Том хулгайнуудыг онгичсон Т.Сүхболдыг “томчууд” л оролдоод байна даа

Олон нийтийн зүгээс ЦЕГ-ын даргад ингэтлээ анхаарч байсныг мэдэхгүй юм. Томилогдоод л ирдэг. Чөлөөлөгдөөд л явдаг. Харин Т.Сүхболд дээр хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүн арай өөр “ажиллагаа” хэрэгжүүлээд байгаа бололтой. Ер нь бол сүүлийн үед ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг хаа нэгтээгээс ингэж ихэд анхаараад байх шиг болсон. Сүүлийн үед ч гэж, ерөөсөө л түүнийг энэ албан тушаалд томилогдохоос эхлээд иймэрхүү хандлага үзэгдсэн.

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болдын өргөдлийг Засгийн газар хүлээж авч чөлөөлснөөс хойш л дараагийн даргын нэр яригдсан юм. Ж.Болдыг 2023 оны есдүгээр сарын 1-нд чөлөөлсөн. Харин Т.Сүхболдыг 2023 оны есдүгээр сарын 6-нд томилсон. Ингээд л тэр өдрөөсөө мэрүүлээд эхэлсэн байдаг.

Томилгоо хийгдсэн Засгийн газрын хуралдааны дараа л “Т.Сүхболд яагаад ЦЕГ-ын дарга болчихов” гэж энд тэнд бичигдээд эхэлсэн. Тухайн үед “Ингэх нь аргагүй дээ” гэж үзэхээр байв. Учир нь энэ Ж.Болд чөлөөлөгдөөд, Т.Сүхболд томилогдох хүртэлх тав хоногт ЦЕГ-ын даргад одоогийн УИХ-д горилогчид шиг л олуулаа өрсөлдсөн.

Хашир туршлагатай, хэдийнэ танигдчихсан генерал, хурандаа нар зүтгэж байв. Тэгж тэгж тэр дунд нэр нь бараг яригдаагүй Т.Сүхболд гарч ирээд томилогдчихсон.

Ингэж томилогдоход нь нутаг ус гээд янз бүрээр яриад эхэлсэн, Хэнтийнх гэсэн. Тэгтэл Т.Сүхболд Улаанбаатарын унаган хүүхэд, үндсэн захиргаа нь Сонгинохайрхан дүүрэг юм байна. Тэрээр Цагдаагийн академийг эрх зүйч, СЭЗИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Анх 1998 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж эхэлсэн. 2001 оныг хүртэл цагдаагаар ажиллаад Цагдаагийн академид элсэж суралцсан. 2005 онд төгсөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт томилогдсон. Тэндээ хэсгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажилласан. 2013-2016 онд ЭЦГ-ын III хэлтэст ахлах төлөөлөгч, 2016-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга, 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 2020 оны нэгдүгээр сард ЭЦА-ны Дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, 2020 оны долдугаар сараас ЭЦА-ны даргаар ажиллаж байгаад ЦЕГ-ын даргаар томилогдсон.

Тэгээд бас Цагдаагийн албаны тухай хуулийн 20.1-т “Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-иос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө” гээд заачихсан. Үүнд нь бас нийцдэг. Гэтэл хэдэн жилийн өмнө цагдаад огт ажиллаж байгаагүй генералыг ЦЕГ-ын даргаар томилж байсан түүх байдаг.

Ингэхээр Т.Сүхболд мэргэжил, туршлага сэлтээрээ мэрүүлээд байх хүн биш харагдаад байгаа юм.

