Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”
- 2024-05-22
- Нийгэм
- 0
ҮЙЛДВЭР...
Эрдэнэтийн Овоо уул нь Орхон аймагт, Орхон Сэлэнгийн савд орших зэс молибдены хүдрийн баялаг бүхий уул юм. Энд Эрдэнэт хэмээх зэс молибдены том үйлдвэр 1978 онд ашиглалтад оржээ. Хүдрийн бүс нь баруун хойшоо чиглэн 1.5-3 км өргөн, 25 км үргэлжлэн тогтжээ. Эрдэнэтийн Овоо уул нь 1607 метр өндөр байв. Орд газар нь улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойт зүгт 60 км мөн ОХУ-ын хилээс 140 км-т тус тус байрладаг. Дорнод сибирийн төмөр замын сүлжээтэй Наушк өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогддог. Өдгөө "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлон, 37.2 сая тонн хүдэр боловсруулж, 600 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5000 гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.
1963 он
“Эрдэнэтийн Овоо” ордыг Чех, Монголын геологичид нээж, уг орд газарт хайгуулын ажлыг гүйцэтгэсэн. Зөвлөлтийн геологичид орд газрын нарийвчилсан хайгуулыг үргэлжлүүлэн богино хугацаанд хийж дуусгажээ.
1972 он
“Эрдэнэтийн Овоо”-ны зэс, молибдены ордыг эзэмших ТЭЗҮ-ийг баталжээ.
1973.2.20
Ордыг ашиглах талаар БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд хэлэлцээрийг байгуулсан.
1973.11.22
БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулав.
1991 он
“Эрдэнэт” үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр болов.
2003 он
Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр ажиллаж эхлэв.
2016 он
ОХУ-ын “Ростех” корпорац өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшив.
2019.3.21
Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг батлав.
ҮЙЛДВЭРЛЭЛ...
1978 он
Анхны баяжмал гарган авч, жилд 4 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулав.
1980 он
Жилд 8 сая тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийн хоёрдугаар ээлжийг ашиглалтад оруулав.
1981 он
Үйлдвэрийн дөрөвдүгээр ээлжийг ашиглалтад оруулж, жилд 16 сая тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадалтай болов.
1989 он
Уулын баяжуулах үйлдвэрийн тавдугаар ээлжийг ашиглалтад оруулж, хүдэр олборлох, боловсруулах хүчин чадлыг жилд 20 сая тонн хүртэл нэмэгдүүлэв. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш 1 сая тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.
1994 он
Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ийг баталсан бөгөөд “Тэсрэх бодисын үйлдвэр” ашиглалтад орсноор гадаадаас энэ төрлийн туслах бүтээгдэхүүн авахыг зогсоов.
1995 он
Баяжуулах фабрикийн VI секцийн баяжуулах машинуудад техникийн бүрэн шинэчлэл хийж, Хүдрийн ил уурхайд СБШ-250 МНА маркийн өрмийн шинэ машин нэвтэрч эхлэв.
1996 он
Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ийг авч хэлэлцээд үйлдвэрийн техникийн шинэчлэлийг бүрэн хийх тухай Засгийн газрын 05 тоот тогтоол гаргав. Catterpillar фирмийн 136 тонн даацтай, БелАЗ-7512 маркын 120 тонн даацтай өөрөө буулгагч машинуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв. ОХУ-аас эрчим хүч импортолж эхлэв.
1997 он
Хүдрийн ил уурхайд шинэ маркийн ЭКГ-10 экскаватор нэвтэрч эхэлсэн бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2 сая тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.
2000 он
Эрдэнэт үйлдвэрт 15-аас дээш жил ажилласан хүмүүст амьдарч буй орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчлах шийдвэрийг гаргав. Дараа нь Зөвлөлийн 31 дүгээр хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрийн бүх ажилчдыг дээрх шийдвэрт хамааруулахаар шийдвэрлэв. Мөн хам хөвүүлэн баяжуулах хэсгийг ашиглалтад оруулж, жилд 24 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов.
2001 он
Нэгдүгээр хосолсон секцийн техникийн шинэчлэлийг бүрэн дуусгаснаар тус секц нь 10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов.
