Профессор О.Болормаа: Нэг ширхэг ч үс үлдээдэггүй гэмт хэрэг гэж байдаггүй
- 2024-05-21
- Нийгэм
- 0
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаатай ярилцлаа.
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор сүүлд цагдаагийн байгууллагаас нотлох баримтаар авагдсан үсийг АНУ-д шинжлүүлж байгаа талаар саяхан мэдээлсэн. Хүний үс гэдэг юуг өгүүлдэг талаар судалдаг гол хүн та шүү дээ. Энэ талаар дэлгэрүүлмээр байна?
-Үс гэдэг дайвар эрхтэн. Гоо сайхны хувьд гоё сайхан харагдана, нөгөө талаар биднийг нарны туяа, салхинаас, хүйтнээс хамгаалдаг.
Үсний шинжилгээ нэг талаас шүүхийн шинжилгээнд маш чухал ач холбогдолтой. Ямар ч хэрэг гарсан тэнд нэг ширхэг үс үлдэхгүйгээр хэрэг үйлдэгддэггүй гэдэг том ухагдахуун байдаг. Би анх 1999 оноос Шүүхийн хүрээлэнгийн Д.Доржготов гуайтай ”Хүний үс” төсөл дээр ажиллаж эхэлсэн. Тэр үед үсний эвэрлэг бүрхэвч, хайрслаг давхраануудыг микроскофоор ажиглаад хэргийн газар үзлэгээс ирсэн үсийг яг жинхэнэ сэжигтэн мөн үү, биш үү гэдгийг харьцуулж үздэг шинжилгээ хийгддэг байсан.
Миний хувьд 1993 онд хоёрдугаар дамжааны оюутан байхаас эхлээд үсний шинжилгээнд суралцаж эхэлсэн. Тухайн үед намайг өөрийнхөө судалгааны багт урьсан профессор эмэгтэй бол Оросын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Н. Смагунова байсан. Энэ хүн ренгеспектер аргуудаар хүний үсийг судалж болох юм байна гэдгийг гаргаж ирсэн доктор. Би тухайн үед энэ судалгаанд дурлаж эхэлсэн нэг үндэслэл бол Наполеон хааныг ходоодны хорт хавдраар нас барсан гэж түүхэнд үздэг. Гэтэл маш олон жилийн дараа үснийх нь шинжилгээ хийгдсэн. Эрүүл хүний үс ойролцоогоор сард нэг см ургадаг гэж үзээд түүний дагуу хөөхөд Наполеоныг тухайн үед сүүлийн гурван сарын туршид хүнцлээр их тунгаар хордуулсан нь илэрсэн байдаг. Энэ талаар би уншиж судлаад хүний үс бол биоиндикатор байж болох юм байна. Хүний биед байгаа бүх юмыг үс тольдож гаргаж ирдэг юм байна гэж харсан.
-Ингээд та судалж эхэлжээ дээ. Өнгөрсөн хугацаанд үсний судлал дээр ямар шинэ зүйлс бий болсон байдаг юм бол?
-Энэ хугацаанд үсийг орхиогүй. Нэгд, Д.Сэржээ доктортой хамтран цусны даралт ихсэх өвчтэй хүмүүст элементүүдийн шинжилгээ өөрчлөгдөөд байдгийг тогтоож патент авсан. 1000 гаруй хүнд шинжилгээ хийсэн байдаг. Дараа нь Шастины нэрэмжит III эмнэлгийн хоол боловсруулахын эмч доктор С.Наранцэцэгтэй хамтран элэгний вирусийн өвчлөл, элэгний хатуурал буюу хавдрыг үечилж үзээд элементүүдийн шинжилгээг хийсэн. Ингээд химийн нарийн задаргаатай шинжилгээ хийдэг нь анагаах ухаантай хосолж байна, шүүхийн шинжилгээтэй хосолж байна гэдгийг тодорхойлж, хэрэглээ рүү орсон талаар хэлээд байгаа юм. Ингээд нэг дээр нь патент авч, нөгөө сэдвээр нь олон улсын өгүүлэл хэвлүүлсэн байдаг.
