Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрх байна

Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабаас 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдөр 21 аймгийн Онцгой комисстой цахимаар, 13-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газар, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай уулзалт хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч ажилласан.

Үүргийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох байгууллага, гамшгаас хамгаалах албадын төлөөллөөс бүрдсэн үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг 21 аймагт байгуулаад байна.

Нийслэлийн хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх гэсэн 7 дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрхөд аюулгүй байдлаа ханган эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдэлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлээд байна.

Түүнчлэн сууц өмчлөгчдийн холбоод, хувийн орон сууцны конторуудын удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, орон сууцны хорооллын аюулгүй байдлын дүрэм, норм стандартын хэрэгжилт, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал хангах чиглэлээр зөвлөмж мэдээлэл хүргэн, нийтийн эзэмшлийн зам талбайд гал түймэр унтраах болон аврах ажиллагааг зохион байгуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүрэм, норм, стандартын хэрэгжилт, тулгамдсан асуудал, орон сууцны хорооллыг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг чиглэл болгон ажиллаж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-06-20

    Мэдсээр байж үерийн эрсдэлтэй бүсэд ирж суурьшсан айл үерт автвал тэдэнд тусламж бүү үзүүл!