Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ?

(2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй бүх нэр дэвшигчидэд хандах нь)

Монголчууд бид өнөөдөр 3.6 саяуулаа. 2033 онд 4 сая болно. Тэгэхэд бидний хэдэн хувь нь гадаадад амьдрах бол? Эдүгээ бидний хэд нь хөдөлмөр эрхэлж, хэд нь гадаадад байгаа бэ? Монголчууд бид яагаад ажил эрхлэх нь буураад, гадагшаа нүүх нь өсөөд, ихэнхи нь нутаг буцахгүй гээд буйн гол шалтгаан юу вэ, Монголчууд эх орондоо ажилтай орлоготой, чанартай амьдрахын тулд юу хийх шаардлагатай байна вэ?

Ажил эрхлэх нь буурсаар…

Эдүгээ Монголд хөдөлмөрийн буюу 15 ба түүнээс дээш насны 2.1 сая хүний 1.2 сая нь ажилллах хүч (58 хувь), 893 мянга нь ажиллах хүчнээс гадуурх (тэтгэвэрт, сурч буй ба бусад шалтгаанаар) хүн ам (42хувь)  байна. Ажиллах хүчний 91 хувь нь цалин орлоготой, харин 9 хувь нь орлогогүй, “учраа олохгүй (Д.Ж)” байна. Харин ажиллах хүчнээс гадуурх хүн амын 47 мянга нь (5.2 хувь) боломжит ажиллах хүч (цалин хөлс, орлого олох ажилгүй, сүүлийн 30 хоногт ажил идэвхтэй хайсан, эсвэл шууд ажил хийхэд бэлэн) байна.  (ҮСХ.2022).

Монголд өнөөдөр 104 мянган хүн ажилгүй, тэдний 67 мянга нь эрэгтэй, 38 мянга нь эмэгтэй, нийт ажилгүйчүүдийн 36 хувь нь дээд болон дээш боловсролтой байна. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 3.2 мянгаар өсчээ. Залуусын (15-24 насны) 19 мянга нь буюу 18 хувь нь ажилгүй байна. (ҮСХ.2022).

Ажиллах хүчний оролцооны түвшин (цалин хөлстэй хөдөлмөр эрхлэгчдийг ажиллах хүчинд харьцуулсан тоо) 2022 онд 58 хувьтай байна. Тэгвэл энэ хувь Эстонид 72, Сингапурт 70 байх юм. Манайд 2006 онд 65 хувьтай байжээ. Дээрх тайланд хөдөлмөрийн насны 2.1 сая хүнд өрхөөс гадуур амьдарч буй, мөн гадаадад суугаа иргэд, цэрэг, хоригдлын тоог оруулаагүй гэжээ.

Гадагшаа нүүх нь өссөөр…

Гадаадад 200 орчим мянган Монголчууд амьдарч байгаа гэж албаны хүмүүс хэлдэг. Харин ҮСХ-ны албан мэдээгээр 2024 оны байдлаар байгаа гадаад улсад 6 сар ба түүнээс дээш хугацаагаар оршин суугаа 141 мянган иргэд (76 мянга нь эмэгтэй, 65 мянга нь эрэгтэй) гэнэ. Монгол Улсын хүн амын 3 хувьтай тэнцэх нь “гадаадад шилжигч” болсны тал нь 32-оос дээш настай, дунджаар 7.2 жил гадаадад амьдарч буй, 10 хүн тутмын 3 нь БНСУ, 2 нь АНУ ба Японд, 5 нь бусад улсуудад амьдарч байна.  

ҮСХ-ноос 2023 онд БНСУ, АНУ, Япон, Казахстан, Чех, Австрали, БНХАУ, ХБНГУ, Швед, Франц, ОХУ, Турк, Австри, Швейцар, Их Британи болон бусад улсуудад зургаа болон түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа иргэдийн төлөөлөл болсон 1865 иргэний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тэдний 63 хувь нь эмэгтэй, 70 хувь нь дипломын болон дээш боловсролтой, 34 хувь нь ганцаараа, 40 хувь нь өрхийн 1-3 гишүүнтэйгээ хамт амьдардаг,  85 хувь нь оршин суух зөвшөөрөлтэй, 72 хувь нь ажил эрхэлж байгаа аж.  Тэдний 40 хувь нь нутаг буцах төлөвлөгөөгүй, 23 хувь нь оршин суугаа улсынхаа иргэн болох бодолтой гэж хариулжээ.