2002 он
Авто тээврийн байгууллагад БелАЗ-75145 маркийн 130 тонн даацтай өөрөө буулгагч нэвтэрч эхлэв.
2005 он
Хүдрийн ил уурхайд “Liebherr” фирмийн 18 метр куб эзэлхүүнтэй шанага бүхий эксковатор үйлдвэрт ашиглаж эхлэв. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 3 сая тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.
2006 он
Баяжуулах фабрикийн V ээлжийг бүрэн шинэчилснээр төслийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж, 6 сая тн хүдэр боловсруулах боломжтой болов.
2008 он
Монголд анх удаа 15 метр куб хүдэр ачих боломжтой ЭКГ-15 гинжит эксковаторыг ашиглалтад хүлээн авав. Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсны 30 жилийн ойн баярын хурал 2008 оны 12 сарын 13-ны өдөр болов.
2010 он
Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, бүрэн шинэчлэгдсэн III секцийг ашиглалтад оруулав.
2011 он
Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах IV секцийг шинэчилж ашиглалтад оруулав.
2012 он
Хүдэр боловсруулалт 26 сая тонн-д хүрэв.
2013 он
Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах VI секцийг шинэчилж ашиглалтад оруулав.
2014 он
“Эрдэнэт үйлдвэр” түүхэндээ анх удаа 640 цооног тэсэллээ.
2015 он
Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтад орлоо.
2016 он
“Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монгол Улсын үндэсний үйлдвэр боллоо.
2017 он
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 48 мВт-ын турбингенератороор өргөтгөж, эрчим хүч үйлдвэрлэгч боллоо.
2019 он
Зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэн, 37.2 сая тонн хүдэр олборлож, 32.2 сая тонн хүдэр боловсруулсан нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болов.
Овоолго...
“Эрдэнэт үйлдвэр” 1977 оноос исэлдсэн хүдрийг тусад нь овоолго үүсгэж эхэлсэн бөгөөд баяжyулах үйлдвэрийг 1978 онд ашиглалтад оруулснаар хөрс, ядуу агуулгатай худэр, исэлдсэн хүдэр гэж ангилж иржээ.
Тус үйлдвэрт 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 0.202 хувийн дундаж агуулгатай, 451 мянган тонн металл аryулсан, 227.9 сая тонн ядуу агуулгатай хүдрийн 6, 0.599 хувийн дундаж агуулгатай, 258.2 мян.тонн металл агyулсан, 51.9 сая тонн исэлдсэн хүдрийн 4, нийт 10 овоолго байна. Эдгээр нь үйлдвэрийн нөөц баялгийн балансад бүртгэлтэй байдаг бөгөөд овоолго үүсгэхэд гарсан зардлыг тухайн жилийн үйлдвэрлэлийн зардалд бүртгэдэг ба өнөөгийн үнэ цэнээр 500.1 сая ам.доллар болж байна. Ядуу агyулгатай хүдрийн 4a, исэлдсэн хүдрийн 10а овоолгyудыг хааж, бусад дээр нь одоо ч хүдэр буулгасаар байгаа юм.
Ил уурхайн эргэн тойронд баяжуулах үйлдвэрийн технологид таарахгүй, ядуу агуулгатай учраас бараг 40-өөд жилийн турш зөөн асгаж хураасаар байгаа хаягдал, балансын бус хүдрээс хэдийнэ цэвэр зэс гаргаж эхэлжээ.
Эдгээр овоолго тус бүр харилцан адилгүй буюу балансын бус, исэлдсэн хүдэр гэх мэтээр ялгаатай. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хоёр төрлийн хүдрийн овоолго аж.
