Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй гашуудлын цуваа шиг угсарчихдаг.

Яг түүн лүгээ, Монголын 21 аймаг, 330 гаруй суманд “улстөрч”-дийн цуваа тасрахаа больжээ. Яагаад гэхээр энэ жил УИХ-ын сонгууль болно. Түүнтэй холбоотой. УИХ-ын ээлжит сонгуультай. Тэр сонгууль нь ойртчихсон. Ердөө хоёр сарын дараа санал хураалт болно. Гэхдээ хэн, хаана нэр дэвшиж өрсөлдөх нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм. Нэр дэвшигчид тодроход сар арай хүрэхгүй хугацаа үлдсэн.

 

Тиймээс тэр цагийг хүлээж буй нэр дэвших горьдлого тээсэн “улстөрчид” тоймгүй олон болчихоод байгаа юм. Тэднийг горилогчид гэдэг. Горилогчид цагаан сар өнгөрөөгөөд л, цас ханзарснаас хойш л аймаг сум дамжаад хэрэлдэн давхилдаад эхэлсэн.

 

Учир нь намын дарга нар нь “..Судалгаа харж байж шийднэ” гээд хэлчихсэн. Тэгээд л нөгөөдүүл нь судалгаанд сурагтай болчих санаатай л ингэж тойрог “усалж”яваа юм, уг нь. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь нэр хүнд нэмэх, олох гэж, нэлээд нь танигдах зорилготой.

Уг нь ингэж сонгуулийн тойргийг томсгож, гишүүдийн тоог нэмэхдээ эрх баригчид “...Жалга довны үзлийг хална” гэсэн. Гэтэл горилогчид нь жалгаа дагаад, довоо даваад давхилдаж байх юм.  

 

Ядаж байхад том тойрог тэдний үйлийг үзэж байх шиг байна. Монгол Улс 13 тойрогтой болсон. Түүний долоо нь хөдөөх аймгуудад байна. Үлдсэн зургаад нь Улаанбаатарын есөн дүүрэг хуваагдаж байна. Горилогчид чихэлдээд давхилдаад байгаа хөдөөгийн тойргуудын тухайд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд Нэгдүгээр тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд Хоёрдугаар тойрог, Баян-Өлгий аймаг Гуравдугаар тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд Дөрөвдүгээр тойрог, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд Тавдугаар тойрог, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд Зургадугаар тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд Долдугаар тойрог болжээ. Мандат нь бас горилогчиддоо харьцуулбал хэдхэн байгаа юм. Нэгдүгээр тойрог ес, Хоёрдугаар тойрог 10, Гуравдугаар тойрог гурав, Дөрөвдүгээр тойрог найм, Тавдугаар тойрог 10, Зургадугаар тойрог долоо, Долдугаар тойрогт долоон мандаттай. За тэгээд энэ хэдхэн мандатны төлөө л хэдэн зуун хүн өрсөлдөж байна шүү дээ.

 

Гэвч ингэж тойрог “усалж” яваа горилогчдын “гороо” хөдөөгийнхнийг залхаагаад эхэлжээ.

Уг нь хавар цаг. Хөдөөгийнхний ажил буцалдаг улирал. Хамгийн хүнд ажилтай үе. Мал төллөнө. Ямаагаа самнана. Хэдийгээр энэ нь зөвхөн малчдын ажил гэж харагддаг ч хаврын цагт аймаг сумдын амьдрал эдгээртэй шууд уягддаг. Ингэдгийг бүгд мэднэ.

Хамгийн гол нь дөрвөн жил, түүнээс ч өмнө сураггүй байсан хүмүүс гэнэт гарч ирээд л “...Нутаг минь ус минь”, “...Аймаг минь сум минь”, “...Аавын минь ээжийн минь нутаг” гээд гүйлдээд байна. “...Энэ нь жаахан алиа харагддаг” гэж ярьж байна.

 

Дээрээс нь юу ярьж халааж байгааг нь унших, үзэх, сонсох бүр хэцүү. Эгээ л өчигдөрхөн төрж, өнөөдөрхөн тэнгэрээс бууж ирсэн юм шиг улсаа, аймгаа, сумаа гайхаж шогширч ирээд л “...Хөгжөөгүй байна”, “...Хоцрогджээ” гэлцэнэ. Бас л марзан шүү. Тэгээд цаашаа бүр баллана. Нөгөө л 32 жилийн өмнө, түүнээс хойшх хэдэн сонгуульд хэрэглэгдээд эл дол болчихсон нөгөө л аргаар, амлалт өгөөд л давхичихна. Амлалтуудыг бол ярих ч юм биш. Эцэстээ, мань горилогчид ч өдөр шөнөгүй аймаг, сум хэсэж давхисаар аль аймаг, ямар суманд юу ярьснаа, ярьж байгаагаа ч ялгахаа больж байх шиг байна. Ер нь бол ингэж ажлыг нь алдуулж, цагийг нь үрсний үр дүн гэж алга. Ингэж л ярьж байна, хөдөөгүүр. Дэмжих биш зэмлэх хүн олон болжээ.

Ер нь бол дээр хэлсэнчлэн горилогчид өдөр шөнөгүй гороолж, соёлын төв, улаан буланд нь урьж залаад салахаа байсан нь тэдэнд түвэг болоод эхэлжээ. Аргагүй л дээ, горилогчдын нэг нь хөдлөхөд, нөгөө нь бууж буй дүр зурагтай сүүлийн саруудыг өнгөрөөж байгаа юм чинь. Тэр байтугай “...Сонгууль гэхээр огихоор болж байх шиг байна, залхлаа” гэж байхыг сонслоо. Залхаасан учраас 2024 оны зургадугаар сарын 28-нд “...Саналаа өгөхгүй” гэх хүмүүс ч олширч мэдэхээр болж шүү.''

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)