Судлаач Ганаа: Энэ удаагийн сонгууль

Энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой болж байна. Сонгууль явагдах гадаад болон дотоод нөхцөл, сонгуулийн хууль журмын болон сонгуульд оролцож, сонголтоо хийх сэтгэл зүйн төлөв байдал зэрэгт маш их өөрчлөлт оржээ. Энэ бүх “сайн муу” өөрчлөлтийг бүхэлд нь ухаарч ойлгохгүйгээр сонголт хийх нэн түвэгтэй.

 

Гадаад нөхцөл байдал

 

1990-2001 он гартал дэлхийд АНУ, түүний холбоотон Европын Холбоо дэлхийд ноёлж, Барууны либерал үнэт зүйл, үнэлэмжийн баримжаа бидний цор ганц үзэл суртал, хөгжлийн чиг баримжаа болж байв. Энэ нөхцөлд бид Барууны чиг баримжаатай гэдгээ нотолж, хоёр хөршөө “үл тоомсорлох” хандлага гаргаж болж байв. Харин 2001 оны гарсаар Хятад, ОХУ гэсэн хоёр том өрсөлдөгч гарч ирэв. Ингэснээр дэлхий дахины геополитик АНУ, ЕХ гэсэн нэг тал, Хятад, ОХУ гэсэн нөгөө талын зөрчилдөөн, өрсөлдөөн дунд явагдаж, МУ энэ дунд хавчуулагдах болов. Энэ бол 1990-ээд оны гадаад нөхцөл байдал, гадаад тэнцвэр, хүчний харьцаанд гарсан асар том өөрчлөлт юм. Энэ шинэ нөхцөл МУ гадаад бодлогод эерэг сөрөг олон талаар нөлөөлөх нь гарцаагүй, үүний улмаас манай гадаад бодлого, чиг баримжаанд бидний хүссэн, эс хүссэнээс үл хамааран өөрчлөлт гаргах нь дамжиггүй. Энэхүү гадаад нөхцлийн өөрчлөлт ирэх 4 жилд бидний дуртай, дургүйгээс үл хамааран нөлөөлөх болно. МУ-ыг 3 тийшээ, эсвэл 2 тийшээ чангаавал яах вэ ? гэдгээ одооноос бодох ёстой.   

 

Дотоод нөхцөл

 

1990 оноос эхлэн бүрэлдүүлсэн улс төрийн систем нь бүтцийнхээ хувьд илүү дутуу юмгүй, өө сэвгүй мэт харагдах атлаа функциональ ажиллагааны хувьд буруу, нэлээд тохиолдолд ардчилсан зарчим, үнэт зүйлсийн эсрэг ажиллах болов. Манайхан Ерөнхийлөгч, УИХ, ЗГ болон яам агентлаг гэх мэтээр цаг ямагт бүтэц ярьдаг, бүтцээр оролдсоор ирсэн боловч бүтцийн эдгээр бүрдэл, элементүүд өөр хоорондоо яаж зохицон уялддаг, яаж үр дүнтэй ажилладаг функцийн (ажиллагааны) талыг 30 гаруй жилийн турш орхигдуулж ирсэн. Энэ нь монгол төрийн стратегийн алдаа байлаа. Үүний улмаас улс төрийн системийн буруу функциональ ажиллагаа системийн бүтцүүдээ эвдэх хэмжээнд хүрч, улмаар манай улс төрийн систем 30 жилийн дотор антисистем болон хувирч, эхлээд системийн хямрал, улмаар одоо системийн нуралтад хүрээд байна. Системийн нуралтын үндсэн шалтгаан нь эрх мэдлийн хэт төвлөрөл бий болгосон, үндэсний болон нийгмийн баялгийн хуваарилалтад монополь давуу эрх тогтоож дангаараа хянах болсон, боловсон хүчний бодлогыг явцуу хүрээллийн хэмжээнд хүртэл гажуудуулсан, хууль, хүчний байгууллагуудыг улс төрийн зэвсэг болгосон гаж механизм юм. Тодруулж хэлбэл манай өнөөгийн төр засаг сайн муу ямар ажил хийж чадахгүй болтлоо бууран доройтжээ. Ард түмэн үйлдлийн хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч төр засагт итгэхээ байжээ. Энэ нөхцөл байдлыг дээр доргүй бүгдээрээ мэдэж, мэдэрч байна. Ямар ч тохиолдолд хуучнаараа амьдрах боломжгүй болжээ.  