Сая бас арваад хоногийн өмнө Генералуудын өдөр тохиолоо. Энэ цол анх Франц улсад XVI зуунд бий болсон. Монгол Улсад анх генерал цол олгосны 80 жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 28-нд 11 хүнд олгож байжээ. Ингэхдээ эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж байжээ. Тэр үедээ генерал цолыг Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны хүсэлтээр Засгийн газрын тогтоолоор цэргийн дээд тушаалын дарга нарт олгохоор журамласан байдаг байна. Монгол хэлний тайлбар тольд генерал цолыг “цэргийн даргын эрхэм дээд дэс” хэмээн тодорхойлсон. Ийм түүхтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээв. Тэгсэн бас мэрж л байна. “Шагнууллаа” гэж байх юм. Гэтэл ЦЕГ-ын дарга гэдэг бол Дотоодын цэргийн командлагч, генерал цолтой албан тушаал аж. Тэгж ч явж иржээ.

Энд цагдаагийн байгууллагын бүтэн түүх, бүх генералыг ярихад хэцүү. Дэндүү урт болно. Товчлоход, Монголын цагдаагийн хамгийн анхны генерал нь 1971 онд НАХЯ-*ны нэгдүгээр орлогч сайд, Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын даргаар ажилласан, хошууч генерал С.Бүдрагчаа аж. Араас нь А.Думбурай 1978 оны дөрөвдүгээр сард Улсын Цагдан сэргийлэх газрын орлогч даргаар томилогдоод хошууч генерал цол хүртэж байжээ. Улсыг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч, Улсын Цагдан сэргийлэх газрын нэгдүгээр орлогч, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажилласан С.Дамдинсүрэнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 166 дугаар тогтоолоор хошууч генерал цол олгож байв. Мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 226 дугаар тогтоолоор Улсын Цагдан сэргийлэх Ерөнхий газрын орлогч бөгөөд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын дарга О.Отгонжаргалд 1979 онд хошууч генерал цол хүртээж байв.

Түүнчлэн хошууч генерал Б.Пүрэв Монголын нийгмийн шилжилтийн үед энэ байгууллагыг удирдсанаараа тод яригддаг. Тэрээр 1990 оны дөрөвдүгээр сард ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагчаар томилогдоод хошууч генерал цолоо хүртэж байжээ. Одоогийн ЦЕГ-ын тухайд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 95 дугаар зарлигаар НАХЯ-ыг татан буулгаж, Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газар, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар гэсэн хоёр тусдаа чиг үүрэгтэй, байгууллага бий болгосон. Улмаар Сайд нарын Зөвлөлийн 1990 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн “Цагдан сэргийлэх байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” 192 дугаар тогтоолыг гаргаж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шууд удирдлага дор, бие даасан Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрыг зохион байгуулсан. Энэ бүтцээрээ Засгийн газрын үндсэн бүтцийн төрийн захиргааны төв байгууллага болж 1996 оны долдугаар сарыг хүртэл явсан байгаа юм. Харин 1996 онд Цагдаагийн байгууллагын тухай хуульд орсон өөрчлөлтөөр “Цагдаагийн төв байгууллага” болж улмаар Хууль зүйн сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарч Засгийн газрын тохируулагч агентлагийн статустайгаар ажиллаж эхэлсэн байна.

Тэр цагаас хойш 1996-1998 онд хошууч генерал Ч.Амарболд, 1998-1999 онд цагдаагийн хурандаа Д.Мөрөн, 1999-2001 онд хошууч генерал Ч.Амарболд, 2001-2006 онд хошууч генерал Д.Сандаг-Очир, 2006-2007 онд хошууч генерал М.Ганболд, 2008 онд хошууч генерал Ч.Амарболд, 2008-2012 онд хошууч генерал Д.Сандаг-Очир, 2012-2014 онд бригадын генерал Б.Билэгт, 2014-2016 онд бригадын генерал Р.Чингис, 2016-2017 онд цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, 2017-2020 онд бригадын генерал С.Баатаржав, 2020-2023 онд хошууч генерал Ж.Болд, 2023 оноос хойш бригадын генерал Т.Сүхболд нарын ЦЕГ-ын дарга нар байгаа юм.

