн. Эхлээд шар сонины үер буусан. Дараа нь өдөр тутмын сонин гаргаад эхэлсэн. 15, 16 өдөр тутмын сонин гарч байлаа шүү дээ. Ингээд дөнгөж тогтож байсан, хөл дээрээ босч байсан сонины редакцийг салгаад, шилдэг нийтлэлч сэтгүүлчдийг нь хэдэн хэсэг хуваагаад, мөнгө төгрөг, байр сав амлаж тэр олон сонин гарч эхэлсэн. Гэтэл одоо хар, нөгөө хорь шахам өдөр тутмын сониноос ганц нь ч алга. Хүн уншихгүй, захиалагчгүй учир дампуурахаас өөр аргагүй.
Хамгийн хорлонтой нь босох гэж, хөл дээрээ тогтох гэж зүтгэж байсан редакциудыг мөн л яйруулаад хаячихсан. Тогтсон редакциудыг самарч, боловсон хүчнүүдийг нь тал тал тийш нь зулгааж, хамгийн гол нь реклам сурталчилгаа өгөхгүй, цусны эргэлтийг нь хааж, сонин хэвлэлийг байхгүй болгох гэж зүтгэсний гороор өнөөдөр баячуудыг өмөөрөх хэвлэл байхгүй болсон. Сонин хэвлэлийн хамгийн гол зүйл ерөөсөө эдийн засгийн дэмжлэг байдаг. Мөнгөгүй бол, рекламгүй бол сонин хэвлэл гарна гэж бодоод, мөрөөдөөд ч хэрэггүй. Уншигч олонд, ард түмэнд үнэн бодит мэдээллийг хүргэхийн төлөө өдөр тутмын сонин асар өндөр зардлаар гардаг. Цаасны зардал, хэвлэх үйлдвэрийн зардал гээд сонин бол ёстой мөнгийг ууж өгдөг. Тиймээс мөнгө санхүү, эдийн засгаар бодитой дэмжлэг үзүүлэхгүй юм бол Монголын баячууд, хөрөнгөтнүүд сонин хэвлэл, чөлөөт хэвлэлийн тухай яриад ч хэрэггүй.
Телевизийг, сониныг ингэж устгасныхаа горыг өнөөдөр баячууд амсаж байна. Тэднийг өмөөрөх хэвлэл мэдээлэл Монголд үлдсэнгүй. Дэлхийн жишгээр бол үндэсний томоохон хөрөнгөтөн, үндэсний том компани, аж ахуйн нэгжүүд хэвлэл мэдээлэлдээ мөнгө өгч, тэднийг бодлогоор дэмжиж, хэвлэл мэдээллээ улам хүчирхэг болгодог. Яг энэ жишгээр явсан бол 25 дугаар суваг телевиз, Ийгл телевиз дэлхийд нэртэй Монголын хамгийн хүчирхэг телевизүүд болох байлаа. Өдөр тутмын хориод сонин байгуулагдаж редакцийн хүчийг тарамдан сулруулаагүй байсан бол Монголын хамгийн олон уншигч захиалагчтай “Өдрийн сонин” өдөр бүр 32 нүүрээр хэвлэгддэг тэр жишгээрээ явах байлаа.
Гэвч мөнгөтэй бүхэн сонин байгуулж хэвлэл мэдээллийн дуу хоолойг хүн бүр хувьдаа ашиглан, үндэсний том компаниуд, баячууд реклам сурталчилгаагаа өгөхөө больсны учир 32 нүүрээр хэвлэгддэг “Өдрийн сонин” 8 нүүрээр, дээд тал нь 12 нүүрээр хэвлэгдэж байна. Солонгосын үндэсний том компаниуд “Самсунг”, “Хьюндай” өдөр тутмын сониндоо байнга хөрөнгө оруулалт хийдэг. “Хэвлэл мэдээллийн хүчээр бидний бизнес ийм амжилтад хүрсэн” хэмээн сониндоо хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь өөрсдийгөө муулуулахгүй гэж хийж байгаа манайхны хэлдгээр хаалтын гэрээ биш. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэвлэлдээ өгч байгаа хөрөнгө оруулалт. Олон улсын жишиг ийм байтал манай хөрөнгөтнүүд рекламны таван халтар төгрөгийн төлөө үхэж хатан хэвлэл мэдээллээ өөрсдөө устгасан.
Хэрвээ Монголын баячууд хэвлэлдээ ингэж хандаагүй байсан бол өнөөдөр үндэсний том телевиз, сонин тэднийг өмөөрч, өмгөөлж, эрх баригчидтай тэмцэж байх байлаа. “Монгол Улс баялаг бүтээгч, үндэсний хөрөнгөтнүүдийнхээ хөрөнгийг хурааж байна” гээд л зогсоо зайгүй мэдээлж, шуугиан болгох байлаа. Хэвлэл нь ийнхүү дампуурангуут баячууд цахим сайт байгуулаад, сошиалд пэйж хуудсаа нээгээд цахим руу шуураад орсон. Гэвч бодит байдал дээр цахим ертөнц бол үнэндээ найдах юм биш. Яагаад гэвэл албан газрын пэйж хуудас, сошиал хаяг руу ордог, тэрийг үздэг хүн гэж байхгүй. Тухайн компанид ажилд орох гэсэн хүн л харна уу гэхээс бусдаар тоож шагайхгүй. Гар утас авах гэсэн хүн Мобикомын пэйж хуудас руу орж болох юм. Гэхдээ утсыг ил задгай зарж байдаг болохоор орох ч шаардлага байхгүй.
Мобикомын пэйж хуудас 1 сая дагагчтай юм гэсэн. Түүндээ найдаад хэвлэл мэдээлэлд мөнгө хялайлгахаа байсан. Нэг сая дагачтай байлаа гээд тэр хуудас руу нь хэн ч тоож ордоггүй учир ямар ч үр дүнгүй. Ийм юманд найдаад тухайлбал, Мобиком гэхэд олон түмэнтэй харилцах замаа хаасан. Ер нь ингэхэд сошиалд ажилгүй, залхуу, хий дэмий сэлгүүцэж хов живээр хооллодог нөхдүүд л байдаг. Ажилгүй, ядуу гуйлгачин байгаадаа бусдыг буруутгадаг, хөрөнгөтэй мөнгөтэй бүхнийг үзэн яддаг тэдэнд баячуудын хөрөнгийг хураана гэдэг бол ёстой бах нь ханасан мэдээ байлгүй яахав. “Хөрөнгийг нь хураа, наадуулаа шоронд хий. Бууд, дүүжил” гээд нийгмээрээ түрхрэн босоод орилолдоод ирнэ.
Ийм л нийгмийг баячууд та нар өөрсдөө бий болгосон. Хэвлэл мэдээллээ хүчирхэг байлгахын оронд харин ч хорлож, харгисаар амыг нь барьсан. Тиймээс та бүхнийг өмөөрөх, өмгөөлөх хэвлэл Монголд алга. Эдийн засгаар дэмжиж байж хэвлэл хүчтэй болдог. Гол хөшүүрэг нь ердөө мөнгө. Мөнгөтэй хэвлэл мөнгөтэй хүнийг, үндэсний хөрөнгөтнүүдээ өмөөрдөг. Тэдний өмнөөс босдог. Гэвч хоосон гуйлгачин учир хөрөнгө мөнгөтэй хүний төлөө зоригтойгоор дуугарахгүй хүнгүй болжээ. Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй гэж хэлээд байгаа маань ийм учиртай.
Д.Батболд
Сэтгэгдэл (0)