Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ

Гадаадад ажил хийхээр явсан монголчуудаа манайхан нийтээрээ өрөвдөх юм. Төр засаг нь бүр тэднийг хүчээр эх оронд нь авчрах бодлого хүртэл сая ярьж баалууллаа. Иргэдийн дунд бол “Гадаадад ажиллаж байгаа хүн бүхэн боолын хөдөлмөр эрхэлдэг” гэдэг ойлголттой болчихсон. Саяхан УИХ-ын чуулган дээр яг ингэж хэлцгээж байлаа. Үнэндээ энэ бол явцуу хандлага, нэг талдаа шал худлаа суртал ухуулга юм. Тэгвэл боолын хөдөлмөр хаана байгааг хэдүүлээ нэг тогтож бодоод үзье.

Боолын хөдөлмөрийг гадаадад гарсан монголчууд биш дотоодод байгаа нь эрхлээд байгаа юм биш үү. Манай авч байгаа цалин хөлсийг хараад хэн ч ингэж хэлнэ. Монголд өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүний дундаж цалин 300 ам.доллар. Монгол мөнгөөр нэг сая орчим төгрөг. Үүнээс ч бага цалинтай иргэд олон бий. Харин гадаадад байгаа монголчуудын дундаж цалин 3000 ам.доллар. Ингээд харахад хэн боол юм шиг санагдаж байна. Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газраас гадаадад амьдарч буй монголчуудын дундаж орлогыг танилцуулахад АНУ-д монголчууд дунджаар 14 сая төгрөгийн орлоготой, Австралид 10 сая, Швейцарт найман сая, ХБГНУ-д найман сая, Шведэд долоон сая, БНСУ-д зургаан сая төгрөгийн цалинтай ажиллаж байна. Монголд ажиллаж байгаагаас даруй 10 дахин өндөр үнэлэмжтэй. Тэгэхээр боолын хөдөлмөрийг хэн нь эрхлээд байгааг эрх биш энэ тоо харуулсан байх.

Өргөн хэрэглээний барааны үнэ нь тэнгэрт хадчихсан, төр засаг нь халамжийн бодлогыг хавтгайруулчихсан, хаана ч байхгүй өндөр хувьтай татвар, нийгмийн даатгалаар мөлждөг, улстөрч түшээд нь төсвийн мөнгийг халаасладаг, авлига албан тушаалын хэргүүд замхардаг ороо бусгаа нийгэмд аж ахуйн нэгжүүд нь өндийж чадахгүй. Ажилчид, албан хаагчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж, дэлхийн жишигт хүргэж хүчрэхгүй байгаа юм. Ийм нийгэмд сарын 300 доллараар цаг наргүй хөдөлмөрөө үнэлүүлж байгаа монголчууд л жинхэнэ боолын хөдөлмөр эрхэлж байна гэж хэлнэ. Чөлөөт зах зээл хөгжсөн, ардчилсан дэлхийн ихэнх улс оронд ийм үзэгдэл ерөөсөө байхгүй. Байх ч боломжгүй. Хатуу дэглэмтэй, эсвэл төр засаг нь босогчдын гарт орсон цөөн хэдэн улсад л яг манайх шиг хөдөлмөрийн мөлжлөг байдаг юм.

Ийм үнэлэмжээр амь амьдрал, ар гэрээ авч явах боломжгүй, эх орондоо боолын хөдөлмөр эрхэлж байгаагаа ухаарсан хүмүүс харийг зорьж байгаа хэрэг. Гадаадад байгаа монголчууд жил бүр 260 сая ам.долларыг Монгол руу шилжүүлдэг юм байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж, валютын нөөц бүрдүүлэх нэг эх үүсвэр болж байгаа тухай мэргэжлийн хүмүүс онцолдог юм билээ. Тэгэхээр гадаадад гарсан монголчууд боолын хөдөлмөр эрхэлдэг гэдэг дэмий яриаг одоо болих хэрэгтэй. Солонгост ажиллаж байгаа нь ингэж солиороод л энд байгаа эрх баригчид нь ч тэгж солиороод байдгаа одоо больё оо. Зургаан сая төгрөг сар бүр авчихаад ингэж хэлж байгаа тэдэнд мөнгөний заяа гомдох байлгүй. Харин эх орондоо бид хөдөлмөрийн мөлжлөгт хэдийнэ орсон шүү гэдгийг хүлээн зөвшөөрч үнэн мөнийг зоригтой хэлдэг болъё.

