Далай лам

Aрван дөрөвдүгээр Далай ламынмэндэлсэн ариун өдөр. Далай лам эдүгээ 89 насыг зооглож байна. Арван дөрөвдүгээр Далай лам 1935 оны 7-р сарын 6-ны өдөр Түвдийн Амдо нутаг буюу Хөх нуур мужийн Тагцэр тосгонд эцэг Цогжинцэрэн, эх Дэгжцэрэнгийн хүү болон мэндэлжээ. Хүүд Лхамдондов хэмээх нэр хайрлажээ. Тэднийх долоон хүүхэдтэй айл байлаа.

Анх хэн Далай лам хэмээх цолыг хүртээсэн юм бэ гэвэл, 1578 онд Монголын Түмэдийн Алтан хан Түвдийн гэлүгва ёсын гуравдугаар тэргүүн Содномжамцтай Хөх нуурын "Цавчил" хэмээх газар тусгайлан барьсан буддын сүмд уулзаж, түүнд "Далай лам" хэмээх нэрийг анх өргөмжилжээ. Учир нь " Жамц" гэдэгтүвд үг нь "Далай" гэсэн үг юм. Англи галигаар “Gyatso” гэж бичдэг юм. Түүнээс хойш Далай лам тэргүүтэй гэлүгвийн ёс буюу төгс буянт ёс Түвдэд зонхилон дэлгэрсэн юм. Буддын ухаанд Саж, Нима, Гаржидва, Гелугвагийн дөрвөн ёс байдаг. Дөрвүүлээ буддын чухал ёс юм. Далай лам нь Түвд болон Монголчуудын дунд Жанрайсиг бурханы хувилгаан амьд Бурхан хэмээн дээдлэгдсээр дөрвөн зууны нүүр үзэж байна. Манж Чин улсын Эеэр засагч хаан тавдугаар Далай ламыг олон удаа Бээжинд урьснаар 1652 онд тавдугаар Далай лам Бээжинд ирж Манж Чин улсын эзэн хаанд бараалхжээ. 1653 онд Эевэр засагч хаан тавдугаар Далай ламд алтан дэнс, алтан тамга хайрлан, Далай лам гэсэн цолыг албан ёсоор хүртээжээ 

1909 онд 13-р Далай лам Түвдэнжамц Түвд орноороо Бурханы шашинтай холбогдолтой ариун дагшин газруудаар даянчилж явах үедээ Амдо нутгийн Тагцэр суурингаар орж энэ нутгийн байгалийн сайхныг биширч, энэ нутагт дахин заавал ирнэ гэж байсан ажээ. 1933 оны 12-р сарын 17-ны өдөр 13-р Далай ламыг таалал төгссөнөөс 4 жил өнгөрсний дараа "өмнөх дүр таалал төгсөхдөө эхлээд зүүн өмнө зүгт бие цогцос нь налаад дараа нь зүүн хойд зүгт шилжсэнийг" дараах төрөлийн төрөх газрын шинж тэмдэг хэмээн үзэн 1937 онд Далай ламын хойд дүрийг тодруулахаар лам нарын гурван хэсэг бүрэлдэхүүн зүүн өмнө, зүүн, зүүн хойд зүгт гарчээ. Лам нар боломжит нэр дэвшигчдийн мэдээллийг Хамын хойд нутагт сууж асан 9-р Ванчин Богдод хүргүүлвээс гурван хүүхдийн нэрийг сонгожээ. Түвдийг түр хамаарагч Ретин ринбүүчийгийн зааснаар "алтадмал дээвэр, оюу хавтан бүхий том хийдийг дурдаж, тэндээс зүүн тийш толгод руу эргэх замтай, түүний эсрэг талд өвөрмөц дээвэртэй жижиг байшин" байсныг үндэслэн Тагцэр нутгийн хүүг үнэн дүр мөн хэмээсэн нь Лхамдондов хүү байв. Тэдний гэрт очсон лам нарын дундаас төлөөлөгчдийн ахлагчламыг бяцхан Лхамдондов хүү өөр нутгийн анх удаа уулзсан лам атал түүнийг "Сера лам, Сера лам" хэмээн Лхасын аялгуугаар хэлсэн гэдэг. Дараа нь лам нар дахин тэнд очиж зорьсон үнэн учраа хэлж өмнөх дүрийн Далай ламын хэрэглэж байсан хонх, дамар, эрхи зэрэгзүйлсийг өөр олон эрхи, хонх, дамрын дунд тавьж үзүүлэхэд Лхамдондов хүү 13-р Далай ламын эд зүйлсийг бусад эд зүйлээс ялган таньж сонгон авч байжээ. Лхамдондов хүү 1936 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд Хөхнуурын Гүмбүм хийдэд сууж ном заалгажбайв. Улмаар 1939 оны 7-р сарын 10-нд Лхамдондов хүү эцэг эхийн хамт урт жингийн цуваагаар гарч гурван сарын хүнд хэцүү аян замыг туулж 1939 оны 10-р сард Түвдийн нийслэл Лхас хотод хүрэлцэн очжээ. Ретин ринбүүчи нь 14-р Далай ламд өргөмжлөгдсөн Лхамдондов хүүд Данзанжамц гэдэг номын нэр хайрлажээ.

