Голын голдирол хааж, урсац сааруулсан мод, бургасыг чөлөөлж байна
- 2024-07-01
- Улаанбаатар
- 0
Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дунд, Сэлбэ гол дагуу ажилласан.
Энэ үеэр тухайн гол орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.
Тэрбээр “Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон. Нийслэлийн Байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалахын тулд голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гаргасан. Иймд уг дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол дагуу төр, хувийн хэвшил хамтарсан 22 аж ахуйн нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа. Тодруулбал, нийт 8.5 км үерийн далан сувгийн лаг хагшаасыг 1-1.5 метрийн гүнтэй ухаж цэвэрлэн, 25-30 метрийн өргөнтэйгөөр үндсэн урсцыг сайжруулах ажлыг хийгээд байна” гэв.
Сэлбэ, Дунд гол дагуу нийт 135 мянган шоо метр лаг хагшаасыг зөөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас 60 хувьтай үргэлжилж байгаа аж. Мөн мод бургасыг чөлөөлөхдөө далангийн хоёр талаар ургасан мод бургасыг чөлөөлөхгүйгээр голын үндсэн голдирлыг хааж, урсцыг сааруулсан мод бургасыг чөлөөлж буй. Энэ хүрээнд УБЗАА-наас хамтран ажиллаж буй байгууллагууддаа зайлшгүй чөлөөлөх шаардлагатай 30 метрийн зурвасын чөлөөлөх хэмжээ, ухах түвшинг зааж өгөх зэрэг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллаж байгаа юм. Түүнчлэн өдрийн цагаар лаг хагшаасаа ухаж бэлдэн, шөнийн цагаар замын хөдөлгөөн татарсан үед “Цагаан даваа”, “Морингийн даваа”, “Нарангийн энгэр”-ийн хогийн цэгүүдэд тусгайлан бэлдсэн талбай дээр асгаж буй. Цаашид барилга байгууламжийн ашиглалтын нөхцөлийг сайжруулах төлөвлөгөөний дагуу жил бүр тодорхой түвшин барьж, голын голдиролд ургасан мод бургас, лаг хагшаасыг цэвэрлэж, голын урсцыг сайжруулах ажлыг хийнэ. Энэ төрлийн ажлыг сүүлийн 20, 30 жил хийгээгүй бөгөөд олон жил хийгдээгүй ажлыг шуурхай хэрэгжүүлж байгааг тэрбээр онцоллоо.
Сэтгэгдэл (0)