Түүнчлэн Т.Сүхболд сүүлийн арав гаруй жилд ЭЦА-нд эдийн засгийн гэмт хэрэг дээр ажиллаж ирсэн. Тэрээр Энэ хугацаанд, ялангуяа сүүлийн хэдэн жилд эдийн засгийн гэмт хэргүүд ээлж дараалан ил болсон. Олон жилийн туршид оршин тогтнож ирсэн авлига, албан тушаалын оролцоотой, татвар нуух, мөнгө угаах зэргээс үүдэлтэй хууль бус, хяналтгүй мөнгөний урсгалууд илэрсэн.

Томоохноос нь дурдахад, арваад жилийн өмнөх МИАТ-ийн хэрэг, “Эрдэнэт ба Жаст”-ын хэрэг, Халамжийн дарга Д.Баярсайханы хэрэг, “Ричфилд” зочид бууудлын хэрэг, түүнээс хойшх Цагаан эргийн хэрэг, 800 хятадын хэрэг, Салхитын мөнгөний ордын хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн хэрэг, Төмөр замын хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, Боловсролын зээлийн сангийн хэрэг, Нүүрсний хэрэг, одоо яригдаад байгаа С.Зоригийн хэрэгтэй холбоотой хэргүүдийг илрүүлэхэд Т.Сүхболд оролцож, удирдаж ирсэн байдаг.

Тухайлбал,

-МИАТ-ийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий хүмүүс зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэг бий. МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, дэд захирал асан Ч.Хоролсүрэн нар болон “Монголиан Эйрланс” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Суурьтогтох нар “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө угаасан нь шүүхээр нотлогдож ял шийтгүүлсэн. Энэ хүмүүс 2007-2009 оныг хүртэл 9.1 тэрбум төгрөгийг Дайны эрсдэлийн сан нэрээр зувчуулсан. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд Голомт банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон. Улсын дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгон бууруулсан байдаг.

-“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний буюу 104 сая ам.доллар залилж, дээрх үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэн болохыг ЭЦГ-ынхан тогтоосон.

Гэсэн ч удалгүй “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас уг хохирлыг төлж, дараа нь Засгийн газраас Ш.Батхүүгийн дээрх хохирлыг төлж болох 98 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийн жагсаалтыг ил болгож байв. Улмаар хоёр жилийн өмнө өнгөрсөн жилийн дундуур Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэгдсэн.

-Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Цагаан эргийн гянтболдын орд газар нь 2000 оны үеэс иргэдийн хууль бус олборлолтын улмаас хөндөгдөж, байгалийн унаган төрх нь ихээхэн алдагдсан байсан. 2014-2015 онд нэр бүхий компанийн гүйцэтгэсэн экологи, эдийн засгийн судалгаагаар нийт хохирлын хэмжээ нь 1014876,323 мянган төгрөг, хууль бус олборлолтод өртсөн талбай 11.75 га гэж тогтоогдсон байдаг. Улмаар түүнийг цэгцлэх, байгаль орчинд учирсан хохирлыг арилгах нэрээр аймгийн ИТХ-аас 2014, 2015 онд “хөндөгдсөн газрыг нөхөн сэргээх” журам гаргасан /аймгийн ИТХ-ын 82, 60 дугаар тогтоолоор батлагдсан журмууд/. Уг журмууд нь хууль бус олон зөрчил агуулсан байсан бөгөөд түүн дээр дөрөөлөн нэр бүхий компаниуд, холбогдол бүхий этгээдүүд мөн хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч, эрүүгийн хэрэг үүсгэсэн.

-Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг халамжийн мөнгөнөөс завшсан байж болзошгүй хэрэгт холбогдсон. Д.Баярсайханыг албан тушаалаа урвуулан 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэргийн мөрдөн байцаалтыг төв, орон нутгийн 100 орчим мөрдөн байцаагч оролцож явуулсан, тухайн үедээ дуулиан дагуулсан томоохон хэрэг ил болж байсан юм.

