Украины фронтын байдал хүндхэн байна
- 2024-05-09
- Дэлхий
- 0
Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. Гэвч хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Украины арми Донецк мужийн газар нутаг дээрхи хяналтаа алдсаар байна. Оросын арми Авдеевкад Очеретино тосгоныг эзэлж, Часов Яр хот руу довтолгоогоо эрчимжүүлж буй аж. Эдүгээ Украин зөвхөн АНУ-ын цэргийн тусламжинд л найдаж байна.
Өрнөдийн дайны шинжээчид Украинд эдүгээ тулгараад байгаа хамгийн том асуудал бол Украины армийн бүрэлдэхүүн хүн хүчний дутагдалд ороод байгаа явдал гэж тэмдэглэж буй. Ерөнхийлөгч Зеленскийн гаргасан бүх нийтийн дайчилгааны тухай хууль Украины армид хүн хүчээ сэлбэхэд тус болох болов уу хэмээн таамаглаж байна.
Мөн Украины талд хамгийн хүнд байгаа асуудал бол байлдааны сум, хүн хүчний хүрэлцэхгүй байдал, хамгаалалт бэхлэлт барих асуудал юм. Украины зэвсэгт хүчин одоо 2023 оны зуны байдлаасаа даруй 90.0 хувиар бага их бууны сум байлдаанд хэрэглэж байгаа. Хамгаалалтын бэхлэлт барих асуудал их хожуу эхэлсэн байна. Энэ хүнд байдлаас гарахад АНУ болон өрнөдийн орнуудын байнгын шуурхай тусламж маш чухал. Хиймэл дагуулаас ажиглахад Оросын довтолж байгаа Украины Чернигов, Сум, Харьковын чиглэлд Украины талын хамгаалалтын бэхлэлт харагдахгүй байна. Ойрын дөрвөн сард Украины талд тулгарч байгаа хамгийн хүнд асуудал бол цэргийн хүн хүчний дутагдал. Харин Оросын армийн хүн хүчний тоо улам өсөж, довтолгооны тоо улам нэмэгдэж байна. Оросын тал 2023 оны 10-р сараас эхэлж байлдааны санаачлагыг гартаа авсан юм. Оросын тал эзэлсэн газар нутагтаа минажүүлэлт хийсэн тул Украины сөрөг довтолгоо амжилтгүй болсон билээ.
Оросын тал “Су-25” онгоцнуудаа фронтод ойр байрлуулж Украины эрчим хүчний системийг пуужиндаж бөмбөгдөж, “Шахед” дроныг нэмэгдүүлсэн тул Украины тал нилээд хохирол амсав. Украин цэргийн хүний нөөцөө алдаад зогсохгүй энгийн иргэд 11 000 хүн, үүний дотор 575 хүүхэд амь үрэгдсэн.
Бөмбөгдүүлж пуужиндуулж сүйдсэн хот тосгод, үйлдвэрийн болон эрчим хүчний обьектууд гэвэл тоогоо алдсан олон болжээ. Учирсан хохирол хэдэн зуун тэрбум ам доллар болжээ. Гэвч Украинчууд сөхрөөгүй юм. Украины талд хүн хүч шинээр нэмж татаж, тэднийг байлдааны арга барилд сургахад цаг хугацаа хүрэлцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Украины тал армиа цэргийн шинэ боловсон хүчнээр хангах асуудал хүндхэн байгаа.
Харин Оросын тал өнгөрсөн 2023 онд хүн хүчний асуудлаа хурдан шийдэж ,шинээр 300 000 сайн дурын цэрэг татаж байлдаанд оруулсан ажээ. Орос Улс сар бүр 30 000 цэрэг фронтод нэмж татаж байна. Иймээс ч Оросын хүн хүчний давуу байдал фронтод шууд нөлөөлөх болжээ.
Украины зэвсэгт хүчин Очеретино болон Соловьевоос ухарсан. Учир нь Оросын арми хүн хүч, их буу, нисэх хүчний талаар илт давуу байсан тул ухрахаас өөр зам байсангүй. Өрнөдийн тусламж удааширсан, хүн хүчний нөөц дутагдсанаас болж Украины зэвсэгт хүчин хүнд байдалтай байна. Оросын арми одоо Часов Ярыг бүсэлж эзлэх магадлалтай болоод буй. Хэрэв Украины тал хамгаалалтаа алдвал Оросын механижуулсан хүчин эзлэгдсэн орон зайг ашиглаж чөлөөтэй маневр хийж давшилтаа үргэлжлүүлж болох юм.Оросын арми хэт урагш довтолвол техникээ алдаж ар талаасаа нөөц авч чадахгүй хүнд байдалд орж болзошгүй.Украины тал шинээр цэрэг татах болон шинэ цэргүүдийг байлдааны ажиллагаанд сургах хэрэгтэй болж байна.Харин Оросын арми нэмэгдэл нөөц хүчтэй буюу дор хаяж хоёр корпус цэрэг Украины Харьков, Сум мужийн чиглэлд довтолж хүнд байдалд оруулж болзошгүй байгаа юм. Одоогийн байдлаар Оросын арми ихээхэн таатай давуу байдалд байна.