Яагаад гадагшаа явсаар байна вэ?

ҮСХ-ноос саяхан “Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаад хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө” гэсэн судалгааг гадаадад шилжигч гишүүнтэй Монгол Улсын өрхүүдээс мэдээлэл цуглуулан хийжээ.

Гадаадад шилжигчдийн 44 хувь нь эдийн засгийн, 36 хувь нь сурч боловсрох, 13 хувь нь гэр бүлийн гишүүдээ дагалдах зорилготой байжээ. 15-34 насны шилжигчидийн 80 хувь нь суралцах, харин 35 ба түүнээс дээш насныханы 80 хувь нь ажиллахаар, эсвэл гэр бүлээ даган шилжсэн байна.  Ажиллах болон дагалдан явагсдын 40 хувь нь Монголд байхдаа уг нь хөдөлмөр эрхэлж байжээ. Тэдний монголд үлдсэн өрхийн сарын дундаж орлого нь 1.5 сая төгрөг, түүний үндсэн эх үүсвэр нь тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, 10 өрх тутмын 4 нь хөдөлмөр эрхэлдэг хүнгүй байна. Энэ бол Монголд цалин хөлс бага, өрхийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгааг тодоор харуулж байна.

Тэгээд яах вэ?

Цалин бол тухай ажилтны тодорхой хугацаанд бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд ажил олгогчоос тогтмол төлж буй төлбөр. Цалин нь хөдөлмөрийн бүтээмжээс хамаардаг. Бусад бүх нөхцөл тогтмол гэж үзвэл, хөдөлмөрийн бүтээмж өндөр байна гэдэг нь илүү үнэ цэн бий болж, түүнийг дагаад цалин өсөхөд хүрдэг.

Хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх гол нөхцөл нь чөлөөт өрсөлдөөн. Чөлөөт өрсөлдөөн буюу чөлөөт зах зээл байж л бүх салбарт цалин хөлс өснө. Өрсөлдөөнд ялагдсан нь дампуурна. Гэхдээ  төрийн оролцоо эдийн засагт их байх тусам чөлөөт өрсөлдөөн хумигдана. Төртэй хувийн компани өрсөлдөх боломжгүй. Монголчууд очоод байгаа орон бүрт эдийн засаг дахь төрийн оролцоо нь бага байгаа. Төр бол үнэ цэнийг бүтээдэггүй, түүнийг татвараар дамжуулан хувиарладаг машин юм.

Байгалийн баялаг ихтэй, иргэдийн оролцоо, хяналт сул оронд төрийн оролцоо том байх хандлагатай байдаг. Манайх шиг эдийн засаг нь бүхлээрээ уул уурхайн олборлолтоос хамаардаг оронд энэ бүүр тод харагддаг.

ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨН БАЙХ ҮНДСЭН НӨХЦӨЛ НЬ ЧӨЛӨӨТ ҮНЭ. ЭРЧИМ ХҮЧ, ТҮЛШ БҮГД Л ӨРСӨЛДӨӨНД СУУРИЛСАН, ЧӨЛӨӨТЭЙ ХЭЛБЭЛЗДЭГ ҮНЭТЭЙ БАЙХ ЁСТОЙ. ТИЙМ БИШ БОЛ ТУХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ ХОВОРДОНО, ТАСРАНА ТЭГЭЭД БҮР АЛГА БОЛНО. УЧИР НЬ “ТӨРӨӨС ХЯНАДАГ ҮНЭ” НЬ ӨРТГӨӨСӨӨ ДООГУУР БОЛСООР ҮЙЛДВЭРЛЭГЧ НЬ ДАМПУУРДАГ. ТӨРИЙН ӨМЧИТ БҮХ КОМПАНИЙГ НИЙТИЙН, ХУВЬЦААТ БОЛГОХ ЦАГ БОЛСОН.