-БНСУ-д хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жи Мань гэгч дээрэм тонуул, мөрийтэй тоглоомын газраас олсон хууль бус мөнгөө Монгол Улсад оруулж ирэн мөнгө угааж байсныг ЭЦГ-ынхан тогтоож байв. Дээрх этгээд нь БНСУ-д мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, 4.5 сая ам.доллар олсон хэмээн шүүхээр шийтгүүлсэн байдаг. Ингэж хууль бусаар олсон мөнгөө манай улс руу илгээж, Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн гэгч нь хүлээн авдаг байжээ. Тэр мөнгөөр Баянбүрдийн тойргийн ойролцоо “Ричфилд” хэмээх зочид буудал бариулж, түүнийгээ Монгол Улсын иргэнд худалдсан. “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн нь зочид буудал худалдсан мөнгө болох 11 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг Ан Жи Мань руу шилжүүлсэн. Тиймээс Ли Жэй Гүн нарыг Эрүүгийн хуулийн 166.1 буюу мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, “Ричфилд” зочид буудлыг битүүмжилж байв.

-Цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан үйл явдал 2019 онд болсон. Уг хэрэгтэй холбогдуулан Хятадын 14, Монголын гурван иргэнийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Улмаар Лью Тин Хуа нарын 15 хүнийг цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.

-Салхитын мөнгөний ордыг булаацалдсан Хятадын иргэд Монгол Улсын шүүх, хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг авлигадах замаар гартаа оруулж, манай улсын баялгийг хэрхэн эзэмшихээр санаархсан ноцтой хэрэг бий. 2016 онд Хятад улсын иргэн Янь болон Ван нар их хэмжээний мөнгөний нөөц тогтоогдсон Салхитын мөнгөний ордыг булаацалдан их хэмжээний хахуулийн мөнгийг Монгол Улсын шүүгч нарт өгч байгаа тухай мэдээллийг ЭЦА-ныхан авч, хууль бус үйлдлийг баримтжуулан мөрдсөөр илрүүлжээ. Янь гэгч нь уг маргааныг өөрт ашигтай байдлаар шийдүүлэхээр төлөөний хүмүүсээрээ дамжуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргуулсан бол Ван нь Монгол Улсын иргэн М, Ж, Г нартай үгсэн тохиролцож, уг орд газрын эзэмшлийг бүхэлд нь өөрийн талд авахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан байна. Үүний цаана өндөр зохион байгуулагдсан баг нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байсан нь шалгах явцад илэрсэн. Монгол Улсын иргэн М, Ж, Г нар нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц гэгчтэй үеэлүүд, мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Х нартай хамаарал бүхий найзууд байсан учир шүүхээс ашигтай шийдвэр гаргуулна гэж тооцоолсон байсан зэрэг ноцтой асуудлууд энэ хэргийн ард яригддаг. Хэрэгт холбогдсон шүүгч нарт ял оноож, авлигын хэрэгт хураагдсан 1.4 сая ам.долларыг улсын орлого болгож байв.

Дээрх хэргүүд тухайн үедээ дуулиан шуугиан ихээхэн тарьсан. Гэвч өнөөдөр мартагдсан байна. Эдгээр хэргийн хувь заяаны тухайд шүүх дээр очоод янз бүрээр шийдэгдэж дууссан байдаг.

Өнөөдөр ид яригдаж байгаа, та бидний мартаагүй Хөгжлийн банкны хэрэг, Боловсролын зээлийн сангийн хэрэг, койны хэрэг, төмөр замын хэрэг зэргийг дурдаж болно.

