Доктор Б.Мөнхжавхлан: Нийгмийн эерэг нөлөөллийг бий болгохын тулд бүх нийтээрээ боловсролоо дээшлүүлэх шаардлагатай

МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын философи, шашин судлалын тэнхимийн ахлах багш, доктор Ph.D Б.Мөнхжавхлантай монголчуудын нэгнээ хайрлах зан суртахууны талаар ярилцлаа.


-Энэ цаг үед монгол хүн монгол хүнээ хайрлах, хүндэтгэх асуудал хурцаар тавигдах болжээ. Яагаад хүмүүс ийм хандлагатай, нэгнээ хайрлах сэтгэлгүй болов. Үүний учир шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

-“Өдрийн сонин”ыг уншиж буй эрхэм уншигчдын амгаланг айлтгая. Тус сонин хүндэтгэл, хайр, энэрэх сэтгэл гэх хүний амьдралын нэн чухал ёс суртахууны асуудалд анхаарал хандуулж байгаад талархаж байна. Монголчууд хүнийг хүндэтгэх, хайрлах, түүнийгээ илэрхийлэх өөрийн өвөрмөц соёл, сэтгэлгээ, уламжлалтай. Тэрийгээ ч хадгалж, нөгөө талаас орчин цагийн соёл сэтгэлгээнд нийцүүлэн уламжилж ирсэн. Хүмүүс нэг төрлийн идээ ундааг бүгд адилхан таашаадаггүй шиг нэг төрлийн соёлыг бүгд хүлээн зөвшөөрдөггүй. Тэгсэн атлаа бүгд тайван, жаргалтай амьдралыг эрхэмлэдгээрээ нийтлэг байдаг. Тэгэхээр тайван, жаргалтай, сэтгэл хангалуун байдал дутагдах нь хайр, хүндэтгэл, сайхан сэтгэлээс холдуулдаг байх нь. Зарим хүмүүс нэгэндээ дургүй байдгийн учир нэг талдаа ийм. Дэлхийн хаа нэгтээ болж байгаа дайн, хүчирхийлэл, зүй бус зүйлийн цаана аз жаргал, энх тайвныг хүсэмжилсэн байдал үргэлж бий. Монголчуудад өдгөө дутагдаж байгаа зүйл бол эдийн засгийн болон улс төрийн утгаар сэтгэл хангалуун байх нөхцөл. Энэ нөхцөл дутагдаж байгаа учраас үүнээс үүдсэн бухимдал ёс суртахууны боловсролгүй байх, бодлогогүй алхам хийх эрсдэлд хүргэж буй гэж үзэж байна.

-Монгол хүн, монгол хүндээ дургүй байх гэдэг ийм сэтгэлгээ ер нь бидний цусанд байна уу?

– Би тэгж бодохгүй байна. Орчин үед хүн хоорондын, хүнээс бусад зүйл хоорондын харилцаандаа илүү их анхаарах, боловсрох шаардлагатай нь харагдаж байна. Бид харилцаагаар тодорхойлогддог. Харилцаанаас ангид хүн байх бололцоогүй учир үүнд анхаарал тавих нь зүйн хэрэг. Нэг чухал зүйлийг хэлэхэд, харилцааны чадварыг дугуй унахтай адил сурч эзэмшиж болдог. Энэ нь төрөлх өгөгдөл гэхээс илүүтэй сурч сайжруулж болдог зүйл юм. Тодруулж хэлбэл, шинжлэх ухаан гэхээс илүү урлаг гэж үздэг. Урлаг гэдэг үг өөрөө техне буюу чадвар заасан үгнээс гаралтай. Постмодерн нийгэмд техне чадвар улам бүр үнэ цэнэтэй болж байгааг судалгаанууд, бодит байдал харуулж байна.

-Нэгнээ хайрлахгүй байх өөр нэгэн илрэл зах зээлийн харилцаан дээр тод илэрч харагдаж байна. Энэ сэтгэхүй хэзээнээс бий болчихов оо. Энэхүү сэтгэлгээнээс бид яаж салах вэ?

-Сүүлийн үеийн нэг судалгааны бүтээл уншихад боловсролтой байхын чинээгээр хүн орлого өндөр, найдвартай ажлын байртай, энх тунх, амьдралын сэтгэл ханамжтай, гэмт хэрэг хийх сэдэл бага, иргэний оролцоо идэвхтэй байдаг тухай өгүүлсэн байсан. Тэгэхээр боловсролын салбарт анхаарлаа хандуулах нь нэн чухал байгаа юм. Миний хувьд боловсролтой байх тусам хүн юу болохгүй байгааг мэдэрдэг, бас өөрийгөө илэрхийлж чаддаг, өөрийнхөө юу хийж чадахыг мэддэг гэж ойлгодог. Эсрэгээрээ боловсролгүй байх тусам аливаа боломжоос таслагддаг, ядуурдаг, үзэл сурталд автдаг гэж боддог. Ер нь боловсролтой хүнийг өөрчлөх нь боловсролгүй хүнийг өөрчлөхөөс хялбар гэдэг шүү дээ. Тэгэхээр нэгнээ хайрлах, хүндэтгэх гэдэг бас ухварлаж бодох тусам хүний төрөлх чадвараас гадна боломж, боловсролтой холбоотой нь харагдаж байна.

