Ганхаж болохгүй гадаад бодлого
- 2024-06-23
- Нийтлэл
- 0
Алив улс оронд хүнд хэцүү сорилт тулгаран шийдвэр гаргахад Батлан хамгаалахын ба, Гадаад харилцааны сайд хэн байхаас олон юм шалтгаалдаг, түүний дотор заримдаа улс орны цаашдын хувь заяа шийдэгддэг. Учир нь хурцадсан асуудлыг эсвэл дайн байлдаанаар, эсвэл дипломат аргаар шийдэн цаад талд нь гардаг.Дайнаар шийдэж зөв болсон ч бий, алдсан нь ч бий. Юутай ч бодит хохирол ихтэй. Дипломат аргаар ч хохирол, хожоо аль алин нь гарна, гэхдээ бодит биет хохирол нь ядахнаа арай бага.
АНУ-ын төрийн нарийн буюу Гадаад харилцааны сайд асан Киссинжэр яг тэр хурц үед энэ албан дээр байгаагүй бол өөр хэн ч Вьетнамын дайныг зогсоож барахгүй байсан. Францын хувьсгалын үеийн Гадаад сайд Талэйраныг тэр үед түргэн солигдож байсан бүх засагт гадаад харилцаа хариуцан бүх дайсантай болон бүх засагтай эвлэрч байсан гэж сайнаасаа муугаар нь их дуудсан байдаг. Гэвч Талрэйны хүчээр Франц дайны олон аюул заналыг багасган туулж бага хохирол амссан ч гэх нь бий. Манж Чин улсын сүүлчийн Гадаад сайд Европ болон Оросын түрэмгийлэл болгонд бууж өгөн хэлэлцээ хийж газар нутгийн нэхэмжлэл болгоныг зөвшөөрчээ. Түүнийг урвагчаар нь дуудан хараагсад олон ч, 1920 оны Вашингтоны гэрээгээр Хятадын нутгаас хэн ч нэхэмжлэн газрыг нь дээрэмдэж болохгүй гэсэн олон улсын шийдвэр гарснаар урьд нь алдсан бүх газраа эргүүлж авсан (Орост алдсан газраас бусдыг нь). Алсыг харж чадсан гэж ч өмөөрөгсөд бий.
Ийм л учраас дипломат бодлого гэдэг аль ч улсад амь амьдрал шийддэг маш чухал зүйл. 1990 оноос өмнө манай бүх дипломат бодлого Москвагаар дуусгавар болдог байв. Тэрнээс өмнө Манж Чин улсын үед харьцангуй бие даасан вассал орон байсан авч Гадаад бодлого, Цэрэг хоёрыг зөвхөн Бээжин мэдэж зохицуулдаг байлаа. Тэр үед Манжийн вассал Солонгос нь бүр ч бие даасан шинжтэй байсан ч Гадаад бодлого Цэрэг хоёрыг нь Бээжин мэддэг байв. Зөвлөлтийн колони Монголд өөрийн гэх Гадаад бодлого байсан гэхэд их л эргэлзээтэй. Гадаад худалдааны 92%-нь зөвлөлттэй хийнэ, үнэ тарифийг зөвхөн Москва мэднэ, өөр оронтой харилцахыг тэд таашаахгүй, Олон улсын байгууллагад юу хэлэх ньтэдний шийдвэр.
1990 оны ардчилсан өөрчлөлтийн хамгийн анхны гадаад бодлогын шинэчлэл нь “гурав дахь хөршийн” буюу дэлхийн бүх оронтой найрамдалт харилцаатай, бүгдийг нь хоёр хөрштэйгээ нэгэн адил өөрийн хөрш гэж үзнэ гэсэн бодлогын тунхаглал юм. Гадаад харилцааны сайд нь Ц.Гомбосүрэн гуай байлаа. Ингэж сүүлийн 300 жилд анх удаа Монгол өөрийн гэсэн гадаад бодлоготой болсон доо. Зөвхөн Зөвлөлт ба Хятадыг тусгааралсан жийргэвч бүс гэдэг утгаар 1945 онд тусгаар тогтнолоо тэднээр хүлээн зөвшөөрүүлсэн Монгол улс нь тэдний хараанаас гарч байна гэсэн үндэслэлээр бодит хоёр хөршийн зүгээс таатай хандаагүй. Энэ бэрхшээлийг ч даван туулахын тулд дараа дараагийн сайд нар чадахаасаа чадахгүйг хүртэл тайлбарлан, гурав дахь хөрш гэсэн томъёолол нь бодит хоёр хөршийгөө тоохгүй боллоо гэсэн үг биш гэж янз бүрээр тайлбарлан аргадаж байсан юм.
Улс орны Гадаад бодлого нээлттэй болсноор ОУВС-д элсэж, Дэлхийн банк, АХБ-ын гишүүн болж шилжилтийн үеийн хүнд бэрх үеийг амжилттай давж чадсан. Үндэсний орлогынхоо 40%-ийг “гурав дахь хөршүүдийн” хандив, тэтгэлэг, зээлийн хүчээр давсан, хэрэв тэр тусламж байгаагүй бол модоо барих байсныг өнөөдөр ихэнх нь мартсан байх. 2003 онд Энхбаярын Засгийн үед Гадаад сайд Л. Эрдэнэчулууны биечлэн уйгагүй хөөцөлдсөнөөр Монгол улс Ромын гэрээнд багтаж, Гаагын олон улсын эрүүгийн шүүхтэй нэгдсэнээр Олон улсын тогтсон хэм хэмжээг хүндэтгэн үздэг, өөрийн үзэл бодолтой, чөлөөт ардчилсан орны нэг гэдгээ илэрхийлж чадсан юм. 2004 оны сонгуулиар Ромын гэрээнд нэгдсэн явдлыг Гадаад харилцаанд гарсан хамгийн том үйл явдал гэж зүй ёсоор үнэлж байсан.
