Үхрийн шинэ мах килограмм нь 20-23 мянган төгрөгийн үнэтэй байна

“Хүчит шонхор” захаас махны үнийн талаар сурвалжиллаа. Бага үдийн алдад болоод ч тэр үү хөл хөдөлгөөн сийрэг байлаа.

Эхлээд гадна талбай дахь махны мухлагуудаар оров. Өнгөрсөн өвөл бэлтгэсэн хонины гулууз нэг кг нь 11500 төгрөг байна. Нэгэн махны мухлагт 22-30 кг хүртэлх жинтэй Дундговийн хонины махнууд өлгүүрт өлгөөтэй байх ба мөн адил үнэтэй, эвдээд өгнө гэсээр худалдагч нь угтав.

Худалдаачид нөөцийн мах худалдаанд гарч, иргэд нөөцийн мах авах болсноос үүдэн өдөрт 15 гулууз зардаг байсан бол одоо таван гулууз хонины мах зарж байгаагаа ч хэлж байв. Мөн хонио шилж авч, шилж зарахгүй бол болохгүй гэв.

Мөн үхрийн мах кг нь 16-17 мянган төгрөгийн хооронд байна. Махнаасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй байгааг худалдагч нар хэлж байв. Нэг үхрийн гуя нь 30 килограммаас дээш жинтэй ч хүмүүс боломжоороо авч байгаа аж.

Дараа нь бод малын лангуунуудаар үнэ сонирхлоо. Үхрийн ястай мах 16000, гуя 19500, хаа 17000 гэхчлэн өөр, өөр үнэ хэлж байлаа. Адууны махны дундаж үнэ кг нь 11500 төгрөг. Адууны махны худалдан авалт хэвийн байгаа юм байна. Тэмээний махны лангууны худалдагчид өдрийн 12 цагийн үед эзгүй байлаа. Хажуугийн үхрийн махны худалдагч “Тэмээний мах 12 мянган төгрөгийн үнэтэй. Ястай гэж байхгүй. Ясыг нь хэн идэхэв” гэсэн товчхон хариулт өглөө.

Бог малын лангуунд ямааны мах гулуузаар нь авбал кг нь 7500, цул нь 9500 төгрөгийн үнэтэй. Хонины ястай мах дунджаар кг нь 12500, хонины цул мах кг нь 13500 төгрөг. Хонины ястай шинэ мах кг нь 17000 төгрөг байв.

“Хүчит шонхор” худалдааны төвийн худалдагч Ч.Рэнсмаагаас махны үнэ ханшийн талаар тодрууллаа.


-Үхрийн мах ямар үнэтэй байна вэ?

-Хамгийн сайн тарган, шинэ үхрийн мах кг нь 20-23 мянган төгрөгийн хооронд байна. Намрын хөлдөөсөн мах дээд тал нь 16500 төгрөг. Гуяны цул мах нь 18500, хаа, нуруу, сээрний мах нь арай хямдхан 16500 байна.

-Иргэдийн худалдан авалт хэр байна вэ?

-Худалдан авалт муу байна. Өдөрт хоёр үхрийн мах зардаг. Одоо бараг нэгийгээ ч зарж чадахгүй байна.

-Худалдан авагчид үхрийн мах, хонины махны алийг нь илүү авч байна вэ?

-Үхэр, хонины махыг хүмүүс адилхан худалдан авч байна гэв.

Худалдан авагч Ц.Мягмар “Мах үнэтэй ч шинэ хонины мах авахаар ирлээ. Авахгүй гээд яахав” гээд хонины махны үнэ асуун цааш эргэлээ.

Нөөцийн махны тухайд үхрийн мах кг нь 11350, хонины мах кг нь 8900, ямааны мах кг нь 6700 төгрөгөөр гуравдугаар сарын 11-нээс эхлэн есөн дүүргийн 375 цэгт худалдаалагдаж эхлээд байна. Нөөцийн мах нэг уутандаа 2.5-3.5 кг хүртэлх янз бүрийн савлагаатай. Харин хонины махыг гулуузаар тодорхой цэгүүдэд амралтын өдрүүдэд ихэвчлэн худалдаалсан бөгөөд хонины мах кг нь 8500 төгрөг байжээ. Энэ жилийн хувьд 6,337 тонн махыг нөөцөлжээ. Бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах аж.

Нөөцийн махны үнэ кг тутамд “Хүчит шонхор” зах дээрх махны үнэтэй харьцуулахад үхэр 4500, хонь 2600, ямаа нь тус захын гулуузын үнээс 800 төгрөгөөр хямд байна.

Нөөцийн маханд И-БАРИМТ олгодог

Түүнчлэн нөөцийн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрээр орж нөөцийн махны борлуулалт хэр байгаа талаар худалдагч З.Туяагаас тодрууллаа.


-Нөөцийн махны борлуулалт хэр байна?

-Манайх нөөцийн мах борлуулалтаараа дүүрэгтээ хоёрт явж байгаа. Долоо хоногт нэг тонн гаруй мах авдаг. Нөөцийн махны худалдан авалт сайн байна. Жил бүр манайх нөөцийн мах худалдаалдаг, ойролцоох иргэд маань ч ам сайтай, аваад сурчихсан, түгээлт ч тасалдахгүй болохоор асуудалгүй байна.

-Зарим цэгүүдэд нөөцийн мах дууссан гэх асуудлууд байдаг?

-Зарим нэг газар бэлтгэн нийлүүлэгчид цаг тухайд нь нийлүүлж чадахгүй хэл ам болж буй асуудал бий. Өнөөдрийн захиалгандаа бид үхэр 9, хонь 6 гээд л захиалгаа өгөөд л сууж байна. Ойролцоогоор хагас тонн мах.

-Энэ жил мах бэлтгэн нийлүүлж буй газартайгаа ноднин хамтарч байв уу?

-Тийм. Өмнө нь жил бүр өөр газраас мах ирдэг байсан. Энэ жил хоёр дахь жилдээ хамтарч нөөцийн махыг иргэдэд хүргэж байна. Бие биенийгээ дэмжээд, ойлгоод амар байна.

-Нөөцийн мах зарахдаа үндсэн үнэ дээр тодорхой өртөг нэмдэг үү?

-И баримт нөөцийн маханд олгодог. Бид үндсэн үнэ дээр 200 төгрөг нэмж зардаг. Их хэмжээгээр нөөцийн махыг зарахгүй бол ашиг багатай учир зарим жижиг дэлгүүрүүд нөөцийн мах зарахаас татгалздаг.

-Хүмүүс үхрийн мах худалдан авах илүү сонирхолтой байдаг юм шиг. гэтэл хонь л түлхүү байдаг нь бага хэмжээгээр нөөцөлдөгтэй нь холбоотой юу?

-Жилийн жилд үхрийн махны нийлүүлэлт нь хавар болохоор багасчихдаг. Иргэд удаан хугацаанд хадгалсан хонь гэхээсээ илүү үхрийн мах авах сонирхолтой байдаг. Үхрийн махны нийлүүлэлтийг зарим газрууд хангаж чаддагүй. Манайх гэхэд үхрээ ахиу авах жишээний. Хангалттай өгдөг хэмээв.

“Долоон буудал”-д хонь зарж байна гэсэн зарын дагуу лавлахад “Шүдлэн хонь 220 мянга, эр хонь 350 мянган төгрөгөөр худалдаалж байна” гэв.

Мөн Эмээлтийн амьд малын зах дээр хонь 250 мянгаас 450 мянга хүртэлх үнэтэй байгаа аж.

Л.МИНЖМАА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)