-Ирээдүй болсон үр хүүхдүүд маань цахим орчинд болон сургуулийн орчинд нэгнээ дээрэлхэх, гадуурхах хандлага их байна. Үүнээс болоод өсвөр үеийн сурагчид зарим нь амиа хорлох асуудал ч гардаг. Тэр утгаараа ирээдүйгээ бид яаж хүнлэг, энэрэнгүй, бие биенээ хүндэтгэх, хайрлах харилцаанд сургах вэ?

-Энэ бол боловсролын тогтолцооны хувьд анхаарах асуудал мөн. Гадуурхалт дээрэлхэлт, хүүхдийг өөртөө итгэлгүй болох, өөрөөсөө сул доройд дээрэнгүй хандах, сэтгэл гутралд автах, өөрийнхөөрөө байж чадахаа байх зэрэг алсын олон сөрөг үр дагавартай. Судалгаагаар энэ нь тухайн цаг хугацаандаа төдийгүй ирээдүйн бие хүний төлөвшилд ч нөлөөлж байдгийг харуулсан байдаг. Сүүлийн үед миний бие “СИИ” сургалт, хөтөлбөрийн талаар судлан, гар бие оролцож яваа. Энэ талаар уншигч та бүхэн цахим хуудсаар нь жичид нь зочлон үзээрэй. Нийгэмд үр бүтээлтэй, амжилттай, өөрийн гэсэн байр суурьтай, бусадтай эв нийцтэй амьдарч ая тухыг мэдэрч чадах эсэх нь мэдлэг, боловсролоос гадна тухайн хүний ёс суртахууны ухамсар, төлөвшилтэй холбоотой байдаг. Тиймээс өсвөр залуу үеийг төлөвшүүлэх, ёс зүйн хэм хэмжээнд суралцуулах, харилцааны хувьд хүндэтгэлтэй, хариуцлагатай иргэн болгохын тулд нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн боловсролд хамгийн их анхаарах ёстойг энд авч үздэг юм. Энэ хөтөлбөрийн сургагч багшийн хөтөч номонд “Орчин үед телевиз, кино, болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр дамжуулан залуучуудад өөрсдийнх нь болон бусдын талаар бодит бус ойлголтыг түгээж байгаа нь итгэмээргүй их үр дүнд хүрч байгаа билээ. Ихэнхдээ залуу хүмүүс өөрсдийгөө алдар нэр олсон төгс хүмүүстэй харьцуулж, эсвэл өөрсдийнхөө төгс бус байдал, хэмжээ хязгаарыг умартан “Супермэн”, “Гайхалтай Эмэгтэй”-тэй адил үйлдэл хийх ёстой гэж итгэж байна. Эдгээр үл гүйцэлдэх шалгуурыг өөртөө тавьснаар сэтгэлээр унаж, тэр бухимдал нь эргээд сэтгэл гутрал, өөрийгөө буруутгахад хүргэн, тэр ч бүү хэл өөрийн биед гэмтэл учруулах болон бусдад дайсагнан хандах, хүчирхийлэл үйлдэх хэмжээнд хүрч мэднэ. Өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээлд тэвчээртэй хандаж, түүнийг ойлгосноор сурагчид ийм сэтгэлийн гэмтэл учруулах нөхцөл байдал, зан үйлээс өөрсдийгөө холдуулах боломж, урам зоригийг олж авна” хэмээсэн байдаг. Иймээс тэвчээртэй, ёс зүйтэй, сэтгэл хөдлөлөө жолоодож чадах иргэнийг бид хамтдаа төлөвшүүлэхэд хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр бид суралцах замаар сайхан сэтгэл, зөв байдлыг эзэмшиж болдог тул бид хүүхдүүдэд өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Мөн бие биенээ хүндэтгэж ханддаг байх нь чухал.

-Ер нь монголчууд цөөхүүлээ гэж ярьдаг. Тэгвэл бид нэгнээ яаж хайрладаг болох вэ. Үндэстнээ хайрлах хайр гэдэг зүйл ер нь байдаг уу. Бусад орнуудын хувьд нэгнээ хүндэтгэх, хайрлах, амь нэгтэй байх асуудал ямар байдаг бол?