Би бас Эрхүүд оюутан байхдаа цайрын дутагдалд орсон хүүхдүүд халзардаг шалтгааныг тодруулж судалгаа хийсэн. Ер нь анагаахын хэрэглээний салбар сүүлийн үед нэлээд хөгжиж байгаа. Түүнээс гадна бид үсэн дээр гоо сайхных нь талаас шинжилж үзсэн. Яагаад үс шингэрээд байна, унаад байна гэдгийг тодруулсан гэсэн үг. Нэг бол эрдэсийн дутагдалд орж байна, нэг бол хэт их эрдэс байна. Нэг илүүдээд байгаа, нэг дутаад байгаа зүйл дотор балансыг барьж амьдрах ёстой.
-Үс гэдэг маш олон зүйлийг өгүүлдэг дайвар эрхтэн гэж ойлголоо?
-Тэр битгий хэл цусанд тодорхойлоход хэцүү шинжилгээг бид үсэн дээр хийж байна. Нэг ёсондоо өндөр хүчин чадалтай нарийн тоног төхөөрөмжөөр хэмждэг багаж МУИС дээр ажиллаж байна. Ингэж судалдаг шинжилгээний төвүүд Солонгос, Япон, Финланд, Америк, Москвад байдаг. Энэ талаас нь харвал манайх адилхан түвшинд хөгжиж байгаа. Гэвч бид судалгааны байгууллага учраас оношилгооны төв шиг ажиллаж чадахгүй, хүртээмж муутай.
-Үс уналт, гэмтлийг судалсан гэлээ. Ямар үр дүн гарсан бэ?
-Ямар элементүүд дутагдаад, ямар нь илүүдвэл үс унаад байгаа шалтгааныг гаргаж ирсэн. Кобельт, төмөр, цайрын агууламж өөрчлөгдсөн байвал үс унах шалтгаан болдог байх жишээтэй. Бид дэлхийн дундаж стандартыг барьж үзэж байгаа юм. Ер нь алсдаа монгол хүний эрэгтэй, эмэгтэй дундаж стандарт ямар байх вэ гэдгийг хийхийн тулд нэлээд олон шинжилгээний үр дүн цуглуулж ажиллах ёстой.
-Тэгвэл үсээр ямар үндэстэн, ямар хүн болохыг тодорхойлж болох уу?
-Ер нь боломжтой. Үсэн дэх меланицит, меланим гээд фигменттэй холбоотой. Үсний бүтэц өөрөө янз бүр. Диаметр, өнгө гээд. Бүр энгийнээр хэлбэл, Азид бол үсний өнгө хар бараан. Ази хүмүүсийн үсний диаметр өөр. Африк, Европ өөр өөр. Үсний бүтцүүд нь ч өөр. Дээрээс нь бид ямар орчинд амьдарч байна вэ, амьдрах орчин яаж нөлөөлж байна. Сүүлийн үед агаарын бохирдол хүний үснээс гарч ирээд байна ярьдаг болсон. Энэ бол яалт ч үгүй үндэстэн угсаатнаараа өөр байх боломж гарч ирж байна.
-Наполеоны үсээр олон жилийн дараа хэргийг илрүүлж байсан гэж та онцоллоо. Өнөөдөр 30 орчим жилийн дараа С.Зоригийн хэрэгт үс судлахаар болж байна. Тэгэхээр үс ямар цаг хугацааны дараа мэдээлэл илрүүлж болно гэж ойлгох вэ?
-Болно. Үс гэдэг тухайн хүний генийн өөрчлөлттэй холбоотой. Нарийн генийн шинжилгээгээр баталж болно. С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр тухайн үед намайг ажиллах уу гэдэг санал тавьж байсан. Тухайн үед би судалгаагаа эхлүүлээд удаагүй байсан. Нэгээс хоёрхон ширхэг үсэн дээр бүтцийг алдагдуулахгүйгээр шинжилгээ хийнэ гэдэг одоо ч үс судалж байгаа хүмүүсийн хувьд мөрөөдөл, хүнд асуудал хэвээрээ байгаа гэсэн үг.
-Үсээр сэжигтнийг илрүүлэхээс гадна хохирогчийг юунаас болж амиа алдсаныг тогтоож болох уу?
-Аль алиныг нь хийж болно. Энэ хүн үйлдсэн үү гэдгийг харж болно. Гурван сэжигтэн байлаа гэхэд аль нэгийг нь сэжиглэж байгаа үед үсээр нь тогтоож болно гэсэн үг.
