ЦЕГ: 7 хоногт 36.349 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явууллаа

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 05 дугаар сарын 13-аас 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд 36.349 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 350 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 118, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Өмчлөх эрхийн эсрэг 133, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 58, бусад 8 хэрэг байна.

 

Зөрчлийн шинжтэй 49.474 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 49.579 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

 

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 48.694 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 885 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

 

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1.727, Танхайрах 184, Хүний биед халдах 337, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 224, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 44.424, бусад 2.683 зөрчил байна.

 

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 21.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 224 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

 

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 24, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 55, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 71, шүүхээс даалгасан хүн 68, зөрчил үйлдсэн этгээд 23 олж тогтоон ажилласан.

 

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

 

“Өр төлбөрөө төлж барагдуул” гэсэн шалтгаанаар бусдыг зодож, хорьсон хэргийг урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий этгээдүүд бүлэглэн үйлдсэн болохыг тогтоогоод байна. Бусдыг дарамталсан энэ хууль бус үйлдэл 2023 оны 03-аас 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд үргэлжилсэн байдаг. Тиймээс тэдний хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хүч хэрэглэсэн үйлдэлд холбогдуулан энэ оны 05 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Маргаан болоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “Мөрөн суманд оршин суух иргэн З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамаарал бүхий 2 хүний биед хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж нэг иргэний биед гэмтэл учруулж, иргэн Б-ийн амь насыг хохироосон” үйлдлийг илрүүлсэн. Энэ хэрэгт холбогдсон З-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.

 

Энэ оны 03-р сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд буюу “Эмээлт” мал махны захын орчимд нэн ховор амьтан болох Цоохор ирвэсийг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаль орчинд 44.000.000 сая төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоогоод байна. Уг хэрэгт холбогдсон иргэн О-г Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

 

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

 

3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслээ замын зорчих хэсэг дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаар болон явган хүний зам, гарц дээр байрлуулж болохгүй. Өнгөрсөн долоо хоногт буюу 05 дугаар сарын 13, 16-ны өдөр нэр бүхий 2 цахим хаягаас “Явган хүний зам дээр авто машинаа байрлуулсан, эгнээ хаагаад аваар татаад зогссон байна” гэх мэдээллийг цахим орчинд нийтэлжээ. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж зөрчилд холбогдогч 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)