1.Тодорхой нөхцөлд үр ашигтай буюу балансын бус хүдрийн овоолго № 8, 9, 2, 4а (Зэсийн агуулга 0.10-0.25 хувь)
2.Исэлдсэн хүдрийн овоолго. № 10а, 2б, 8а, 12 (Зэсийн захын агуулга 0.25 хувь, исэлдсэн зэсийн исэлдлийн зэрэг 10 хувиас дээш)
"Эрдэнэт үйлдвэр"-ийн баяжуулах үйлдвэр нь флотацын технологиор боловсруулах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд исэлдээгүй үндсэн хүдэр ашигладаг. Иймд исэлдлийн зэрэг өндөртэй буюу исэлдлийн зэрэг 10 хувиас их хүдрийг боловсруулахад технологийн горим тохирдоггүй тул овоолго үүсгэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр" ойролцоогоор 182 сая тонн исэлдлийн зэрэг өндөртэй хүдрийн 12 ширхэг овоолго үүсгэсэн байдаг. Дээрх хүдрээс 480 мянган тонн зэс, 16500 тонн молибден үйлдвэрлэх боломжтой. Энэхүү овоолгуудаас SX/EW буюу УРВУУ ХАНДЛАЛТ ЭЛЕКТРОЛИЗИЙН аргаар КАТОД-ын зэс үйлдвэрлэх төслийг "Эрдмин" болон "Ачит Ихт" компаниуд хэрэгжүүлж амжилттай ажиллаж байна. Жилд дунджаар 15,000 орчим тонн цэвэр зэс үйлдвэрлэн экспортолж байна. Ерөнхийдөө зэс үйлдвэрлэх технологи нь ижил боловч "Зэс эрдэнийн хувь" ХХК зэсийн авалтыг нэмэгдүүлэхийн тулд хүдрийг буталж нуруулдан уусгаж SX/EW буюу урвуу хандалт электролизын аргаар зэс үйлдвэрлэнэ. Жилд 10 мянган тонн зэс үйлдвэрлэхээр техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг эхэлэхэд бэлэн болгоод байна.
Тухайн үед БНМАУ-ын Ашигт малтмалын нөөцийн улсын комиссыг удирдаж, Эрдэнэтийн Овооны орд газарт хийсэн нарийвчилсан хайгуулын ажлын дүн, нөөцийн тооцоо тайланд гарын үсэг зурж байсан Ерөнхий сайд асан Д.Содном “Бага агуулгатай, исэлдсэн хүдрийн овоолгыг балансаас хасаж байсан. Тэр үед исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглах технологи байгаагүй. Харин одоо барууны өндөр технологийг нэвтрүүлж, балансын бус овоолгыг ашиглах болсон нь сайшаалтай" хэмээж байв. Ер нь бол ядуу агуулгатай, стандартын бус гэх мэтээр нэрлэгддэг байсан хүдрийн овоолгууд эхлээд "Эрдмин" дараа нь "Ачит-Ихт"-ийн хөрөнгө оруулалт, технологийн ачаар хэдийнэ үнэ цэнээ олжээ.
“Эрдмин” ХХК
“Эрдмин” ХХК исэлдсэн болон холимог хүдрийн 2А овоолгыг ашиглан нуруулдан уусгах технологиор боловсруулалт хийж, жилд дунджаар 2920 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэй.
Үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцийн хувьд 1995-2011 оны хооронд 14.7 сая тонн исэлдсэн хүдэр, 2.8 сая тонн балансын бус хүдэр нийт 121.5 мянган тонн зэс агуулсан 17.5 сая тонн исэлдсэн болон балансын бус хүдрийг “Эрдмин” ХХК-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэрээгээр нийлүүлсэн.
Овоолго ашиглалт:
1994 он
Уурхайн овоолгууд дахь исэлдсэн хүдэр дээр туршилт, судалгааны ажлыг хийж эхэлсэн.
1997 он
“Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус, исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглаж жилдээ 99,999 хувийн цэвэршилттэй 3000 тонн катодын зэс гаргах хүчин чадалтай, Dump Leaching-SX/EW технологи бүхий “Эрдмин” ХХК-ийн туршилтын үйлдвэр ашиглалтад оруулсан.
2005 он
Зэс утас үйлдвэрлэж эхлэв.
2007 он
Цахилгааны зэс утас үйлдвэрлэдэг болов. Чухам аль овоолгыг ашигладаг тухай мэдээлэл байхгүй ч нэгдүгээр овоолгын хэсгийг бололтой. Овоолгыг 40 жил ашиглах эрхтэй гэдэг.
