Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо
- 2024-04-24
- Нийгэм
- 0
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар болон бусад гишүүд оролцлоо. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэв.
Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын ажлын явцын мэдээллийг сонссон. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өрөөнүүдийн зохион байгуулалт, цахилгаан, сантехникийн ажлуудыг хийж байгааг ХАБЭМТөвийн дарга М.Даваабат онцолсон.
Цаашлаад эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын үнийн судалгааг гаргах ажлыг эхлүүлээд байгаа аж. Эмнэлгийн барилга нь хэвтэн эмчлүүлэх болон нөхөн сэргээх тасгуудтай орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 3-р шатлалын эмнэлэг болох юм.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар батлах “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар өмнө нь ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаар 19 ажлын байр дэмжигдсэн бол өнөөдөр 12 ажлын байрыг дэмжихээр шийдвэрлэсэн. Эцэст нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, бүртгэлийн гэрчилгээ шинээр авах болон төрөл нэмүүлэх байгууллагуудыг баталлаа хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)