Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
- 2024-04-30
- Дэлхий
- 0
МАДРИД, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /DW/. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес эхнэр Бегонья Гомезынх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг үл харгалзан албан тушаалдаа үлдэхээр төлөвлөж байгаагаа даваа гарагт мэдэгджээ. Шүүх түүний эхнэрийг авлига болон бусад хэргээр шалгаж байгаа гэж мэдэгдсэнээс хойш таван хоногийн турш чимээгүй байсны эцэст тэрбээр дээрх мэдэгдлийг хийсэн байна.
П.Санчес телевизээр хэлсэн үгэндээ “Би Испанийн Засгийн газрын тэргүүний албыг үргэлжлүүлэн хашихаар шийдсэн” гэв. Мөн өөрийнх нь болон эхнэрийн эсрэг кампанит ажил явуулж байгаа нь ноцтой хэдий ч энэ нь хамгийн чухал зүйл биш юм гэж хэлсэн байна. Ерөнхий сайдын хэлснээр, олон нийтийн болон өөрийн намынх нь дэмжлэг түүнийг шийдвэрээ гаргахад тусалжээ. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт албан тушаалаасаа огцрох эсэхээ эргэцүүлнэ гэж гэнэт мэдэгдсэн юм. Испанийн социалист “PSOE” намын дарга тэрбээр товлосон бүх ажлаа цуцалж, ирэх даваа гарагт шийдвэрээ зарлана гэж мэдэгдээд байв.
П.Санчес яагаад огцрох талаар эргэцүүлэх болсон бэ?
Төрийн албан тушаал хашдаггүй Б.Гомезыг Манос Лимпиас /Цэвэр гар/ гэх хэт барууны байгууллагын хүсэлтийн дагуу авлигын хэргээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсний дараа П.Санчес албан тушаалаа үргэлжлүүлэн хаших эсэхээ эргэцүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тэрбээр эхнэрийнх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэнд сөрөг хүчнийг тэргүүлэгч барууны төвч үзэлт Ардын нам болон хэт барууны үзэлт Vox намтай улс төрийн холбоотой цахим мэдээллийн сайтуудыг буруутгажээ.
Испанийн Ерөнхий сайдын албыг 2018 оноос хойш хашиж байгаа 52 настай П.Санчес өнгөрсөн 11 дүгээр сард дахин томилогдсон юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мадрид болон бусад хотуудад олон мянган хүн П.Санчесыг албан тушаалдаа үлдэхийг дэмжиж жагссан байна. Жагсагчид “Санчес, үргэлжлүүл”, “Бүү бууж өг” гэх зэрэг бичигтэй уриа лоозон барьсан байжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)