 

Шинэ түвшний өрсөлдөөн

 

Дээрх нөхцөл байдлын улмаас нэг талаас МУ-ын улс төрийн системийг уналт нуралтад хүргэсэн хуучин хүчин, нөгөө талаас энэхүү адгийн системийг өөрчлөх гэсэн шинэ хүчний хоорондын тэмцэл өрнөж байна. “Өөрчлөх” гэдэг агуулга нь: төрийн эрх мэдлийг зүгээр л эзлэн авах, хуучин хэвээр нь ажиллуулах, бага зэрэг засвар хийх, нэлээд том өөрчлөлт хийх, системийн эрс шинэчлэл хийх гэсэн маш олон агуулгатай. Аль хэмжээгээр “өөрчлөх” нь энэ удаагийн бидний сонголтоос хамаарна.  

 

Иймээс ирэх сонгуулийн онцлог нь: улс төрийн тэмцэл “уламжлалт” байдлаар МАН, АН болон бусад намын хооронд биш, харин намууд доторхи хуучин, шинэ бүлгүүдийн өрсөлдөөнөөр тодорхойлогдож байна. Энэ онцлогийг мэдэхгүйгээр сонгуульд МАН, АН болон бусад эвсэл, намууд өрсөлдөж байна гэж хуучнаараа ойлгож оролцвол ард түмэн л хохирч үлдэнэ. 

 

Байгаагаас нь сонгох зарчим

 

Манайхан бид ардчилсан улс учраас дуртай нам, дуртай хүнээ сонгоно гэж ойлгодог нь тун их эндүүрэл. Үнэндээ сонгогчид нам, эвслүүд хийгээд тэдний сонгон авч бидэнд тулгаж буй хүмүүс дундаас сонголтоо хийдэг. Ө.х. сонгогчид бид нам, эвслүүдийн гаргасан жагсаалтад байгаа хүмүүсээс сонгодог ба үүнийг “байгаагаас нь сонгох ёс” (зарчим) гэнэ.

Намууд өрсөлдөж байхад харьцангуй ойлгомжтой байв. Харин одоо бол намууд доторхи бүлэглэлүүд өрсөлдөж байгаа шинэ нөхцөл нь сонголтыг тун ээдрээтэй, үлэмж түвэгтэй болгож байна. Сонгогчдын өмнө “байгаагаас нь яаж сонгох вэ ?” гэдэг маш хүнд асуулт тулгарч байна.

 

Нам эвслүүдийн зовлон болон сонголт

 

Мэдээж УИХ-д нэр дэвшүүлэх 126 хүнээ олно. МАН, АН хоёрт нэр дэвших хүсэлтэй, бас мөнгөтэй 126 байтугай, түүнээс 3-5 дахин олон горилогч бий. Хэтэрхий олон горилогч-өрсөлдөгч бий болж, 76-ийн хүрээнд сонголт хийх боломжгүй болсон учир гишүүдийн тоог 126 болгосон юм. 126 хүн сонгож авах нь хүртэл “бөөн зовлон” юм. Нам доторхи бүлэглэл болгон “өөрийн хүнээ” шахахыг бодох нь мэдээж хэрэг. Бүлэг болгоноос “хувь тэнцүүлэн” сонгож авах “хамгийн амархан” арга байгаа боловч сонгуулийн дараах гарцаагүй болох өрсөлдөөн тэмцлийн үед нам олон фракци болон хуваагдах гарцаагүй бөгөөд зайлшгүй нөхцөл юм. Сонгуулийн дараа намаа олон фракци болгоод тараагаад хаяхыг ямар ч намын дарга хүсэхгүй. Иймээс аль болохоор “өөрийн хүнээ” олон болгохыг хүснэ. Нам, эвслүүд 126 хүнийхээ ихэнхийг аль хэдийн сонгочихсон, одоо цөөн зарим асуудал л үлдээд байна.

 

Тойргийн 78 ба жагсаалтын 48

 

126 нэр дэвшигчээ сонгож олсны дараагийн том зовлон үүснэ. Зүгээр л тэнгэр харж байгаад 78:48 гээд хуваачихна гэж бодвол тун их эндүүрлээс гадна маш том аюул. Нэр дэвшигчдээ жагсаалтад, эсвэл тойрогт зоох нь улс төрийн урлагийн дээд төрөл юм. Яагаад ? Намын жагсаалтын 48-д шинэ хүмүүсээ түлхүү оруулах нь ашигтай. Учир нь намынхаа “нэр сүр”, “жин”-гээр шинэ хүмүүсээ УИХ-д оруулах боломж нэмэгдэнэ. Онолын хувьд жагсаалтын 24-өөс доош орсон хүн найдлага багатай.