-Үс судлал шүүхийн шинжилгээнээс гадна өөр ямар салбарт хувь нэмэртэй байж болох вэ?
-Үс судлалыг шүүхийн шинжилгээнээс гадна эмнэл зүйд ашигладаг. Жишээ нь, цус шээс үзэхээс илүү амарханаар ямар ч өвдөлт зовиургүйгээр хүний үснээс шинжилгээ аваад эрүүл мэндийг нь тольдож байна. Энэ тохиолдолд үс биоиндикатор болж байгаа юм.
-Манайд энэ төрлийн шинжилгээ нэвтэрсэн үү?
-Хоёрдугаар эмнэлгийн зүрх судасны тасаг, Гуравдугаар эмнэлэг, АҮШУИС-аас багш нар нь харшилтай хүүхдүүдийн шинжилгээг хийлгэж байна. Энэ бол үс судлал эмнэл зүйд орж ирж байна гэсэн үг. Мөн хүрээлэн буй орчин, хоол судлалтай холбогдож байна. Түүнээс гадна гоо сайхан талаас ч өндөр судлагдсан. Үс уналт, үс цайралт, эсвэл бууралт гэж ярьж байгаа. Сүүлийн үед ази хүмүүст 25-наснаас өмнө эрт бууралттай, 35 наснаас хойш бол хэвийн гэж үздэг байх жишээтэй. Гэтэл европ хүнд 40 наснаас хойш бууралттай байх жишээтэй.
-Шүүхийн шинжилгээний хувьд АНУ-д, олон улсад яаж хөгжиж байна вэ?
-Сүүлийн үеийн өгүүллүүдийг харахад мэдээж АНУ-д шүүх шинжилгээ маш өндөр хөгжсөн. Гэхдээ дутахгүйгээр Япон, Солонгост ч адилхан. Дээрээс нь сонирхуулж хэлэхэд, Япон улс япон хүний үсний стандарттай орон. Хэд хэдэн орон ийм байдаг. Азид бол Япон. Япон хүний үсэнд байдаг элементүүдийн агууламж ийм байх ёстой гээд тогтоочихсон.
-Үсэн дээр шүүхийн шинжилгээний хувьд шинэ төрлийн судалгаа, хэрэглээ гарсан уу?
-Гэмт хэрэг илрүүлсэн талаар шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтэлдэггүй. Шүүхийн шинжилгээнд хэрэглэдэг гэсэн хэвлэлийн тоймууд байна гэхээс ийм шүүхийн шинжилгээгээр ийм хэргийг илрүүллээ гэдэг нууцлалтай. Тиймээс энэ тал дээр олон улсын өгүүлэл байдаг гэдгийг хэлж чадахгүй.
Эрүүл мэндийн хувьд шинэ хэрэглээг бий болгож байгааг дээр хэллээ шүү дээ. Тухайлбал, манайд өнөөдөр маш том асуудал болоод байгаа өвчлөл аутизм. Нэлээд хэдэн жилийн өмнө АНУ-д хар тугалганы хордлогоос болж аутизмтай байдаг гэх өгүүлэл гарсан байна гээд төрийн бус байгууллагын хүмүүс над дээр ирээд шинжилгээ хийгээд өгөөч гэсэн. Миний гол ажил энэ болчихоод байгаа юм. Аутизмтай хүүх-дүүдийг судалъя. Нөгөө талаар судлаач хүний хувьд нийгэмд оруулах хувь нэмэр гэж байх ёстой. Тиймээс аутизмтай хүүхдүүд гараад ирэхэд шинжилгээг нь ямар ч үнэ төлбөргүй хийдэг. Энэ төрлийн шинжилгээг аав ээжтэй нь хамт хийдэг. Аутизмтай хүүхдүүдийн 90 орчим хувь нь эрэгтэй хүүхдүүд байдаг. Урьдчилсан байдлаар хар тугалганы хордлого гэж үзэхгүй байгаа. Харин өөр нэг зүй тогтол ажиглагдаж байгаа. Тиймээс удахгүй судалгаагаа дуусгаад олон улсын өгүүлэл гаргахаар бэлдэж байна.
Б.Энхзаяа
Сэтгэгдэл (0)