Украины асуудлаарх уулзалтад К.Харрис АНУ-ыг төлөөлөн оролцоно
- 2024-06-04
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 4 /VOA/. Энэ сард Швейцар улсад болох Украины энх тайвны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад дэд ерөнхийлөгч Камала Харрис, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар оролцоно гэж Цагаан ордноос даваа гарагт мэдээлжээ. К.Харрис зургаадугаар сарын 15-нд Швейцарын Люцерн хотыг зорино. Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, НҮБ-ын Дүрмийн зарчимд тулгуурласан шударга, бат бөх энх тайван тогтооход чиглэсэн Украины хүчин чармайлтыг дэмжих тухай АНУ-ын засаг захиргааны амлалтыг дэд ерөнхийлөгч дахин онцлон тэмдэглэх болно гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн Оросын түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалж буй Украины ард түмэнд дэмжлэг үзүүлэхээ дахин нотлох аж.
Дэд ерөнхийлөгчийн хамт уг уулзалтад үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан АНУ-ыг төлөөлөн оролцоно.
Украины асуудлаарх дэлхийн энх тайвны дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 15-16-ны өдрүүдэд Люцерн хотын ойролцоо орших Бюргеншток амралт сувиллын газар болно. Энэ удаагийн бага хуралд 100 орчим орны төлөөлөгчид оролцох төлөвтэй байгаа бөгөөд 2023 онд Дани, Саудын Араб, Мальтад, өнгөрсөн нэгдүгээр сард Давост болсон Украины дайныг тайван замаар шийдвэрлэх тухай өмнөх дөрвөн бага хурлын адил өндөр дээд түвшинд болох ёстой. Бюргеншток хотноо болох уулзалтад Украины тал БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг мөн урьсан тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ. Харин Хятадын тал уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Уг уулзалтад ОХУ-ыг уриагүй байна. Оросын тал мэдэгдэхдээ, ОХУ-ын оролцоогүйгээр ийм уулзалт зохион байгуулах нь утгагүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ыг дээд хэмжээний уулзалтыг тасалдуулахыг зорьж байна гэж буруутгасан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Калифорнид болох сонгуулийн кампанит ажлын улмаас Швейцарт болох бага хурлыг өнжиж магадгүй гэж “Блүүмберг” агентлаг тавдугаар сарын сүүлчээр мэдээлж байсан юм. Тус агентлагийн мэдээлснээр, Ж.Байден “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоор Италид хүрэлцэн очих боловч зургаадугаар сарын 15-нд сонгуулийн кампанит ажилд зориулж хөрөнгө босгох үйл ажиллагаанд оролцохоор Лос-Анжелес хотыг зорих ажээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)