Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй!
- 2024-07-02
- Нийтлэл
- 0
-УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн! Яалт ч үгүй олон намын төлөөлөл бүхий цоо шинэ парламент бүрдэх боллоо. Нам эвслийн авсан саналын тоо, хувиар 21 нам, эвслийн нэр ярайж харагдана. Эхний 5-аас хойшхи нь нэн яаралтай тарах хэрэгтэй, ичих булчирхай байдаг юм бол. “Та нарт 2028 он хүртэл хийх ажил байхгүй!” гээд ятгачихъя!
Өвөр хоорондоо авцалдахгүй хэд хэдэн жишээ эхлээд эшлэе. Молдова улсын Ерөнхийлөгч Владимир Воронин гэх нөхөр сонгогчдыг татахын тулд Исүс Христосыг коммунист намдаа нөхөн элсүүлж, ертөнцийн анхны коммунист хэмээн нэрлэж, коммунист үзэл суртал, христосын шашны номлол хоёр маш адилхан, тийм учраас загалмайн шашинтнууд коммунист намд саналаа өгөөрэй хэмээн 2007 онд ярьж явсан нь шог яриа болон түүхэнд үлджээ.
Милошевичээс болж муу нэр дуулж ад болж явснаас бус Югославын (Серби) ард түмэн бол заяанаасаа ухаалаг. Ард түмнээ хожим нэгэн цагт залхаахаар (өөрсдөө залхах) зүйл 1980-аад оны дунд үед сэдэж олжээ. Ардчилал гэж хоосон цэцэрхээд ардчилсан нам олныг байгуулаад байвал болно гэж ойлгодог харанхуй массын амыг таглахаар шийдсэн нь 30 хүн нэгдээд улс төрийн нам байгуулж болно гээд хуульдаа заачихснаас 1989 он гэхэд Югослав даяар 300 гаруй нам гараад иржээ. Нөгөөдүүл нь цаашаа үндэс угсаа, орон нутгаараа салбарлаад ёстой галзуугийн больниц аятай юм болно биз дээ.
ОХУ-ын Төрийн Думын сонгуульд өрсөлдөж байсан намуудын түүхийг сөхөж үзвэл “Оросын Автомобилийн Нам” ч гэж байх шиг, оросууд маань ингэхэд эрүүл байж үү гэж гайхмаар байв.
Миний ажиллаж амьдарч байсан Египетэд Мубаракийн дэглэмийг унагасан “Арабын хавар”-ын дараа засгийн эрх авсан Цэргийн дээд зөвлөлөөс улс төрийн нам байгуулахыг хөнгөвчилсөн хуулийг сайшаахдаа Египетийн 29 мужийн 10 мужаас нь л 5000 хүний гарын үсэг цуглуулаад шинэ нам байгуулж болно хэмээн зааж өгсөний үр дүн 2011 оны хавар бараг өдөр тутам Египетэд биеллээ олж байсан санагдана. Нам байгуулах, гишүүдийн тоо бүрдүүлэх, салбараа нээх нэг ёсны уралдаан энэ орныг нөмөрсөн. 2011 оны намар нь парламентын сонгуулийн эхний шат тохиох үед 80 сая хүн амтай энэ орон хоёр сарын дотор хэдэн зуун улс төрийн намтай болчихоод сууж байсныг би санаж байна.
