Хэрвээ, хуучнаараа байсан бол...?

ХЭРВЭЭ, ХУУЧНААРАА БАЙСАН БОЛ...?

-фельетон-

Нэг. Хэрвээ...

Хэрвээ хуучнаараа байсан бол ? Өнөөдөр Майн баяр. Дэлхийн хөдөлмөрчид гэдэгтэй эв санаагаа нэгтгэх ёстой өдөр. Харин тэр дэлхийн хөдөлмөрчид гэдэг нь хаана байгаа, чиний дэмжлэгийг мэдэж байгаа эсэх нь ёстой гуч, дөчдүгээр асуудал. 

   Хөдөлмөрчин гэснээс, чи иргэн, эрх чөлөөт хувь хүн бус социализмын төлөө хөдөлмөрлөх үүрэг хүлээсэн биомеханизм гэсэн үг. Насанд хүрсэн бүх хүнийг “нийгмийн туст хөдөлмөр” гэдэгт заавал оролцох ёстой гэж үзээд ажил хөдөлмөр эрхлээгүй бол шийтгэхээс гадна, албадан хөдөлмөрлөх лагерьт явуулдаг байсан. Одоо хүнийг иргэн гэх болсон нь аугаа том дэвшил.

     Таван сарын нэгэнд бүх нийтээр амарна. Гэхдээ чамайг амраах гэсэн юм биш. Чи баярын жагсаалд очиж, баярлах үүрэгтэйгээр ажлаас чөлөөлөгдөнө. Баярлахаар ирснээ бүртгүүлнэ. Жагсаалаас чөлөө авах нь ажлаас чөлөө авахаас хэцүү. Тасалбал, цалин хасаад өнгөрвөл аз дайрна гэсэн үг. Хамгийн гол нь улс төрийн талаар найдваргүй, үзэл суртлын ажлаас хойш суудаг гэсэн жагсаалтад орно. Энэ нь таныг ажлаас халахаас эхлээд шоронд хийх хангалттай шалтгаан. Өнөөдөр хойд хөршид ерөнхийлөгчөө шүүмжилсэн, дайныг буруушаасан, энхтайвны уриа хэлсэн хүн яаж байна. Тийм л хувь заяа хүлээнэ. 

    Та Майн нэгний баярын жагсаалд очиж баярлан жагсах үүрэг хүлээнэ. Төр засаг баярлан хөөрөхийг тушааж байхад зөрчих эрх хэнд ч үгүй. Ер нь сэтгэл дундуур байхыг хориглодог гээд ойлгоход болно. 

    Баярын жагсаалаас хэдэн цагийн өмнө очиж байраа эзлэсэн байх ёстой. Хөдөлмөрчид 2 цагийн өмнө очих ёстой. Харин албан тушаалын эрэмбээр МАН-ын төв болон хотын хороо, төрийн яамд тусгай газрын ажилтнууд нэг цагийн өмнө очно. Тэд бол хөдөлмөрчин биш ажилтан. Ажилтан учраас туг, лоозон барьж алхахгүй. Харин баярлаж байгаа хөдөлмөрчдийг хоёр, гуравдугаар зэргийн индрээс харна. Тэр индэр нь Сүхбаатарын талбайн өмнөд хэсэг болон жагсаал явж өнгөрөх замын хажуу талын зурвас даган оршино. Ингээд хөдөлмөрчдийг баярлаж байгаа явдалд баяр хүргэсхийн зогсоно. 

Хоёр. Хуучнаараа байсан бол...

Ингээд өнөөдөр болбол болох л байсан Майн баярыг хамтдаа төсөөлцгөөе?

   Төв жагсаалыг орон даяар шууд дамжуулна. Сүхбаатарын талбайд төдийгүй бүх аймаг сумын төвд яг ийм мини жагсаал болно. Телевиз радиогийнхан онцгой идэвхтэй, сэрэмжтэй ажиллана. Энэ үед үзэл суртлын алдаа гаргасанд орвол эрүүгийн хөнгөвтөр хэрэг үйлдсэн нь хавьгүй хөнгөн тусна. Техникийн доголдол гарч нэвтрүүлэг тасалдах, дүрс унах явдал гарал үзэл суртлын алдаанд тооцогдоно. 