Бас Т.Сүхболдыг “Эрдэнэт”-ийн 49 хувийн схемийг гаргасан гол хүн гэдэг юм билээ. Нэр бүхий компанийнхан төрөөс 400 сая гаруй ам.доллар босгоод, түүгээрээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаад авчихсан. Ингэхдээ дөрвөн эх үүсвэрийг ашигласан. Сангийн яамнаас 183.6 тэрбум төгрөгийн вексель бичих замаар “К” ХХК-д шилжүүлсэн. Монголбанкнаас 200 тэрбум төгрөгийг “К” компани руу шилжүүлж, өрийн бичиг гаргасан байна. Хөгжлийн банкнаас 122.6 сая ам.долларыг “К” компани болон Х үйлдвэр рүү шилжүүлсэн. Нэр бүхий арилжааны банкнаас 90.3 сая ам.долларын эх үүсвэрийг хамаарал бүхий дөрвөн компани руу шилжүүлсэн. Ингэж дээрх мөнгө бүтсэн байдаг.

С.Зоригийн хэргийн хамгийн сүүлд 2021 оны эхээр байгуулагдсан ажлын хэсгийг Т.Сүхболд ЭЦА-ны дарга байхдаа ахалж байв. Энэ ажлын хэсэг илрэлгүй 26 жил болж буй хэрэгтэй холбоотой олон “шинэ” баримт сэлтийг сөхөж гаргаж иржээ. Энэ бол нэг талаар түүний багийн мэргэжлийн ур чадвар гэх ч нөгөө талаараа эр зориг шаардсан хэрэг юм. Өнөөдөр нотлогдоод, гэрчлэгдээд гарч ирж байгаа зарим нэг баримт факт хэдэн жилийн турш албан бусаар яригдаж л байсан. Ямар ч л байсан, ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд уг хэргийн олон нийтэд мэдээлэгдэж буй байдал, шинж тэмдгийн чанараараа улам ээдрээтэй болж буй мэт харагдаж байж болох юм. “Гэхдээ агуулгын хувьд хэргийн мухар руу нэгэнт яваад эхэлсэн” гэдгийг хууль хяналтын байгууллагын хашир туршлагатай мэргэжилтнүүд хэлэх болоод байна.

Энэ хэдэн хэрэг асуудлыг харахад л ямар цар хүрээтэй, цаана нь ямархуу нөлөөтэй хүмүүс байгаа нь харагдана. Энэ утгаараа Т.Сүхболд тун олон дайсантай байх нь ойлгомжтой болж байна. Гэвч түүний оролцоод болон удирдаад илрүүлсэн эдгээр том хулгайн хэргүүдийн дийлэнх нь эцэслэн шийдэгдэх болоогүй байна. Эцэслэн шийдэгдэх итгэл найдвар өнөөдрийн байдлаар тун бага юм. Учир нь эдгээр нь асар их улс төрийн нөлөө, хамаатай хэргүүд гэсэн үг. Тэр утгаараа Т.Сүхболд нэлээд ээдрээтэй, эвгүй цаг үед ЦЕГ-ын даргаар томилогдсон. Өөрөө ч нэлээд өндөр эрсдэл дунд ажиллаж байгаа юм.

Ер нь тэгээд энэ мэтийн улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн үйлдсэн, холбогдсон хэргүүдийг углуургаар нь мэдэх хүн цагдааг удирдаж байхад “тэд” яаж дуртай байхав дээ. Дургүй нь хүрсэн учраас оролдоно, гоочилно. Мохоох гэж үзнэ. Хэрэв түүнд нь өртвөл өнөөдөр тэдний үйдлүүд илрэхгүй байсан ч болох шүү дээ. Гэхдээ илэрсэн, илэрсээр л байна. Тийм л учраас том хулгайнуудыг онгичсон Т.Сүхболдыг “томчууд” оролдоод байгаа юм. Тэгэхээр ЦЕГ-ын дарга Т.Сүхболд иймэрхүү дайралтуудад сөхрөлгүй, харин сөрж л ажиллах хэрэгтэй юм. Тэр нь Монгол Улс, монголчуудын эрх ашгийг хөндөж, ирээдүйд халдсан том хулгайч нартай эвлэрэлгүй айлгүй, илчлээд л, шалгаад л байх ёстой гэсэн үг.

О.Пүрэв

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)