Дэлхийн хамтын нийгэмлэгийн салшгүй нэг хэсэг болсон Монгол улс нь НҮБ-ийн энхийн сахиулах үйлсэд идэвхитэй оролцдог орон болж бүх талаар Олон улсын талархлыг хүлээж байна. Үндсэн хуулиараа олон улсын тавцанд төвийг сахьсан байр суурьтай байхаа хуульчилсны хувьд элдэв цэргийн эвсэлд элсэхгүй, энэ тал дээр хамтран ажиллахгүй гэсэн үүрэгтээ үнэнч байж Олон улсын чуулга уулзалт хурал уулзалтад энэ бодлогоо барьсаар байгаа. Гэхдээ улс төр, цэрэг эдийн засгийн хувьд шал өөр тогтолцоотой хоёр аварга хөршийнхөө эвийг олж найрамдал хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэн, эв найртайгаар зэрэгцэн орших бодлогоо орхигдуулахгүйг бүх талаар хичээсээр ажгуу. Аль аль хөрштэйгээ биенийхээ дотоод хэрэгт үл оролцох бодлогыг баримталсаар буй. Энэ бол төрийн бодлого, төрийн баримтлал. Гэхдээ Монгол улс чөлөөт ардчилсан орны хувьд иргэд янз бүрийн бодолтой, түүнээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, хуулийн хүрээнд эсэргүүцлээ илтгэж жагсаж цуглаж дургүйцэх нь нээлттэй гэдэг зарчимыг хатуу баримтлах ёстой юм. Ингэж байж бид чөлөөт ардчилсан улс гэдгээ дэлхий нийтэд харуулна.
Иймээс ч Номхон далайгаас Хар тэнгис хүртэл, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртлэх маш өргөн уудам нутагт буй цорын ганц цоорхой, чөлөөт, нээлттэй улс гэдгээрээ бид ч бахархдаг, олон улсын өмнө ч хүндэтгэл хүлээдэг. Өнөөгийн дэлхий дайн байлдаан, цэргийн бүлэглэл, цэрэг зэвсгийн туршилт, харилцан өдөөн хатгалтаас болж гүн хямралд автаж байна. Монгол улс нэг талаас элдэв цэргийн бүлэглэээс ангид байж төвийн сахих боловч, нөгөө талаас дэлхийн хамтын нийгэмлэгээс ангид бус байж даян дэлхийн энх тайвны талд зогсон өөрийн байр суурийг хадгалах нь нэн чухал төдийгүй энэ нь өөрсдийн тусгаар тогтнол, ардчилсэн нээлттэй тогтолцоо, бие даасан байдлаа хадгалан тэсэн үлдэх нэн чухал гарц юм.
Улс төрийн олон нам оршин тогтнож, нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар янз бүрийн бодлоготой байх нь чөлөөт ардчилсан оронд зайлшгүй байх ёстой хэвийн хэм хэмжээ юм. Харин гадаад бодлого дээрээ нэгдсэн нэг чиглэл баримжаатай байх нь улс орны бүрэн бүтэн байх гол шалгуурын нэг мөн. Энэ баримтлалыг 1990 оноос хойш ерөнхийдөө баримталсаар ирсэн. Төр төлөөлөх эрх бүхий тодорхой эрх мэдэлтнүүд (үүнд сул иргэд огт хамаагүй), жижиг сонирхолтой багашаар бүлэглэлүүд ухваргүй алхам хийх, хийхэд бэлтгэх, олон түмнийг ухуулах явдал мэр сэр үзэгдэх болсон нь алсын хор холбогдол ихтэй юм.
Олон улсын байдал эгзэгтэй болсон өнөө үед Монгол улс урьд өмнөхөөс илүү олон улсын анхаарал хараанд өртөн, хатуу шалгууртай тулах болж байна. Монголд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй гадаад орнуудын төрийн айлчлалууд ар араасаа цуварч, манай төрийн удирдлагыг энд тэндгүй албан ёсоор урих боллоо. Ийм үед төрийн бодлого, Үндсэн хуулийн зарчим, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, нэр төрөө авч үлдэх зориг зүрх маш чухал нь эрүүл саруул хэнд ч ойлгомжтой. Өнөөгийн тайван бус нөхцөлд Монгол улсын өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар юун түрүүн маш том хариуцлага хүлээж байгаа ба үүнээ ч ойлгож ухамсарлан нэгдсэн нэг бодлого баримталсаар байгаа гэдэгт итгэж байна. Гадаад сайд Батцэцэг нь ялангуяа эмэгтэй хүний хувьд илүүтэй нүдэнд өртөхүйц идэвхитэй ажиллагааны үрээр дэлхий дахинд түргэн танигдан, улс орныхоо бодлогыг илүүтэй ойлгуулж чадаж байгааг ихэнх иргэд талархан хүлээж авч байна.
2024.6.23
Сэтгэгдэл (0)