    Талбайн баруун талын барилгын голд У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын нарын том хөрөг голлоод, УИХ-ын 76 гишүүний зураг хүндтэйгээр байрласан байна. Соёлын төв өргөөний үүдэнд Путин даргын том зураг намирна. Доогуур нь “нэг удирдагч-хоёр улс”, оросоор бол “Один дарга-Два государсва” гэх маягийн лоозон намирна. Хэрвээ хуучнаараа байх юм бол Хятадтай харилцаа муу байх тул Ши даргын зураг харагдахгүй. 

  Мөн удахгүй болох “УИХ-ын сонгуулийг хөдөлмөрийн өндөр амжилтаар угтъя” гэсэн лоозон харагдана. Гайхах хэрэггүй. Танд зөвхөн сонгуулийг хөдөлмөрийн амжилтаар угтаж, магтуулах л боломж байгаа. Учир нь сонгууль нэг мандаттай, нэг нэр дэвшигчтэй болно. Хэн сонгогдохыг та нар биш индэрт голлон зогсох гурав мэднэ.

  Ордны өмнүүр У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын том зургийг барьсан жагсаал эхлэхэд, Бунхант индэр дээр хамгийн голд нь зургийн жинхэнэ эзэд эрхэмсэгээр зогсоно. Эргэн тойронд нь УИХ, Засгийн газрын гишүүд ирийнэ. Голд нь ЕӨК-ийн хажууд ОХУ-ын Элчин сайд ивээнгүй харж зогсоно. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарч ирээд

-Нөхдөө, офицер генерал, фельмаршал нар аа...” гэтэл нарийн бичиг нь “Даргаа манайд Фельдмаршал байхгүйш дээ” хэмээн шивнэх. Цаадах нь “За сүртэйш дээ, орой нэгэнд нь өгчихнө, Цэргийн ерөнхийн андуудаас фельдмаршал болгочихмоор бие хаатай хүн олоодох” гэснээ яриагаа залруулж, “...фельдмаршал болох гэж буй нөхдөө” хэмээн үргэлжлүүлнэ.

Ерөнхийлөгч илтгэлийнхээ төгсгөлд,

-Нэг тэрбум мод мандтугай... ураа” гэхэд гэхэд хүмүүс “ура... аа... аа, аа” хэмээн тасралтгүй хашгирна. Олигтой уриалах шинжгүй бол уриалсан бичлэг чангаар цацна. Жагсагчид “Даян дэлхийд тэрбум мод мандтугай”, “1.000.000.000” гэсэн бичгээрээ хөөрөн даллана. 

    Аа тийм. Бүх уриа оросоор бас байх учиртай тул “Один миллиард дрова” гэхчлэнгийн лоозон харагдаад өнгөрөх байх. Цаана нь сурагчдын найрал дуулсан, орос ардын “Миллиарды, миллиардый алых модод...” гэдэг дуу эгшиглэнэ.

   Энэ завсарт хөтлөгч, нам төрөөс гаргасан “Бүхнийг моддын төлөө” , “Ширхэг мод шижир алт” зэрэг зарчмын лоозонгийн талаар ярина. Саяхан төр засгийн “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын модоч, мод бүрийн мөчрийг нүдлэн хамгаалагч байх ёстой”, “Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй нандигнан хайрлаж байх зүйл маань нэгдүгээрт мод, хоёрдугаарт “тэрбум мод” хөтөлбөр байх ёстой” гэсэн лоозонг давхардсан тоогоор тэрбум хүүхэд цээжилсэн сайхан амжилт дурьдагдана. 

   Их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад “Хүн бүр...”, “Каждый сызмалство”, “Ээвэри вань...” зэрэг лоозонг гурван хэлээр орох болсныг бас зарлана. 

    Сурагчдын дунд зарласан “Нэг тэрбум мод зурах” уралдааны дүн гарч, түрүүлсэн сурагчид Крымд амрах болсныг бас мэдээлнэ.

    Ерөнхийлөгчийн дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар гарч ирнэ. Энэ зуур зурагтын дэлгэцнээ, Оросын гуравдугаар барилга трестийн монгол ажилчдын барьсан “Даздравствуйет товарищ Сандаловый Шахматы” гэсэн лоозон тодоор намирахыг крупны плаанаар харуулна. Тэд орос хэлээр, хоороороо “сандаал сандаал.. шаах.. шаах... мать! мать!” хэмээн түрхрүүлэх нь хоррор лүгээн адил. 