Монголд цалин бага буйн бас нэг шалтгаан бол татвар их байна. Олон зуун жил татвар төлөөд, зохих үйлчилгээгээ авдаг, төрөө хянаад сурчихсан барууны орнуудаас ч манай, гучин жилийн настай татвар өндөр байна. Бууруулахын тулд төр өөрөө цомхон байх, бүтээмж нь өндөр байх ёстой. Бүх татвараа хоёр дахин бууруулж, залуучуудыг зарим татвараас бүр чөлөөлөх шаардлагатай. Байгалийн баялгаас авсан татвараа хуримтлуулж яаралтай авсаархан хямд, орон сууц барьж түрээслүүлэн, иргэдээ модон жорлонгоос нь салгах цаг болоогүй гэж үү.

Банкны хүүг бууруулахын тулд МБ бодлогын хүүгээ тэглэх шаардлагатай.  Хадгаламжийн хүү буурах үндсэн нөхцөл нь иргэд банкинд биш, бонд хувьцаа зэрэг үнэт цаасанд хөрөнгө оруулсан нь ашигтай байх, тэгэхийн тулд хувьцаат компаниуд тэдэнд  итгэхүйцээр ажиллах хэрэгтэй. Ахиад л чөлөөт өрсөлдөөн, ил тод байдал үүнийг бүрдүүлнэ.

Төгрөгийн ханшны уналтыг зогсоохын тулд уул уурхайгаас олсон мөнгөөр шинэ салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх, ялангуяа мэдээлэл, технологийн салбарт, хиймэл оюун ухаан ашиглах бүтээгдэхүүн гаргахад залуусаа бэлдэх, бүтээгдэхүүнийг нь дэлхийн зах зээлд гаргаж цоо шинэ экспорт бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хөдөө аж ахуйн салбарт бол малчдыг баг буюу бэлчээр газраараа хоршихыг дэмжих, үнэ цэний хэлхээнд давших чиглэлд нь хөрөнгө оруулалтын зээл олгох, тоонд биш чанарт сууриласан урашмшуулал олгох хэрэгтэй байна.

Хамгийн хурдан, хамгийн том экспорт хийх бизнэс бол Буянт Ухаагийн хуучин онгоцны буудлыг ашиглан олон улсын нисэхийн академи, олон улсын онгоцны засварын газар, жижиг онгоцны нисгэгчийн курс зохион байгуулах гурван төсөл юм.

Энэ бүх ажлыг гадаадын хөрөнгө оруулалттай хамтран хийдэг. ГХО бол гаднаас орж ирж буй мөнгө, менежмэнт, ноу-хау. Мэдээж тэд санваартан биш, бизнес учир ашгийн төлөө орж ирнэ. Хятад шиг ГХО-ыг оруулж ирээд хамтарсан компани байгуулан бүх технологийг сураад үлдэх ухаан хэрэгтэй байна.

ҮСХ-ны тайланд гадаадаас буцаж ирэх төлөвлөөтэй иргэд “эрүүл тав тухтай орчныг бүрдүүлэх, агаарын  бохирдлыг  бууруулах,  эрүүл  мэнд,  боловсрол,  нийгмийн  үйлчилгээг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийг тогтвортой байлгах зэрэг амьдрах орчин, нөхцөл, нийгмийн үйлчилгээг сайжруулах асуудлыг шийдвэрлэхийг илүүтэй хүссэн байна”. Монголдоо байгаа бидэнд ч бас энэ бүхэн хэрэгтэй байна.

Эх орондоо элэг бүтэн, хамтдаа сайхан амьдрахын тулд наад зах нь дээрх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай, эс авбаас бүгдээрээ дүрвээд “хамгийн сүүлийн хүн гэрлээ ядаж унтраагаарай” гэдэг л болох байх даа.

Монголчууд бид улс орноо, өөрсдийгөө хөгжүүлж, төр засгаа авилгаас салгаж, чөлөөт зах зээлд суурилан сайхан амьдарч чадна шүү дээ.

Улаанбаатар хоТ

2024.04.26

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)