 

Үүнийг арай тодруулбал: МАН-ын хувьд жагсаалтын 30-аас дээш, АН-ын хувьд 24-өөс дээш, бусад нам эвслийн хувьд 1-3-т эрэмбэлэгдэж байж УИХ-д орж болно. Энд хэлсэн тооноос хойш эрэмбэлэгдвэл УИХ-д орох найдвар “0”-тэй тэнцүү.

 

Намын жагсаалтыг эр эмээр нь салаавчлах учраас “найдвартай хүүхнүүдээ” жагсаалтын дээгүүр тавихыг эрмэлзэх нь зүйн хэрэг. 38 хүүхэн заавал нэр дэвших хуультай. Яг үнэндээ бол 38 ш “найдвартай хүүхэн” олох тун хэцүү ажил. Манай сонгогч хүүхнүүд “хүүхний төлөө” санал өгөх тун дургүй. Харин эрэгтэй сонгогчид “шинэ” хүүхэнд дургүй, зөвхөн таньдаг “хуучин” хүүхнээ дугуйлдаг хачин зүй тогтол байдаг. Одоо бол намуудын жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэх өрсөлдөөн ид явагдаж байна. Энэ ч гэсэн мөнгөн үнэлгээтэй. Тойргийн 78-ын төлөө өрсөлдөөн тойрог томруулснаас үүдэн маш их онцлогтой болно. Хуучин системээр бол нутгийн баян баагий өөрийн аймагтаа эзэн сууж, хуваарьгүй ноёрхож даналздаг байсан бол энэ байдал эрс өөрчлөгдөв. “А” аймгийн баагий аймгаасаа гарч зэргэлдээ “Б”, “В” аймагт очвол түүнийг танихгүй, мэдэхгүй. Учир нь монголчууд “нутгийнхаа хүнийг” сонгодог заншилтай.        

 

Тойрогт сонгох үед сонгогчид 13 тойрог буюу “бүлэглэсэн аймгууд”-д ногдсон мандатын тоогоор дугуйлна. Мандатын тоо хүн амын тооноос хамааран янз бүр бөгөөд Баян-Өлгийг эс тооцвол тойрог бүр 3-10 мандаттай. Товчоор 3 мандаттай тойрогт 3 хүний нэрийг дугуйлна, 10 мандаттай тойрогт 10 хүнийг дугуйлна. 

 

Энэ нь манай сонгогчдын дасаж дадаагүй сонголт юм. Монголчууд 3 хүртэл улс төрчийг цээжээрээ дугуйлж чадна. Харин 3-аас дээш хүний нэр дугуйлах болбол ёстой Бурхан мэдэх хэрэг. Үүнийг хүүхдийн “онгоц буудах” тоглоомтой зүйрлэж болно. Энэ үед “саналын сарнилт” буюу “саналын задгайрал” үүснэ. Энэ бол эрх баригчдад маш том аюул юм. Энэ тохиолдолд тодорхой тойргоос нэр дэвшсэн 3-10 хүнээ бүлэг болгон зангидаж, араасаа чирж, дагуулж гарч ирэх 1-2 манлайлагчийн шаардлага үүснэ. Тойрогт очсон нам, эвслийн нэр хүнд бүхий лидер жагсаалтад багтаагүй 1-2 хүүхэн дагуулж явбал илүү амжилт үзүүлэх нь гарцаагүй. Хэрэв тойргийн жагсаалтыг толгойлох эр, эм хоёр нэр дэвшигч нэр хүнд сайтай бол бусдыгаа найдвартай чирж гаргаж чадна. Аль нэг нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдийн хувь заяаг эхний хоёр хүн шийдэх бөгөөд тэд нэр хүндээрээ саналын савалгааг өөрт ашигтай эргүүлж чадна.

 

Олон түмний сэтгэл зүй

 

Ердөө л жилийн өмнө ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс, БЗС, ногоон автобусны хэргүүдээс улбаалж намуудын, ялангуяа МАН-ын нэр хүнд навсайтлаа унасан. Гэвч энэ байдлыг ашиглан улс төрийн талбарт цойлоод гараад ирэх гуравдагч хүчин гарч ирсэнгүй.

 

Нэгэнт хүчтэй сөрөг хүчин байхгүй шахам тохиолдолд институтжсэн, зохион байгуулалтай, сүлжээтэйгээс гадна “дасаж сурсан” МАН, АН хоёр руу ихэнхи санал урсах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл манай сонгогчид “байгаагаасаа сонгох” нь дамжиггүй.    

