Ж.Цолмон: Цус ойртолт Монгол орныг мөхөөх чимээгүй тахал
- 2024-05-13
- Өөр өнцөг
- 0
Энэ удаагийн ярилцлагадаа цус ойртолтын талаар Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, ШИНЭ намын дэд дарга Ж.Цолмонг урьж оролцууллаа.
-Цус ойртолтын түвшин манай улсад ямар байдаг юм бол. Цус ойртолтын шалтгаан нь юу юм?
- Цус ойртолт бол аливаа улс орон үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарах ёстой чухал асуудал. Хоёр жилийн өмнөх судалгаанаас үзэхэд цус ойртолтын байдал улсын хэмжээд дунджаар 0.2-оос 0.8 хувиар өссөн, улсын дундаж 0.6 хувьтай байгаа дүн гарсан байсан. Мөн гэр бүл бололтыг судалж үзэхэд хөдөө баг хороон дотроо гэрлэх үзэгдэл 85.4 хувь, сум дотроо гэрлэж байгаа нь 73.9 хувьтай, аймаг дотроо гэрлэж байгаа нь 86.1 хувьтай байна.
Мөн судалгаанаас харахад Монгол орны уртрагийн дагуу буюу Баян-Өлгий аймгаас Дорнод аймаг руу, Хөвсгөлөөс Өмнөговь руу чиглэлд цус ойртолтын түвшин, гажигтай төрөлтийн түвшин нэмэгдэж байгаа талаар дүн гарсан байна. Мөн Дорнодын Матад, Халх гол, Баянхонгорын Баянлиг, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр зэрэг зарим нэг сумуудад оюуны хомсдолтой хүмүүсийн хувь их байгаа судалгаа баримт бол бий. Хэдийгээр эдгээр цөөн сумд Монгол Улсын нийт хүн амыг төлөөлөх боломжгүй ч анхаарах шаардлага гарч байна.
Цус ойртолтыг судлах амаргүй бөгөөд судалгаанд 30 гаруй жилийг зарцуулж байж судалгааны бодит үр дүн гардаг. Судлаач хүний бүхэл бүтэн амьдрал зориулагдана гэсэн үг. Манай судлаачид үндэсний хэмжээнд 11 системийн 340 гаруй генээр удамшлын тархалтыг гаргаж ирсэн байдаг.
Цус ойртолтын нэг гол шалтгаан бол хүн удам угсаагаа мэдэлгүй хоорондоо гэр бүл болж байгаа явдал юм. Цус ойртолт нь хүн амын чимээгүй тахал хэлбэрээр олон жилийн турш явагддаг генетик процесс гэж үзэж болох юм. Монголчууд цус ойртолтоос сэргийлж эрт дээр үеэс угийн бичиг хөтөлдөг, ургийн овог хэрэглэдэг байсан ард түмэн. Түүхийн эх сурвалжаас харахад бичиг үсэг байгаагүй үед л гэхэд чулуун дээр ураг удмаа ямар нэг иртэй зүйлээр сийлж үлдээдэг байсан ба бичиг үсэгтэй болсноос хойш ургийн бичгээ таралтгүй хөтөлдөг байсан талаар дурдсан байдаг. Ийм л эртний уламжлалтай ард түмэн байсан.
Харин Ардын хувьсгал ялснаас хойш буюу 1921 оноос монгол хүн ургийн бичиг хөтлөх, овог хэрэглэхийг хорьсон гэх бөгөөд үүнээс хойш ургийн овог хэрэглэхээ больсон. “Таны овог хэн бэ” гэж асуухаар эцгийнхээ нэрийг хэлдэг болгоод даруй 100 жил өнгөрсөн байна. Энэ байдал нь хүн амын дундахь цус ойртолтын төвшинд нөлөөлсөн гэж үздэг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд хүн амын дундахь цус ойртолтын төвшинг судлахад тухайн хүн өөрөөсөө дээшээ 3-4 дэх үеэ мэдэхгүй, цусан төрлийн хамааралтай үр удмууд хоорондоо гэрлэж эхнэр нөхөр болоход илэрдэг цус ойртолтын хэлбэр байгааг судлаачид тогтоосон.
1990 оноос төрөөс ургийн овог тодорхойлох аян өрнүүлж угийн бичиг хөтлөхөөр болоход социализмыг байгуулах 70 жилд монголчууд олон зуун, мянган жилээр хэрэглэж, хэвшиж ирсэн зан үйлээ ад шоо үзэж мартсан байсан тул ургийн овгоо мэддэг хүн бараг байхгүй болсон байсан. Тиймээс монголчуудын тал хувь нь өнөөдөр боржигин овогтой байна.
