Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 8 /CNBC/. Ерөнхийлөгч асан Дональд Трампад холбогдох нууцын зэрэглэлтэй баримт бичигтэй холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах тухай шийдвэрийг холбооны шүүгч Эйлин Кэннон мягмар гарагт гаргажээ.

 

Д.Трамп Цагаан ордноос явсныхаа дараа үндэсний аюулгүй байдлын нууцад хамаарах баримт бичгүүдийг санаатайгаар хадгалж, улмаар холбооны эрх баригчдаас нуун дарагдуулсан гэх хэргийг хянан хэлэлцэх шүүх хурлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр товлоод байсан юм.

 

Гэтэл Флорида муж улсын тойргийн шүүгч Эйлин Кэнноны гаргасан дээрх шийдвэрээр уг товыг цуцалж, шүүх хурлын өмнөх процессын шинэ хуваарийг гаргажээ. Энэ шийдвэр нь Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байгаа Д.Трамп 11 дүгээр сарын 5-нд болох сонгуулиас өмнө уг хэргээр шүүгдэх эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

Ерөнхийлөгч асны өмгөөлөгч нар шүүх хурлыг сонгуулийн дараа явуулахыг холбооны шүүгч Э.Кэннонд уриалсаар иржээ. Шүүгчийн шийдвэрт дурдахдаа "янз бүрийн асуудлууд шийдэгдээгүй байгаа энэ цаг мөчид шүүх хурлын товыг эцэслэх нь бодлогогүй алхам болно" гэжээ.

 

Э.Кэннон олны анхаарлыг татаж буй шүүх хурлын үеэр нууцын зэрэглэлтэй мэдээлэлтэй хэрхэн харьцах талаарх тодорхойгүй байгаа асуултууд, мөн энэ хэргийг тангарагтны шүүхэд танилцуулахад шаардлагатай шүүх хурлын өмнөх болон шүүх хуралдааны бэлтгэл ажил зэргийг онцлон дурджээ. Улмаар тавдугаар сард шүүх хурлыг явуулах нь эдгээр асуудлыг “шударгаар хянан хэлэлцэхэд нийцэхгүй” гэж тэрбээр үзсэн байна.

 

Д.Трампыг эрүүгийн дөрвөн хэрэгт буруутгаж байгаа юм. Тухайлбал, порно од Сторми Дэниэльст 130 мянган ам.доллар өгсөнийг гэрчлэх санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх хэргийг Манхэттэний Дээд шүүхэд хянан хэлэлцэж байгаа юм.

 

Сонгуулиас өмнө Д.Трампт холбогдох бусад хэргийн шүүх хурал болох эсэх нь тодорхойгүй байгаа ба Э.Кэннон дээрх шийдвэрийг гаргаснаар ийм магадлал улам багаслаа. Нууцын зэрэглэлтэй баримт бичгийн хэргээс гадна 2020 оны сонгуульд Ж.Байденд ялагдсанаа хүчингүй болгохыг завдсан, Жоржиад сонгуулийн дүнд нөлөөлөх гэж оролдсон гэх хэрэгт Д.Трампыг буруутгаж байгаа юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)