    

“МАН, АН-ын рейтинг навс унасан, иймээс санал бидэн рүү эргэнэ, иймээс суудлаа үнэ хүргэж зарна” гэж бодвол ихээхэн тэнэглэл болно. Сүүлийн үеийн “сайн муу” олон судалгаагаар “дарга” МАН, “орлогч” АН хоёр бараг ялчихаад байна.

 

Энэ сонгуулийн бас нэг том онцлог нь дараагийн ЕС, ЗГ-ийн төлөө өрсөлдөөн юм. Одоо ч гэсэн энэ өрсөлдөөн эхэлчихээд байна. 

Сонгуулийн дараа

 

Жинхэнэ зовлон зүдгүүр чинь сонгуулийн дараа эхэлнэ. Сонгуулийн дараах УИХ нам доторхи бүлэглэлүүдийн холимог, эвлүүлэг, мозаик болох нь гарцаагүй. Хамгийн эхлээд ЗГ, ЕС-ийн төлөө тулалдаан эхэлнэ. Учир нь ҮХ-ийн өөрчлөлтөөр ЕС-ийн эрх мэдлийг ихээхэн нэмэгдүүлсэн. Өөрийн бүлгээс ЕС гаргаж ирсэн бүлэглэл давамгайлах бүлэглэл болно. Энэ асуудлыг яаж ийгээд шийдлээ гэхэд асар удалгүй орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тэмцэл эхэлнэ. Энэ асуудал ҮХ ахин өөрчлөх эсэхдээ тулах нь гарцаагүй.

 

Шийдэх ёстой тулгамдсан асуудал толгойтой үснээс их. Эдгээрийн томоос нь дурдвал:

 

Нэг. Гадаад орчны тал тал тийш чиглэсэн нөлөөлөл, шахалт, дарамт ихсэж, бид арга буюу сонголт хийхэд хүрнэ. Энэ нь манай дотоод улс төрийн чиг баримжаа, бодлого, шийдэлд хүчтэй нөлөөлнө. 

 

Хоёр. Алт, зэс, нүүрс зэрэг “уламжлалт” баялаг дээр уран, газрын ховор метал зэргийн “уламжлалт бус” баялгийг эзэмдэх, түүнд хяналтаа тогтоохын төлөө “шинэ түвшний” тэмцэл эхэлнэ. Ирэх 4 жилд “шинэ түвшинд” булаалдах, идэж уух мөнгөний хэмжээний дэргэд одоогийн идэж уусан хэмжээ бол зүгээр л хүүхдийн тоглоом юм.          

 

Гурав. Хуучин хэвээрээ цааш явах боломж шавхагдсан тул их бага хэмжээний шинэчлэл хийх нь гарцаагүй бөгөөд энэхүү шинэчлэлийг “их бага”, “зөв буруу” хийх асуудлыг тойрсон улс төрийн тэмцэл өрнөнө. Энэ нөхцөлд улс төрийн тэмцэл улам хатуу ширүүн хэлбэртэй болох бөгөөд энэ тэмцлийн явцад улс төрийн шинэ бүлэглэлүүд ялгаран гарна. Өөрөөр хэлбэл одоо байгаа улс төрийн бүлэглэл хооронд нийлэх, салах, шилжих, дахин бүлэглэх, өдөөн хатгах, хуйвалдах, бослого гаргах хөгийн олон үйл явц тасралтгүй болно. Энэ учрыг нь олохооргүй олон хөгийн үйл явцад бид хэд (!!!) оролцож л таараа.

 

Энэ сонгуулиар хэнийг сонгох вэ ? гэж асуух нь ёс. Мэдээж би олон шалгуур хэлж чадна, гэхдээ энэ бүх олон шалгуур хэрэг болохгүй. Би хэлээд өгсөн ч манайхан түүнийг огт тоохгүй.

 

Ямар ч гэсэн хулгай хийхгүй хүнийг сонгох ёстой. Гэвч харамсалтай нь тийм хүн бараг байхгүй. Иймээс арай бага хулгай хийх болов уу гэж найдсан хүмүүсээ, дайчин, идэвхитэй хүмүүсээ сонгох ёстой.

 

Би хоёрхон шалгуур хэллээ шүү: нэг. Арай бага хулгай хийх, хоёр. Дайчин, идэвхитэй.

Эрх биш 2-хон юмыг тогтоочих байлгүй гэж найдаж байна…

 

 

 

Судлаач Х.Д.Ганхуяг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Бат (127.0.0.1)

    2024-05-21

    Болдогсон бол параламентаа 2 танхимтай болгомоороо