Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
- 2024-05-28
- Нийгэм
- 0
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд 2022, 2023 оны байдлаар Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг судалсан байна.
Судалгаагаар хууль бусаар ан агнах 44, хууль бусаар мод бэлтгэх 36, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 52 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагджээ. Эдгээр хэрэгт нийт 101 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсанаас 57 хувь нь 26-45 насны, 47 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна. Хууль бусаар ан агнах гэмт хэрэгт алтайн хойлог шувуу, халиун буга, хүрэн баавгай, хулан зэрэг ховор амьтад өртөж байгаа бол шинэс, нарс, хуш мод, нэн ховор, ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүү, самар, хуурамч хонин арцыг хууль бусаар бэлтгэх нь түгээмэл байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Энэхүү судалгаан дээр үндэслэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Экологийн цагдаагийн албатай хамтран “Танья, мэдье, хамгаалъя” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэл, дүүргийн прокурорын газрын хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг дагнасан прокурорууд, Эрүүгийн Цагдаагийн Албаны мөрдөгчид, Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн, байгаль орчны улсын байцаагч нар, Хустайн байгалийн цогцолборт газрын захиргааны алба хаагч зэрэг 50 орчим албан тушаалтан хамрагдаж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр прокуророос сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт шалтгаан нөхцөлийг танилцуулж, оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлыг хүрээнд санал солилцсон юм. Мөн энэ үеэр оролцогч нарт биологийн олон янз байдал хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлдөг талаар сургалт орсон.
Хэлэлцүүлгийг Хустайн байгалийн цогцолборт газарт зохион байгуулсан бөгөөд хэдийгээр тахь, буга, зээр, аргаль зэрэг 55 зүйлийн хөхтөн амьтан нутагшуулсан уг тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гарах тохиолдол цөөнгүй гардаг байна.
Хэлэлцүүлгийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, цаашид албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр үе шаттай сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (0)