Хувь эзэмшил:
1994.3.14
“Эрдэнэт” концерн /тухайн үеийн нэрээр/ 51 хувь, АНУ-ын RCM Inc компани 49 хувийг эзэмшиж хоёр тал гэрээ байгуулсан. Ингэхдээ “Эрдмин” ХХК-ийг 100 мянган ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан.
2001 он
АНУ-ын RCM Inc компани 65 хувьтай болж, “Эрдэнэт” УБҮ 25 хувь, “Эрдэнэт” концерн 10 хувь эзэмших болсон.
2005 он
АНУ-ын RCM Inc компани 58.5 хувь, МИКО холдинг ХХК 10 хувь, иргэн Ж.Дамдинжав 6.5 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 25 хувьтай болсон.
“Ачит Ихт” ХХК
“Ачит Ихт” ХХК балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг ашиглан овоолгон уусгах технологиор боловсруулалт хийж, жилд 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулсан.
2010.9.03
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Ачит Ихт” ХХК-уудын хооронд хамтын ажиллагааны 5/255-10 тоот гэрээ байгуулсан.
2013 он
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Ачит Ихт” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан.
2014 он
Катодын цэвэр зэс гаргах үйлдвэрээ нээсэн.
2015.6.26
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Ачит Ихт” ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны гурав дахь гэрээг байгуулсан.
2016.11.10
“Ачит Ихт” ХХК-д “Үүсмэл ордын гэрчилгээ”-г холбогдох байгууллагаас олгосон.
Хувь эзэмшил:
“Степп куппер” ХХК 78 хувь, “Цаглавар” ХХК 22 хувийг нь эзэмшдэг.
“Зэс эрдэнийн хувь” ХХК
2013.5.02
“Эрдэнэт үйлдвэр”, “Зэс эрдэнийн хувь” ХХК, Орхон аймгийн ИТХ-ын хооронд 5/096-13 дугаар бүхий “Хамтран ажиллах гэрээ” байгуулав.
2015.10.30
“Эрдэнэт үйлдвэр”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хооронд 5/277-15 дугаар “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах” 20 жилийн хугацаатай гэрээ байгуулав.
2016.10.04
“Зэс эрдэнийн хувь” ХХК нь “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах” 5/277-15 дугаар гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор болон “Ферростаал Монголиа” ХХК-тай “Исэлдсэн хүдрийн 8А, 12 дугаар овоолгуудаас технологийн туршилтын дээж авах” 5/279-14 дугаар гэрээ байгуулжээ.
2020 он
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажил нь хийгдэж исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг ашиглан нуруулдан уусгах технологиор катодын зэс гаргах үйлдвэр байгуулах гэрээ байгуулж, туршилт судалгааны ажлыг явуулж байна.
Хувь эзэмшил
2010.6.21
Орхон аймгийн 24500 иргэний нэрийг оролцуулан “Зэс эрдэнийн хувь” нэртэй хувьцаат компани байгуулжээ.
2020 он
“Бльюмон металс” ХХК 36, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 34 хувийг эзэмших болсон. Улмаар “Бльюмон металс” ХХК 70 хувь эзэмшиж, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувиа эзэмшиж үлдсэн.
2023 он
“Зэс эрдэнийн хувь”-ийн 30 хувь бас өөр эзэмшигчид шилжсэн.
2024 оны тавдугаар сар
Хувьцаа эзэмшигчид дахин өөрчлөгджээ.
Үүсмэл ордын эрх зүй...
Эрдэнэтийн овоолго мэтийн овоолгууд өдгөө хуульчлагдаж Ашигт малтмалын тухай хуульд Үүсмэл орд нэрээр орсон. Манай улсад нийтдээ 31 үүсмэл орд байдгаас 25 нь алтны үүсмэл орд ажээ.
2016 он
Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр үүсмэл орд, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл олгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалт шинээр орсон.
2017 он
Үүнийг үндэслэн Засгийн газрын 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам”-ыг баталсан.
Үүсмэл орд гэдэгт олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг ойлгоно гэж заасан. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг уг талбайд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч, эсхүл тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулсан гуравдагч этгээд гаргах эрхтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)