Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөв
- 2024-05-20
- Орон нутаг
- 2
Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт урд шөнө 22.52 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлт тус аймгийн Баянлиг сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км, Богд сумын төвөөс зүүн урд зүгт 51 км, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын төвөөс баруун урд зүгт 52 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлжээ.
Үүний өмнөхөн тавдугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Ташрамд мэдээлэхэд, газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.
Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө. Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий.
Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ. Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.
Сэтгэгдэл (2)
(127.0.0.1)
Тиймээ мэднэ газрын гүнд ус байх магадлал өндөр тэр ус хөдлөлтийг нэмэгдүүлж барилгууд бүжиг хийдэг чадахгүй нурдаг
Бат (127.0.0.1)
Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн үлдцэд оросууд судалгаа хийгээд 3000 жилийн давтамжтай газар хүчтэй хөдөлдөг гэсэн судалгаа гаргасан хотын барилгууд үүнд бэлэн үү ард түмэн минь ялангуяа голын ойролцоо барисан барилгууд илүү хөдөлдөгийг мэдэх үү