  СандалШахмат дарга хэлэх үгээ бичсэн цаасаа гаргаад иртэл, хүүхдийнх нь гар буу зурсан хуудас байх. Уурссан спикэр “Бсдаа чинь” хэмээн хүнгэнүүлэхэд жагсагчид “Ураа бсдаа...бсдаа, ураа” хэмээн сүрлэгээр түрэх ажгуу.

   Одоо ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнийн ээлж болно. Зурагтаар түүний доогуур “Ерөнхий сайд нөхөр Л.Оюун-Эрдэнэ”, “Генеральный министр, тов Л.Оюун-Ердене” гэсэн хоёр хэлний титр гүйнэ. 

Ерөнхий сайд дэлгэц голлон гарч ирээд,

-Нөхөд өө, Засгийн газрын 20:50 хөтөлбөр мандтугай!

   Хот даяараа ура хашгирна. Гэвч хөдөлмөрчдийн уухай бусдаасаа хамаагүй найруулгатай байна. Жишээлэхэд, Цагдан сэргийлэхийн ажилтнууд гаваараа даллан “Хорь, хорь, хорь...” гэдэг хэсгийг нь хоороороо нижигнүүлж байхад, Жудогийн сээктийн тамирчид нударга зангидан “Тавь, тавь, тавь... ”хэмээн хүчирхэгээр түрэхийг харваас энэ хэсгийг Хийроо Баатар найруулсан нь мэдэгдэнэ.

Радиогийн нэвтрүүлэгч,

-Монгол улсын иргэд засгийн газраа нягтаар тойрон хүрээлж, орон даяар “20:50-их” хөдөлгөөн өрнөж байгааг ярилаа. Нэвтрүүлгийн дундуур Намын төв хорооны дэргэдэх Залуучуудын эвлэлээс санаачлан “Нам төрийн 20:50 хөтөлбөр”-ийг дэмжих “Хорь тавигчдын хөдөлгөөн” байгуулсныг мэдээлнэ. Эвлэлийн энэ уриалгыг орон даяар дэмжиж байгаа бөгөөд улсын тэргүүний тавиаланч(тариаланч байх аа???) Анжиссүрэн энэ ажилд үлгэрлэн “нэг удаагийн оролдлогоор 21 тавьсан” амжилтаар   Майн баяраа угтсан нь дурьдагдана. 

Жирийн иргэд ч олноороо шууд нэвтрүүлгийн эфирт “зохион байгуулалттайгаар-санаандгүй мэтээр” холбогдох ажгуу.

Хөтлөгч,

- Сангийн аж ахуйн гачигаар, тавдугаар таван жилийн гавшгайч Найрамдалсүх студид холбогдлоо. Манай яруу алдарт ажилчин ангийн төлөөлөгч Найрамдалсүх энэ таван жилд багтаан 15 жил түлэх нүүрс галдаж социалист уралдаанд хошуучилсан сайхан амжилтаар майн баяраа угтсан билээ. Одоо микрофоноо нөхөр Найрамдалсүхэд шилжүүлнээ.

-Миний бие намтөрийн тэрбум мод тарих уриалгыг халуунаар дэмжиж “500 улиасыг пенициллинээр, 200 гацуурыг стрептомицинээр тус тус тарилаа... Манай гэргий, Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн Түүхтоймаа бид хоёр Сайд нарын зөвлөлөөс гаргасан “Хорь тавь” хөтөлбөрийг дэмжин, оны эхний нэг сард багтаан, сумын нарийн бичгийн даргыг байлцуулан хорь тавьсан амжилтаар Майн баяраа угтлаа. Бид цаашид хамт олныхоо дэмжлэгээр “долоо хоногт хорь тавих”-аар социалист уралдааны үүрэг авч байна”... Болтугай, болтугай, базарваань хумпад!!!

      Радио, зурагтаар ноднингийн Майн баяраас одооны Майн баярын хооронд ард түмний аж амьдрал тасралтгүй дээшилсний жишээ болгон “Намын эсрэг Элбэгдоржийн бүлэг” болон “Германы тагнуул, ревизионист Курцийн хорлон сүйтгэх ажиллагааг” илрүүлсэн тухай дахин ярина. 

