Дэлхий даяар дижитал тэгш бус байдлыг арилгахад 4.8 тэрбумыг зарцуулна
- 2024-05-28
- Дэлхий
- 0
НҮБ, 2024 оны тавдугаар сарын 28 /VOA/. Дэлхий даяар дижитал ялгааг арилгах шинэ амлалтыг биелүүлэхэд 4.8 тэрбум ам.доллар зарцуулна гэж НҮБ даваа гарагт мэдэгдэв. НҮБ-ын агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ОУЦХБ) мэдээлснээр, интернэт сүлжээнд хэзээ ч холбогдож байгаагүй, дижиталчлалын давуу талыг ашиглаж чадахгүй байгаа хүмүүсийн тоо 2023 оны байдлаар дэлхийн хүн амын гуравны нэг буюу 2.6 тэрбумд хүрчээ.
“Дижитал тэгш бус байдлыг арилгахад хамтын хүчин чармайлт шаардлагатай. Өнөөдөр бид дэлхий нийтийг интернэт сүлжээнд холбох тал дээр асар том амжилтад хүрээд байна” гэж ОУЦХБ-ын тэргүүн Дорин Богдан-Мартин мэдэгдэлдээ дурдсан байна.
Америкийн харилцаа холбооны аварга компани болох “AT&T” энэ зорилгод 5 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн 2030 он гэхэд Америкийн хүрч очиход хүндрэлтэй бүс нутгуудад амьдардаг 25 сая хүнийг дижитал харилцаа холбоонд холбоход тусална гэж мэдэгджээ.
Женевт төвтэй НҮБ-ын агентлаг нь интернэт сүлжээнд холбоход хамгийн хэцүү бүс нутгуудад дижиталчлалын түвшнийг дээшлүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглах зорилгоор “Partner 2 Connect” дижитал эвслийг 2021 онд байгуулжээ.
Тус эвсэл 2026 он гэхэд 100 тэрбум ам.доллар босгох зорилго тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар энэ зорилгын талаас илүү хувь буюу 50.96 тэрбумыг босгосон гэж ОУЦХБ даваа гарагт мэдэгджээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)