Онцгой байдлын байгууллага шинэ төрлийн гал унтраах дрон, роботыг олон нийтэд танилцууллаа

Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн  хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд  зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна Гал унтраах техникийн олон төрөлт спортын байлдааны тархалт, шүхэрчин аврагчид, эрэлч нохойн үзүүлэх тоглолтуудыг сонирхуулсан юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэхтэй холбоотой нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Үүний хүрээнд гал унтраах дрон, робот зэрэг техник хэрэгслүүдийг татан авсныг олон нийтэд танилцууллаа.

Гал унтраах дрон нь 70 км/цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 км-ийн радиуст нисэх, цельсийн -40-өөс 70 градусын нөхцөлд бүрэн ажиллаж, ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг 3 төрлөөр гал унтраах үүрэг гүйцэтгэх зориулалттай. Мөн 17-20 м/секундын хүчтэй салхинд ч ажиллах чадамжтайгаараа онцлог аж.  Харин гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчлөхөөрөө онцлог бөгөөд 1 секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай юм гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)