Бас нэг асуудал нь хүн амын дотоод шилжилт хөдөлгөөн тасралтгүй явагдсаар байна. Орон нутаг сумандаа үлдсэн цөөн хүн ам хүссэн, хүсээгүй хоорондоо гэрлэж байна. Дээр нь ургийн овгоо мэдэхгүй байгаа нь цус ойртолтыг үүсгэхэд нөлөөж байгаа талтай. Социализмын үед 3000 гаруй хүн амтай байсан зарим сум одоо 1000 гаруйхан хүн амтай болоод байна.
-Та анагаахын шинжлэх ухааны доктор профессор хүн. Тэгэхээр цус ойртолтоос үүдэлтэй ямар сөрөг үр дагаврууд байдаг юм бэ. Ямартай ч хүний оюун ухаан, сэтгэхүйн түвшин доройтдог байх. Тиймээс монголчууд оюуны хомсдолтой хүнийг л цус ойртсон гэж үзэж ирсэн түмэн?
-Хүн амын эрүүл мэндэд цус ойртолт нь ямар үр дагавар авчирдаг вэ гэдгийг хүний генетикийн шинжлэх ухаан судалчихсан. Юуны өмнө хүний оюун ухаан, сэтгэхүйн түвшин буурдаг. Оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг. Удамшлын өвчин, төрөлхийн согог гажигтай хүүхдийн тоо өсдөг. Аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаа сул болдог. Бие бялдрын хөгжил давжаа болдог. Зан характерийн хувьд аминчха, амиа аргацаах сэтгэлгээтэй хүний тоо хүн амын дотор эзлэх хувь нь байнга нэмэгдэж байдаг. Өнөөдрийн хүн амд тооцоолж гаргаж ирсэн цус ойртолтын энэ түвшин нь бидэнд ямар үр дагавар, ямар гай түйтгэр авчирч байгаа талаар хэлэх ёстой байх.
Сүүлийн үед манай хүн амын дотор төрөлхийн согог, гажигтай нярай хүүхэд маш олноор төрдөг болсон, зөвхөн 2023 оны байдлаар аваад үзэхэд 628 хүүхэд төрөлхийн гажигтай төрсөн байна. Төрөлхийн гажиг дотор хамгийн их байр эзэлж байгаа нь зүрхний гажиг, уруул сэтэрхий, уруул, тагнайн сэтэрхий, зөөлөн тагнай, хүүхэн хэл сэтэрхий, зөөлөн тагнайгүй, хошного битүү, хэвлийн урд хана хөгжөөгүй, тархины усжилт, нугасны ивэрхий, олон эрхтэн тогтолцооны хавсарсан гажгууд орж байна.
Цус ойртолтын түвшин нэмэгдэх тусам бусад өвчнөөр өвдөх байдал өсөж байгаа дүр зураг харагддаг. Манай улсад сүүлийн байдлаар 32 төрлийн хорт хавдар өвчин бүртгэгдээд байна. 32 төрлийн хорт хавдраар монгол хүн өвдөхөд цус ойртолтын өнөөгийн түвшин ноцтой нөлөөлж байгаа нь шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдсон. Жишээ нь, элэгний хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Элэгний хорт хавдрын өвчлөлд цус ойртолт ямар хамаатай байгааг судалж үзэхэд монгол орны 42 хувьд нь 60-99 хувийн өндөр эрсдэлтэй, хүчтэй хамааралтай байна гэсэн тоо баримт байна. Зах хязгаар нутгуудад цус ойртолт өндөр байгаатай холбоотой оюуны хомсдол тэр чинээгээр өндөр байна.
-Цус ойртолт бол улс үндэсний том аюул. Цус ойртолтоос хэрхэн сэргийлэх вэ?
-Цус ойртолтоос хамгаалахын тулд хүн амын дотоод хөдөлгөөн, шилжилтийг бодлогоор зохицуулж байх нь чухал болыг судлаачид хэлдэг. Өөрөөр хэлбэл хүн ам хоорондоо чөлөөтэй зорчдог, уулздаг боломжийг бий болгох хэрэгтэй. Гэтэл Монгол Улсын засаг захиргааны хуваарь хүний хөдөлгөөнийг тэтгэх биш харин ч улам түгжих тогтолцоо болж хувирсан нь амьдралаар нотлогодож байна. Сумынхаа төвийг оролгүй хэдэн жил болж байгаа хүмүүс зөндөө байна, бүр аймгийнхаа төвийг огт орж үзээгүй хүн ч байна.
Өнөөдөр Хөвсгөл аймагт амьдарч байгаа залуу өмнө-Говийн бүсгүйтэй уулзах бодит боломж байхгүй байна. Дээр нь, манай улс 21 аймаг 330 гаруй сум, 1500 гаруй баг болгон засаг захиргааны нэгжээ хэт жижиглэснээс хүн амыг жижиглэн бүлэг үүсгэсэн. Энэ нөхцөл байдал нь хүн амын хөдөлгөөн хоригдож, үүнээс улбаатай цус холилдолт, сэлбэлт мөн түгжигдмэл байдалд орж хүн амын дунд цус ойртолтын төвшин эрчимтэй нэмэгдэж байна.