Ерөөсөө нийгэмд сонирхлын бүлэг (НАМ) хоёр л байхад хангалттайг АНУ, Британийн ардчиллын хур туршлага харуулсан ба Японд мөн хоёр намын систем тогтож буй хэмээн өөрсдөө ам хамхилгүй ярих дуртай. Гэхдээ АНУ, Британийн ардчиллын жишгээр бол сонирхлын хоёр бүлгийн цаана нь биетэй бодитой гишүүд, залуучууд, оюутны байгууллага жигүүр энэ тэр гэж байхгүй. “АНУ-ын Ардчилсан Намын гишүүн” (мөн “БНН-ын гишүүн”) гэж байнгын, бат илэрхийлэх өвөртөлсөн нэг ч хүн байхгүй, гишүүнчлэлгүй юм чинь намын үүр хороо гэж угаасаа байхгүй гээд ярьж эхэлбэл монголчууд төсөөлөхгүй, одоохондоо төсөөлөхийг ч хүсэхгүй байх. Гэхдээ л яалт ч үгүй тийм юм. Харин Ардчилсан Намын Үндэсний Хороо гэж долоо найман хүн байх нь байна аа. Тэд бүгдээрээ менежерүүд, ирэх сонгуульд хандив төсөв бүрдүүлэх, сонгуулийн кампани өрнүүлэх бэлтгэлийг базаах үүрэгтэй аппарат нь. Ардчилсан Нам гэгч нэрийн дор улс төр-бизнесийн сонирхол бүхий нийгмийн томхон хүч байгаа ба тэд АНУ-ын Ерөнхийлөгчид шинээр нэр дэвшигч нэг бие хүнээр төлөөлүүлэн бодлогоо нийгэмдээ санал болгодог. Тэр саналыг олон түмэн хүлээн авч байгаагийн илэрхийлэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаар харагдана. Намын их хурал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр болох ба Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх хоёр нөхрийг албан ёсны болгосноор баяр ёслол болоод өнгөрнө. Ингээд л сонгууль өнгөрмөгц Америкт аль нам байгаа нь хэнд ч падгүй. Британид бас тийм. “Манифест” нэртэй намын мөрийн хөтөлбөрийг парламентын сонгуулийн 4 жилд нэг л удаа британичуудад санал болгоно, хүсвэл сонго гэсэн зарчмаар. “Дэмжигчид” буюу санал өгөгч нь санал өгөх мөчид “намын гишүүн” нь ухаантай болж байна. Маш хялбар талаас нь тайлбарлахад.
Энэчлэнгээр ухуулга хийхийн учир нь 3.5 сая монголчуудыг маань залхааж буй олон намын систем, намуудыг дагасан нийгмийн ялгарал, ялгаралаас үүдэх дайсагнал, үзэн ядалтыг зөөлрүүлэх, болж өгвөл арилгах санаанд би хөтлөгдөж байна. Монголчуудын туйлшрал савлагаа, фанатизм хэрээс хэтэрснийг удаа дараагийн УИХ-ын сонгуулиуд харуулдаг.
Cаяын сонгуулийн өмнөхөн дөө. Дараахи нам, эвслийг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэв гэж байсан даа.
Эх орончдын нэгдсэн нам
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
Үндэсний эвсэл
Иргэний зориг ногоон нам
Ард түмний олонхийн засаглал нам
Бүгд найрамдах нам
ХҮН нам
Монголын Либерал нам
Монголын Либерал Ардчилсан нам
Иргэний хөдөлгөөний нам
Ардчилал шинэчлэлийн нам
Гэр хороолол хөгжлийн нам
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
Үнэн ба Зөв нам
Ардчилсан нам
Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
Монгол Консерватив нам
Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШН/
Монголын Социал Демократ Нам
Монголын хүний төлөө нам
Дэлхийн монголчууд нам
Ард түмний хүч нам
Эх Орон нам
Монгол Ардын нам
Эрх Чөлөөний Эвсэл нам.
Харин сонгуулийн дүн гарсны дараа сонгогчдын саналыг хуваагаад үзтэл ийм жагсаалт гарсан байсан. Нийт 21 субъект саналыг хуваагаад авчихжээ. Эхний 5 субъектэд (4 нам, 1 эвсэл) УИХ-ын 126 суудал хууль ёсоор ногджээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд нийт сонгогчдоос 1 хувиас дээш санал авсан 9 нам Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжилт авах эрхтэй гэсэн нь:
- МАН 35 хувь
- АН 30.1 хувь
- ХҮН нам 10.4 хувь
- Үндэсний эвсэл 5.2 хувь
- ИЗНН 5 хувь
- Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь
- Үнэн ба зөв нам 2.8 хувь
- Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь
- Бүгд найрамдах нам 1.3 хувийн дэмжлэгтэй.
Нийлээд 9 болж байна. Араваас хойш 21-ийг дуустал, мөн энэ удаагийн сонгуульд оролцож чадаагүй боловч Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх нам 2028 оныг хүртэл түр тарах, эсвэл бүр тарж, том намуудад, ядаж эхний 9-д (эхний 5-д бол бүр сайн!) нэгдэж орохоос өөр замгүй хэмээн би уриалъя.
Нэрийг нь цээжлэх нь бүү хэл, хэлэхээс ам эвлэж өгөхгүй намууд Монголд олон байдаг. Уншигч Та чанга дуугаар хэд хэд дахин уншаад дараа нь эргэцүүлээрэй. Ахан дүүс, танил нөхдөөс чинь тэр намуудад хэн хэн хэдүүлээ бий вэ, тооцоод үзээрэй, сурвалжлаарай.
Бараг л эхний 5-тайгаа ирэх 4 жилийг туулчихмаарсан!
Сэтгэгдэл (0)