-Ямарваа үндэстний биесээ хайрлах, хүндэтгэх соёл сэтгэлгээг сэтгэл зүй, нийгэм, соёлын хүчин зүйлүүдээр тайлбарлаж болно. Адил хэлээр ярилцах нь илүү их ойлголцлыг төрүүлдэг. Төстэй уламжлал соёл, нийгмийн хэм хэмжээ, үнэлэмжтэй байх нь хувь хүний түвшинд ойлголцоход илүү хялбар болгодог. Даган эрхэмлэдэг зан заншил, биеэ авч явахуйн тухайд ч илүү тухтай байдлыг бий болгодог нь соёлоороо дамжуулж биенээ хүндэтгэх, ойлгох, дасан зохицох, харилцах үндэс болж байдаг. Цаашилбал нэг үндэстэн, нэг орны хүн байна гэдэг чинь хувь хүнд аюулгүй мэдрэмж, найдвартай байдлыг бий болгодог, сэтгэл зүйн хувьд ойлгох, дэмжлэг үзүүлэх нь нөгөө хайрлах, амь нэгтэй байхын шалтгаан болно. Тэгэхээр энэ бүхэн дан ганц үндэстэнд бус ер нь аливаа үндэстнүүдэд байдаг бөгөөд хувь хүний шинжтэй бас ярвигтай ойлголт л доо. Харин хүн үүнийгээ ойлгож бусад үндэстнүүдтэй харилцахдаа ч хувь хүний, сэтгэл зүйн, нөхцөл байдлын хувьд харилцаагаа хөгжүүлж сурвал чухал. Иймд хүн бусдын үзэл бодлыг хүндэтгэж, ойлгохыг эрмэлзэж байж өөрийгөө ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлж чадна. Би бол хүндэтгэл, ёс суртахуунтай байх нь тэрхүү амь нэгтэй байх нэг үндэс гэж бодож байна.

-Монголчуудын цусанд нэгнээ үзэн ядах сэтгэлгээ бэхжчихсэн юм биш үү. Хаа сайгүй л нэгнээ үзэн ядсан, доромжилсон, гутаасан, нэгнээсээ хулгайлсан, шулсан сөрөг үзэгдлүүд энэ нийгэмд их байна. Үүнийг яаж болиулах, яаж багасгах вэ. Нийгэмд яаж эерэг нөлөөллийг бий болгох вэ?

-Утга зохиол, сэтгэл судлал, социологийн ухаанд энэхүү үзэн ядах гэдэг ойлголтыг гэр бүл, уламжлал, өв соёл, түүх, тухайн нэг нийгмийн бүлэг, бусад бүлгүүдтэй харилцах харилцаанаас үүдэлтэй тайлбарууд тааралддаг. Миний хувьд бидний цусанд үзэн ядах сэтгэлгээ байна гэж үздэггүй. Дээр дурдсанчлан нийгмийн амьдрал, хүний өдөр тутмын амьдралын тодорхой үзэгдлүүдээс үүдэж үзэн ядах явдал хувь хүний түвшинд илэрч байдаг гэж үзэж байна. Дахин хэлэхэд, нийгмийн эерэг нөлөөллийг бий болгохын тулд бүх нийтээрээ боловсролоо дээшлүүлэх шаардлагатай. Боловсрол л хамгийн чухал асуудал.

-Түүхээс харахад ,Манжийн үед монголчууд нэгнээ үзэн яддаг байсан гэлцдэг. Сүүлд хэлмэгдүүлэлтийн үед нэгэнтэйгээ ойр байх нь битгий хэл нэр нэгтэй байж болохгүй гэдэг хандлагатай байсан. Үүнээс болж бидний араншинд өөрчлөлт орно гэж байх уу?

-Түүхийн мэдээнүүдэд монголчуудыг өөр хооронд нь талцуулсан гадны ашиг сонирхол, явуулга, улс төрийн шалтгаан олон байсан тухай бичигдэн үлдсэн байдаг. Зарим судлаачдын үзэл санаа, байр суурийг харахад бидний араншин, онцлогийг илэрхийлсэн таамаглал, тайлбарууд бий л дээ. Гэхдээ дээр дурдсанчлан хүнд боловсрол, ёс суртахуунтай байж, эргэцүүлэн бодох, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлж чадвал бие биенээ хүндэтгэх, хайрлах ухаан төвөггүй гарах юм.

Монголчууд өөрсдийн ялгарах онцлог хийгээд соёл тээдгийн нэгэн адил бусад улс үндэстнүүд ч бас өөрийн онцлогтой. Харин улс орныхоо соёл сэтгэлгээг сайтар судалж, судалгаанд үндэслэсэн чухал шийдвэрүүдийг эрх баригчид гаргаж, иргэд сэтгэл хөдлөлд автахгүй хэрсүү байх юм бол тусгаар тогтнол, үнэт зүйл, боловсрол, эрүүл мэнд, ёс суртахуун гэх амин чухал зүйлээ тээж үлдэнэ гэж судлаачийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч бодож байна.

Э.Мөнхтүвшин 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)