Цус ойртолтын үечлэлийг 25 гэж үздэг. Гэтэл манайд нэмэгдсээр байна. Цус ойртолт бол ямар нэгэн эмчлэгддэг, эдгэрдэг өвчин биш юм. Иймд ургийн модоо хөтлөх нь зүйтэй. Гэхдээ мэргэжлийн бус хүний заавраар юмуу өөрийн бодсоноор гэрийн угийн бичгээ хөтлөх бус мэргэжлийн эрдэмтдийн боловсруулсан, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв аргыг баримтлах нь зүйтэй. Учир нь авга өвөө, авга эмээ, нагац өвөө, нагац эмээ гэсэн дөрвөн баганаар өөрөөс дээш есөн үеэ бүтэн мэддэг болох “генетик угийн бичиг”-ийг зөв үйлдэж сурснаар хань ижлээ сонгохдоо цус ойртохгүй байх найдвартай боломж бүрдэг гэж үздэг.
-Аливаа улсад генийн бүрдэл гэж нэг чухал зүйл байдаг гэдэг. Удмын сан ч гэж ярьдаг. Манай улсын хувьд үүнд илтэд нөлөөлсөн зүйл байна уу?
-Одоогоор цус ойртолт манай ард түмэнд нийтэд нь илрээд гамшгийн хэмжээнд хүрсэн юм байхгүй байгаа. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр маш олон лам, хуврага, сэхээтнүүдийг түүж аваад амь насыг нь буудаж хороосон гашуун туршлага бий. Энэ байдал нь хүн амын генийн бүрдэлд нөхөж баршгүй хохирол учруулсан. Бидний мэдээлэлд байгаа статистикаар насанд хүрсэн таван эрэгтэй хүний нэгийг нь буудна гэдэг бол маш их гарз хохиролд хүргэж удмын сан, генийн бүрдэлд маш том өөрчлөлт орохоос гадна тодорхой генийн хувилбарын хувь хэмжээнд савлагаа үүссэн байх магадлал өндөр юм.
Тухайн үеийн лам нар нь таван төрлийн эрдэм эзэмшсэхээс гадна авьяас билэг төгөлдөр манай улсын хамгийн их эрдэм номтой хүмүүс байсан гэж түүхэнд гардаг. Яагаад харанхуй бүдүүлэг гээд лам нарыг устгаад байсны цаана учир бий. Мөн тэр харангуй бүрэнгүй үед баруунд боловсрол эзэмшсэн авьаяс билэгт зохиолч эрдэмтдийг хэлмэгдүүлсэн гээд үзэхээр монголын удмын санд хэргээр халдсан гадаадын бодлого ч байсныг үгүйсгэхгүй юм.
Генийн дрифт гэсэн ойлголт байдаг л даа. Энэ нь тодорхой полуляциас гэнэт ямар нэгэн шалтгаанаар их хэмжээний бодгаль амь үрэгдэж, улмаар ямар нэгэн тодорхой генийн хувилбарын хувь хэмжээ гэнэт ихсэж, багасахыг хэлдэг. Энэ процесс явагдсан байх магадлалтай
Бид ийм байдалд Монгол Улс дахин орохгүй байхаас сэргийлэх хэрэгтэй. Монгол хүний амь нас, эрх чөлөөг хамгаалах үүрэг төрд байгаа бөгөөд төр удмын сангийн аюулгүй байдалыг давхар хангана. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл бий.
Хүн амын удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл нь удмын сангийн дотоод тэнцвэрийг хадгалж байх явдал байдаг. Хүн амын удмын сан хэдийд тэнцвэртэй байдаг вэ гэхээр генүүд ижилсэх буюу цус ижилсэх үзэгдэл. Генүүд алагших буюу цус холилдох үзэгдэл харилцан тавь тавин хувийн орчинд байгаа үед удмын сан дотоод тэнцвэрээ хадгалж байдаг.
Дэлхийд баримталдаг шууд цус ойртолтоос сэргийлэх гурван арга байдаг.
Нэгдүгээрт, овог, нэршилээр нь зохицуулах. Хоёрдугаарт, угийн бичиг хөтлөлт. Гуравдугаарт, дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх төрийн далд бодлого.
Их Чингис хаан: “Есөн үеэ мэдэхгүй бол зэрлэг хүн” хэмээн айлдсан байдгийн монгол хүн бүр санагтун.
Ярилцсан С.Ууганбаяр
Сэтгэгдэл (0)