Л.Оюун-Эрдэнэ: Нам хоорондын сонгууль гэхээсээ илүү ард түмэн ялах уу? Бүлэглэл ялах уу? гэдэг сонголтын өмнө авч ирж байна

Монгол Ардын нам 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Энэ үеэр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "1992 оноос хойш хамгийн их нам, эвсэл оролцож байгаа сонгууль болж байна. Энэ бол төлөөллийн оролцоог хангаж, улстөрийн намуудтай зөвшилцөж хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой болж байгаагийн нэг илэрхийлэл юм. Тийм учраас ард иргэд маань шинэ 30 жилийнхээ анхны сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгууль бүр онцлогтой. Сонголт өөрөө түүхэн ул мөрийг аливаа улс орны түүхэнд үлдээдэг. Үүгээрээ ч ард түмний сонголт онцлогтой. Энэ удаагийн сонгууль 2 зүйлээр ялгаатай. Олон улсын нөхцөл байдлын хувьд цар талхын дараах, мөн дайны үеийн сонгууль. 2024 онд дэлхийн 60 гаруй улс сонгууль хийж байна. Харин манай улсын хувьд илүү хариуцлагатай, тусгаар тогтнол, ардчилсан парламентийн засаглалаа илүү бэхжүүлэх агуулгатай сонгууль болно. Мөн олон жил хуримтлагдсан баялгийн тэгш бус хувиарлалт, үүнээс болж баялаг нь хараал болж хувирсан, хэт цөөнхөд эд хөрөнгө, эрх мэдэл төвлөрсөн, үүнээс шалтгаалж ардчилсан үнэлэмж унасан байгааг шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэн засаж чадах уу? Үгүй юу? гэдэг сонголт болно.

 

 

Нам хоорондын сонгууль гэхээсээ илүү ард түмэн ялах уу? Бүлэглэл ялах уу? гэдэг сонголтын өмнө авч ирж байгаагаараа туйлын хариуцлагатай сонголт байх болно.

 

Ардчилсан Монгол Улсын иргэн та сонгуульдаа заавал оролцоорой. Залуучууд маань бас идэвхитэй оролцоорой. Ингэж байж таны дуу хоолой, таны эрх барих дээд хэлбэрт шударга ёсыг тогтоход нөлөөлөх юм шүү. " гэв. 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)