Гадагшаа гарах монголчуудын урсгал жил бүр нэмэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн 10 жил тэд бүр хурдтайдайжиж буйг судалгааны байгууллагууд үе үе танилцуулдаг. Үндэсний стастистикийн хорооны судалгаагаар 2022 оны байдлаар 90 хоногоос дээш хугацаагаар гадаад руу явж байгаа иргэдийн тоо ковидын өмнөх үеэс гураваас дөрөв дахин нэмэгдсэн. Тодруулбал, 2019 онд 47 мянган иргэн гадагшаа явсан бол 2022 онд 123 мянга болж нэмэгдсэн гэж байгаа юм. Амьдрал дээр ч энэ дүрвэлт ажиглагддаг. Багш нар зуны амралтаар БНСУ руу бөөн бөөнөөрөө виз мэдүүлдэг. Бүр нэг сумын бүх багш виз мэдүүлсэн тохиолдол хүртэл бий шүү. Дээр нь эмч нар, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэжилтнүүд, инженерүүд олноор явах болсон. Учир нь улс оронд хэрэгтэй чухал мэргэжлийн хүмүүсийн цалин хөлсний үнэлэмж гадаадынхаас 10 дахин доогуур байгаатай холбоотой юм.

2011 онд Монгол Улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй, гадаадын хөрөнгө оруулагчдын цуваа үүсчихсэн өнөөдрийнхөөр бол гайхамшиг гэж хэлж болох цаг үе байв. Хэдхэн жилийн дараа Монгол бол Азийн бар болно гэж гадны шинжээчид ам уралдан зарлаж, дэлхийн том брэндүүд Улаанбаатарт оффис, байрны эрэлд гарцгааж байлаа.

Тэр үед дотоодод ажил хөдөлмөрийн үнэлэмж ч огцом өссөн. 2010 онд хөдөлмөрийн зах зээл дээрх эрэгтэйчүүд 370 мянган төгрөгийн цалинтай байсан бол хоёр жил гаруйн дараа 2013 онд 860 мянга болсон байлаа. Эмэгтэйчүүд ч ялгаагүй. 314 мянгаас 688 мянга руу буюу цалин хөлс 2-3 дахин өссөн үзүүлэлт байдаг. Тухайн үед ам.доллар 1200 төгрөгтэй тэнцэж байв. Үүгээр тооцвол 716 ам.долларын цалин авч байжээ. Тэгвэл одоо 300 ам.доллар хавьцаа л цалинтай байна. Тэр үед гадаадад ажиллаж амьдарч байсан монголчууд эх орноо олноор зорин ирсэн байдаг. Гэвч уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг төр засаг, ард нийтээрээ орилсоор хөгжлийн гэрэл цухуйж эхэлсэн тэр цаг үе дорхноо өөрчлөгдсөн. Эдийн засаг ч тэр дороо уруудсан. Гадаадынхан гарч, валютын нөөц ч хомсдсон. Дагаад төгрөгийн ханш суларч , төр засаг нь халамжийн бодлогоо хавтгайруулсан. Төгрөг цаас болсноор хөдөлмөрийн үнэлэмж шууд дордсон. Эх орондоо сайхан ажиллаж амьдрахаар ирсэн монголчууд буцаад л гарсан.

Төр засаг буруу бодлого явуулах, нийгмээ буруу оношлох, ард түмнээ үл тоож, эрх мэдлийн төлөө дайтах ийм л хор хөнөөлтэй. 13 жилийн өмнөх 17 хувийн эдийн засгийн өсөлт уруудсан тэр цаг үеэс өнөөдөр хүртэл гялтайх өөрчлөлт гарсангүй. Тодорхой нэг үр дагавар нь монголчууд гадаадыг зорих тоо жил бүр өссөөр байгаа нь юм шүү дээ. Тэд дотоодод боолын хөдөлмөр эрхлэхээс халширч, үнэлэмж сайтай гадаадын улс орнуудыг зорьж байгаа юм. Үүнийг төр засаг, эрх баригчид нь санаатай юм шиг буруугаар тайлбарлаж, гадагшаа гарчихсан хүмүүс нь араас ирээд ажил булаачихна гэж боддог ч юм уу гэлтэй “Боол болоод байна” гэж орилолдон ард түмнээ хуурсаар байдаг нэг муу явуургуй үнэгэн залиа хаана хаанаа татах хэрэгтэй байна.

Б.ЭНХЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)