Монголд бүх баялаг буй, Монгол хүнд их хүч буй, гагцхүү сайн удирдагч алга...
- 2024-05-21
- Нийтлэл
- 0
Энэ дэлхий дээр хамгийн тааламжтай орчин, нөхцөлд аж төрж байгаа хүмүүс, ард түмэн бол эн тэргүүнээ монголчууд. Байгалийн бүх баялаг Монголд байгаа. Нийгмийн чөлөөтэй орчин ч Монголд байгаа. Хоёр талд нь дэлхийд томдоо орох хоёр том зах зээл, хэрэглэгчид байгаа. Монголын хүн ам цөөхөн, дөрвөн сая ч хүрэхгүй. Хил хязгаар нь ч тайван. Монголд хурц нартай, цэлмэг өдөр олон. Нарны эрчим хүчийг ашиглах хангалттай боломж буй.
Монголын бараг бүх гол, горхи өндөр уулнаас эх авдаг. Усан цахилгаан станциудаар цахилгаан энергийн хэрэгцээгээ хангах боломж ч бас буй.
Салхины эрчим хүчийг ашиглая гэвэл мөн л том нөөц, дуусашгүй нөөц буй. Монголын бараг бүх нутагт нүүрс, нефть, шатдаг занар, шатдаг хий буй. Нүүрс, нефть, салхи, ус, нарны эрчим хүчээр дөрвөн сая хүрэхгүй хүн амаа өлхөн хангачихна, үйлдвэрүүдээ ч ажиллуулчихна. Ашигт малтмалаа, нэмээд мал аж ахуй болон газар тариалангийн түүхийн эдээ боловсруулаад, бэлэн бүтээгдэхүүн болгож үнийг нь нэмэгдүүлээд Орос, Хятад руу гаргаад байхад л оронд нь бид хэрэгтэй бүхнээ гадаадаас авчих бүрэн боломжтой. Улстөрийн ч боловсролгүй, эдийн засгийн ч мэдлэггүй, амьдрал ба үйлдвэрлэлийн туршлага ч үгүй, хэр чадлаа ухаарах, тооцох мэдрэмжгүй, цөөн тооны ойворгон залуус 1990 оны үед 60-аад жилийн туршид ахмад үеийнхнийхээ буй болгосон Хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийг гай болж байсан мэтээр үзэж утсгасан нь мөн ч олон талын сөрөг үр дагавар авч ирлээ.
Хүн амын томоохон бүлэг (хөгшид, эмэгтэйчүүд, залуус) чухамхүү Хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдэд ажиллаж байсан юм. Тэд баялаг бүтээж, хүн амыг хооллож, хувцаслаж, ахуйн үйлчилгээнд зүтгэж байсан билээ. Ажлын байруудыг нь устгаснаас болоод залуус ажилгүй, цалин орлогогүй болов.
Архидалт ихэслээ, суурин газруудад хулгай, танхайрал, гэмт хэрэг, биеэ үнэлэх үзэгдэл өргөсчээ. Энэ бүх сөрөг үзэгдэл төрөх, өргөсөх, нөхцөлийг төр, засаг өөрөө буй болгожээ. Хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийг шинэ нөхцөлд тохируулан, техник, технологийг нь шинэчлэн ажиллуулж, хил гаалийн бодлогоор дэмжсэнсэн бол өнөөдөр монголчууд хоол хүнсээ, хувцсаа зуун хувь өөрсдөө бэлддэг болчихсон байх байлаа…
Мал аж ахуйн гаралтай түүхий эд бол ховор нандин зүйл шүү дээ. Гэтэл Монголд малын ноос, хялгас, арьс, яс, дайвар бүтээгдэхүүн хог мэт үзэгдэх болов. Мах махан бүтээгдэхүүнээ ч чанартай бэлтгэж, амжилттай борлуулж чадахгүй байна. Нүүрс угаах, хүдэр баяжуулах, зэс, ган үйлдвэрлэх боломж байгаа хэдий ч энэ талын ажил урагшлахгүй байна. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар шатах, тослох материал үйлдвэрлэх боломж, гадаадын сонирхол байсаар атал энэ ажил мөн л бүтэлгүйдсээр өнөөдрийг хүрлээ. Бүх бүтэлгүйдлийн шалтгаан нь эрх барьж буй нам, хүчний чадваргүй, сэтгэлгүйнх юм. 30 жилийн туршид зөв бодлого баримталж, тууштай хэрэгжүүлж чадсансан бол өнөөдөр монголчууд цахилгаан эрчим хүчээр, шатах, тослох материалаар, бас хөнгөн ба хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр өөрийгөө 100 хувь хангаж чаддаг болчихсон байх байв. 1990 онд байсан бүх баялаг, өмч хөрөнгөө хувааж, булаацалдаж, хулгайлж, гадагшаа зарж, үрэн таран хийж, бүтээх биш бусниулсаар байгаад л хүн ардаа ядууруулчихлаа. Идэвхтэй ажиллах хүчээ, залуучуудаа гадаадруу алдчихлаа. Өнөөдөр Монголд нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбар, тээврийн салбарт л цөөн тооны залуус ажиллаж байна. Монголд өнөөдөр аймаг болгонд ухах, гаргах, ачих, зөөх ажилбар л хийгдэж байна.
Боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн гаргах талын ажил бараг л мартагдлаа. Ийм болчихоод байгаагаа МАН-ын удирдлага ойлгохгүй, ойшоох ч үгүй байгаа бололтой. Зөвхөн дулааны цахилгаан станциудын тухай яриа, төлөвлөгөө гэхэд л 20-иод жил дамнасан цаасан дээрээ байсаар л байна. Нефть боловсруулах үйлдвэр ч ялгаагүй, арьс шир, ноос, яс үс боловсруулах үйлдвэрүүд ч ялгаагүй энд тэнд товлогдсоор 20-иод жил болчихлоо. Ядаж л эдийн засгийн бүс болгондоо боловсруулах үйлдвэрүүд барьж, ажиллуулж, охид залуусаа Монголдоо үлдээхсэн, ажиллуулахсан! Ийм зорилго, зорилтыг эрх барьж байгаа намын үйл ажиллагааны эн тэргүүнээ сахих, мөрдөх хууль болгон баталж, хэрэгжилтээр нь ажлыг нь үнэлж, дүгнэдэг болмоор байна.
Сонгогдсон 4 жилдээ ядаж л эдийн засгийн бүс болгонд 1-2 боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтанд оруулаг л дээ! Үйлдвэрүүд бариад л байвал сонгогчид тэр намд л саналаа өгнө шүү дээ!
“Монголчууд бараг юу ч үйлдвэрлэдэггүй. Гэхдээ реклам үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх шахдаг. Гадаадын барааг рекламдаж дотооддоо борлуулах талаар тэд тун ч дээгүүрт ордог юм” хэмээсэн егөөдөл ч буй болжээ. МАН намынхан энэнийг сонссон, уншсан л баймаар даа...
Монголд үйлдвэрлэлийн аль, ямар ч салбарыг хөгжүүлэх боломжтойн дээр аялал, жуулчлалаас ашиг олох бэлэн шахуу нөхцөл бий. Унаган төрхөөрөө байгаа говь, цөл, хээр тал, ой хөвч, уул нуруу, цэлмэг тэнгэр, хурц нар, цэнгэг ус, цэвэр агаар, эко хүнс, морь тэмээн аялал, олон төрлийн ан ав, шувуу, загас, хадан агуй, сүг зураг, булш бунхан гээд тоочих юм бол жуулчдын нүд хужирлах, сэтгэл татах олон зүйл бэлхнээ байж байгаа. Энэ талын ажлыг дэлхийн түвшинд зохион байгуулж чадах хүн хүч, жуулчдын баазууд л хэрэгтэй...
Зөвхөн л дээр дурдсан материаллаг биет нөхцөлд тулгуурлан дүгнэлээ гэхэд л монголчууд бид нэн тааламжтай орчин, нөхцөлд аж төрж байгаа нь үнэн юм. Чухам тийм болохоор л эцэг өвгөд маань “Айлаас эрэхээр авдраа уудал” гэх үгийг захиас болгон үлдээсэн буйзаа. “Юугаар баян байна, түүгээрээ дайлдаг” хэмээсэн үг ч буй.
Тэгвэл бид бусад орны хүн ардыг юугаар ч дайлах бололцоотой ард түмэн юм. Бид алт, мөнгө, зэс, төмөр, газрын ховор металл, уран, эмийн ховор ургамал, бугын цусан эвэр, ховор найрлагатай рашаан ус, халуун рашаан гэх мэтийн мөн ч олон зүйлээр дайлж, бэлэглэж, баярлуулж чадах боломжтой. Монгол хүн, монгол угсаатан, монгол төр ёсны бүтээсэн, үлдээсэн биет болон биет бус соёлын их өвийг маань жуулчид ахин дахин ирж сонирхоод ч ханамааргүй шүү дээ! Монголчууд бидэнд байхгүй зүйл алга, зөвхөн л зөв ашиглах, их хөдөлмөрлөх, чанарыг эрхэмлэх, аль ямар ч чиглэл, салбараар бэлэн бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүнийг л хүний гар дээр тавьж сурах хэрэгтэй байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл (0)