   Нэвтрүүлгийн дундуур тэргүүний малчин Ишноохын “Эсэргүү Элбэгдоржийг Баянхонгор аймгийн бүтээлч хөдөлмөрчдийн дунд тэмээ маллуулан хүмүүжүүлэх аваас хөдөөгийн иргэдийн амжиргааны түвшин илт сайжрах тухай” санал хэд хэд дурьдагдлаа.

  Жагсагчдын дунд “Ревизионист Курцыг баривчлах гээд сэрээтэл,

-Улаанбаатарыг бөмбөгдөх цаг болчихсон уу” гэж асуусан гэнэ хэмээх цуу тэнүүчилнэ. 

    Ингээд жагсаал тарна. Уг нь амралтын өдрөөр дэлгүүр хоршоо орж, ядаж мах гарч байвал оочорломоор байвч бүх нийтийн амралын өдөр учир хаалттай байна. Өө тийм, жагсаал тарахад бас бүртгүүлнэ. Учир нь чамайг үзэл суртлын чухал арга хэмжээг дундаас нь орхиод явахаас сэргийлж байгаа юм.

   Ингээд чи бөөн баяр харина. Үзэл суртлын чухал арга хэмжээнд ямар нэг алдаа эндэгдэлгүй оролцож, ямар ч шийтгэлгүй салсандаа тэр. Тэгэхээр таван сарын нэгэн бол үнэхээр л бүх нийтийн баяр байсан байгаа биз дээ?

   Зөвхөн жагсагчид ч баярласан юм биш. Бүрзгэр царайтай хэдэн юм жагсаалыг тэвчээр гарган дуусгаад царай нь гэрэлтэн ресторан рүү гүйлээ. Нам, засгаас “Элбэгдоржийн толгойлсон намын эсрэг бүлгийн алдаа завхралыг засах” хүрээнд, “Элбэгдоржийн үед эрүүлжигдэн хэлмэгдсэн иргэдийг цагаатгах, шарыг нь нөхөн тайлах” арга хэмжээнд эдгээр нөхөд хамрагдах ажгуу. Тэд рестораны менежэрт “хэрхэн, цоо эрүүл байхад нь Элбэгдоржийн заавраар эрүүлжүүлэхэд хонуулсан ба өглөө шарыг нь тайлалгүй хүнлэг бус хандсан” талаархи жиргээ, лайваа шалгуулаад нэг, нэг лааз пиво үнэгүй уулаа.

    Шар нь тайлагдаж царай гэрэлтэж байсан тэднийг баяр хөөрийг хийсгэсэн явдал гарав. Яасан гэхээр, нэг зальжин байрын бүрзгэр “Элбэгдорж хэрхэн Зоригийг хутгалж байхыг бодсноо лайвдсан” бичлэг үзүүлээд бүтэн шил конъяк авах нь тэр. Хорвоо чи, хүний зовлонд цадах болоогүй юу? 

-Сайхан цаг байсаан. Энэ үгийг өнөөдөр хаа сайгүй сонсож, нэгэнт алдагдсан аз жаргалаа санагалзан гиюүрэхийг харж болно. Тиймээ, “сайхан” цаг байсан. Түүнийг хамтдаа эргэн дурсаж, төсөөлөхөд иймэрхүү.

                                                                                                                                                                                                                                                               2024.05.01

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Dd (127.0.0.1)

    2024-05-02

    Hudelmerchin baihgui uchraas hudelmeriin hamtiin olnii jagsaal bolohgui Harin namuud songuulid oroltsoh butgeliin erenbeereee demjigchidiin hamtiin jagsana Shine namiinhan Batzandangiin tom hergiig barij jagsan yavah bolov has Zandan jijig huh dartsag bariad Lu-tai sugadaltsan alhaj yvaa haragdana Ter havias Malchdiin zeeliig teglie Uvel Mari uralddag bolyo g.m. Ugtei lozun ch uzegdeed ungerne

  • Атаач (127.0.0.1)

    2024-05-02

    Цэнддоо Элбэгдоржийгоо өмгөөлж бгаа ухаантай Юмуу даа Таарсан таар шуудай 2