БНСУ-ын “Taihan Cable & Solution” компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлэв
- 2024-07-05
- Нийгэм
- 0
Авлигатай тэмцэх газраас олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүллээ.
Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл 6 жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй байв. Улмаар аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн банкнаас уг төслийг зогсоож, Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн юм.
2023 оны гуравдугаар сард Засгийн газрын “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор “Taihan Cable & Solution” компаниар дээрх төлбөрийг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгаад байв.
Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсээс Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч, гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулж улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон байна.
Улмаар БНСУ-ын “Taihan Cable & Solution” компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоолоо.
Сэтгэгдэл (0)