БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
- 2024-05-07
- Дэлхий
- 0
ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 7 /AP/. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Францад хийж буй төрийн айлчлал Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нартай гурван талын хэлэлцээ хийснээр эхэллээ.
Европын Холбооны /ЕХ/ улс төрийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлдог ЕХ-ны институц болох Европын Зөвлөлийг одоогоор Франц улс даргалж байгаа юм.
Хэлэлцээний дараа сэтгүүлчдэд ярилцлага өгсөн У.Ляйен хэлэхдээ “Хятад улс зах зээлд шударгаар тоглож байгаа нь хэн бүхэнд ашиг тусаа өгнө. Шударгаар худалдаа хийхийн тулд бие биенийгээ зах зээлдээ харилцан нэвтрүүлдэг байх хэрэгтэй Зах зээлд нэвтрэх тал дээр бодит ахиц дэвшил гаргах талаар бид ярилцсан” гэв.
Хоёр тал ахиц дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсний зэрэгцээ ЕХ эдийн засаг, аюулгүй байдлаа хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авахаас буцахгүй бөгөөд “хэрэв шаардлагатай болбол манай худалдааны хамгаалалтын хэрэгслүүдийг бүрэн ашиглахад бэлэн байна” гэж хэлсэн байна.
У.Ляйений хэлснээр, талууд мөн Оросын талаар болон тус улсын цэргүүд Украин руу халдан довтолсон талаар ярилцжээ. Тэрбээр Оросын “цөмийн аюул заналхийллийг” намжаахад “чухал үүрэг” гүйцэтгэсэн хэмээн Хятадыг сайшаажээ. Үүний зэрэгцээ Хятадаас Орост зэвсэг ба зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэж болохуйц технологийг нийлүүлэхгүй гэдгээ үргэлжлүүлэн баталгаажуулахыг хүссэн байна.
“Украин болон Европын аль алинд нь дайнаас үүдэлтэй аюул занал бодитойгоор оршин байгаа нь ЕХ-Хятадын харилцаанд нөлөөлж байна” гэж У.Ляйен хэлжээ.
Гурван талт уулзалтын дараа Макрон, Ши нар хоёр талын хэлэлцээ хийсэн байна. БНХАУ-ын дарга болон түүний гэргий Пэн Лиюань нар ням гарагт Парисаас холгүй орших “Орли” нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэх үед Францын Ерөнхий сайд Габриэль Атталь угтан авчээ.
Ши Жиньпинийг Францад хоёр хоног айлчлах үеэр Э.Макрон түүнтэй хамт Пиренейн уулархаг бүсэд очих ажээ. Энэ нутаг нь Францын төрийн тэргүүний эмээгийнх нь төрсөн нутаг юм. Түүний дараа Ши Жиньпин Орост найрсгаар ханддаг Серби, Унгарыг зорино хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)