Оросын тал давуу байдлаа ашиглаж чадахгүй бол Донбассыг бүхэлд нь эзэлж чадахгүй юм. Тэд энэхүү давуу байдлаа зөвөөр үнэлж чадахгүй бол байдал эргээд муудаж болзошгүй. Донбассын асуудал ч нилээд хүнд болжээ.
Оросын арми энэ чиглэлд нэмэгдэл хүч татаж, фронтоос нутгийн гүн рүү 100 км хүртэлхи орон зайд тагнуулын ажиллагаа явуулж цэргийн нисэх хүчнийг ашиглаж байна. Оросын арми Очеретинагийн ойролцоо довтолгоо хийв. Оросын дайны онолоор бол дайрах газар руугаа эхлээд 15-30 км гүнд галын бэлтгэл хийдэг. Оросын арми сүүлийн үед 74, 35, 30 дугаар мото буудлагын ангиуд болон механикжсан бригадыг довтолгоонд оруулжээ. Оросууд эдгээр хүчийг Авдеевкаг эзлэхэд хэрэглэсэн бөгөөд сүүлийн нэг сар хүчийг нь дахин сэлбэсэн. Эдгээр Оросын байлдааны туршлагатай анги нэгтгэлүүд Донецкийн бүгд найрамдах улсын цэргийн хүчинтэй нийлж байлдаж байна. Оросын арми Покровск руу ойртож байна. Эдүгээ Оросын армийн 500 000 цэрэг Украинд байлдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэв оросын арми Покровскийг эзлээд гол замуудыг хянаад эхлэвэл Донбасст байгаа Украины зэвсэгт хүчин хүнд байдалд орох юм. Оросын арми энэ оны зун Донецк муж болон Харьковын чиглэлд томоохон довтолгоо хийж болзошгүй гэсэн таамаглал байна. Украинд өрнөдийн 400 гаруй их бууны систем байгаагаас одооны байдлаар их бууны сум дутагдсанаас болж дөнгөж 20.0 хувь нь ашиглагдаж байгаа. Өрнөдийнхөн нэг тэрбум долларын үнэтэй орчин үеийн их бууны систем Украинд олгосон боловч ийм байдалд орсон нь тун харамсалтай явдал юм. Одоо Украинд Оросын 14 арми тулалдаж байна. Орос улсад цэргийн 2000 үйлдвэр зогсолтгүй ажиллаж, Оросын армийг буу, сум, танк, их буу, нисэх онгоц, пуужингаар тасралтгүй хангасаар байгаа. Бүхэлд нь авч үзвэл Украины армиийг их бууны сумаар сайтар хангаж, зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг нь үлэмж хэмжээгээр нөхөж нэмэгдүүлэхгүй бол фронтын байдал улам хүндхэн болж байна.
Украины хохирлын талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленский 2024 оны 2-р сард мэдээлэхдээ “Украин 31 000 цэргээ энэ дайнд алдсан” гэсэн. Гэвч энэ мэдээлэлд дэлхий нийт сайн итгэхгүй байна.
АНУ-ын “The New York Times” сонин “Энэ дайнд Украиний зэвсэгт хүчин 70 000 цэргээ алдаж, 120 000 цэрэг шархадсан” хэмээн мэдээлж байв. Францын “Liberation” хэвлэлд “ Украины зэвсэгт хүчин одоогоор нийтдээ 200 000 цэргээ алдаад байна” хэмээн мэдээлжээ. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Украины зэвсэгт хүчин одоогоор нийтдээ 444 000 цэргээ алдаад байна. Оны эхэнд Украины арми өдөр бүр 800 цэргээ алдаж, 120 цэргийн техникээ алдаж байна. Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болсон. Украин сөрөг довтолгооны үед 80 000 цэрэг, 400 танк, 75 нисэх онгоцоо алдсан. 2024 оны эхний нэг сард Украины талын 23 000 цэрэг алагдаж шархадсан. Оросын арми Украины 3000 гаруй цэргийн техникийг устгасан” хэмээн мэдээлжээ. Эцэст нь аль нэг тал одоогоор энэ дайнд илт давуу байдлаар түргэн хугацаанд ялах нь тодорхойгүй хэвээр. Энэ дайн удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл (0)