УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлд холбогдох шийдвэрийг танилцууллаа
- 2024-04-25
- Улс төр
- 0
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Д.Мөнхбаатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга П.Хишигжаргал, Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл оролцов.
Эргэн сануулахад өнгөрсөн гуравдугаар сард Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд тус үйлдвэрт ажиллахдаа ажилтнуудтай уулзаж, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчны зохицуулалт, ажилтнуудын нийгмийн асуудлын талаар ярилцаж, санал солилцсон билээ. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д үйлдвэрийн зарим ажлын байрыг нэмэлтээр оруулах, дүйцүүлэх, хасуулах саналыг дэмжиж ажиллах хүсэлтийг Улсын Их Хурлын дэд даргад уламжилсан. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2021-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Ногоон титэм” ХХК болон “Эрүүл ахуй, хор судлалын лаборатори” ХХК-тай хамтран 41 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, хэмжилт, судалгааг хийж, дүгнэлт зөвлөмж гаргуулсан аж. Тухайлбал, хүнд даацын автомашины жолооч (белаз ачааны даац 100.1 тн-оос их) хөдөлмөрийн хортой нөхцөлийн үнэлгээгээр хортой нөхцөлийн 4 дүгээр зэрэг хамаарах дүгнэлт гарчээ. Үйлдвэрийн белазын жолооч нар 256 метрийн гүнд ажилладаг бөгөөд ажлын байрны онцлогоос шалтгаалан уушгины цулцанд нэвтэрдэг тоосны өртөлт стандартаас 2-23 дахин их байжээ. Энэ нь урт хугацаандаа ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах болсон байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүсэлт шилжүүлсний дагуу асуудал шийдэгдсэн байна. Эдгээр асуудлыг тусгасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн A/87 тоот тушаалыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудад танилцууллаа.
“Жагсаалт батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны A/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил мэргэжилд бутлуурчин,цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин, операторч, хүнд даацын авто машины жолооч (Белаз 100.1тн-оос их ), хими цехийн аппаратчин... гэх зэргээр “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа холбогдох хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийсний дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсныг дурдаад цаашид Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ажилтнуудыг эрт тэтгэвэрт гаргахад бус хүнд, хортой нөхцөлд ажиллуулахгүй байхад анхаарлаа хандуулах шаардлагатайг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар УИХ-ын гишүүдийг Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үеэр тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөндөж тавьсан асуудлуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд шуурхай авч хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргасанд талархал илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)