14-р Далай ламыг залах ёслол Лхас хотын Будала ордонд 1940 оны 2-р сарын 22-ны өдөр болов. Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам зургаан настайгаасаа эхлэн тухайн үеийн Түвдийн томоохон эрдэмтэн лам, ринбүүчий нараар ном заалгаж эхэлжээ. Түүний сургалтын хөтөлбөрт нь их, бага таван ухаан багтдаг байжээ. Их ухаанд Учир шалтгааны ухаан, Түвдийн урлаг соёл, Самгарди хэл, Тэжээхүй ухаан ба Буддын гүн ухаан орно. Үүнээс Буддын гүн ухаан нь мөн дотроо таван аймгаас бүрэлдэнэ. Тэдгээр нь Пражнапарамита буюу Билгийн чиндад хүрэхүй, Мадхъяамака буюу төв үзэл, Винай буюу сахил санваарын ёс, Абхидхарма буюу метафизик, Прамана буюу логик ба танин мэдэхүй болно. Таван бага ухаан нь яруу найраг, хөгжим, драм, одон зурхай, үг зүй, ёгт нэр зэрэг болно. Далай лам 1959 онд буюу 23 насандаа Лхасын Жохан сүмд жил тутмын ерөөл хурлын үеэр дамжаагаа онцгой сайн барьж Буддын гүн ухааны хамгийн дээд цол буюу орчин үеийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй дүйцэхүйц Лхарамбагэвшмяндаг хүртжээ. Үе үеийн Далай лам нар Түвдийн нийслэл хотод  сууж Түвд улсын  шашин төрийг хослон барьдаг байлаа. Энэ хос ёс нь 5-р Далай ламынүе буюу 1642 оноос эхлэн хорьдугаар зууны 1950-аад оныг хүртэл200 гаруй жил үргэлжилжээ. 13-р Далай лам 1912 онд Түвдийн тусгаар тогтнолыг зарласан. Харин урьд өмнө нь Түвд улс тусгаар улс байсан боловч 1642-1720 онд  монгол хаадын ивээл дор, 1720-1912 онд Манж Чин улсын ивээлт орон гэгдэж байжээ.

Хятадад хорьдугаар зууны эхэнд иргэний дайн эхэлж Гоминдан намын Бүгд найрамдахчууд, Коммунист намын улаан хятадууд хоорондоо олон жилийн турш тулалдаж олон сая хүний амь үрэгдэж байлаа. Нэг талаас улс орноо гадаадын хараат бус байдал дор хөгжүүлэх гэсэн Гоминданы хүчин, нөгөө талаас зөвлөлтийн улаан коммунистуудын хүчинд дулдуйдаж  хятадыг улаан коммунист орон болгох гэсэн эвлэршгүй хоёр хүчин хайр найргүй дайн хийж байлаа. Хятадын иргэний дайнд эцэстээ 1949 онд Мао тэргүүтэй хятадын коммунист намын улаан цэргийн хүчин ялснаар дуусч, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ыг тунхаглав. Үүнээс хойш нэг жилийн дараа 1950 оны 10-р сараас эхэлжХятадын Ардын Чөлөөлөх Арми Түвд рүү довтлов. Түвдийн арми зэр зэвсэг муутай, найман мянга орчим цэрэгтэй байв. Харин Түвд руу довтолсон хятадын чөлөөлөх армийн 18 дугаар корпус орчин үеийн зэр зэвсэгтэй, их буу, байлдааны нисэх онгоцтой, пулемёт, миномётоор зэвсэглэсэн 40 000 цэрэгтэй байв. Түвдүүд хятадыг эсэргүүцэж эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалж хэд хэдэн удаа ширүүн тулалдаан хийсэн боловч үлэмж их хохирол үзэж ялагджээ. Хятадын Түвд рүү довтолсон энэ арми дээр өвөр монголын морьт цэрэг нэмэгдээд их хүчтэй болчихсон байлаа. 1951 оны 9-р сард хятадын цэргүүд Түвдийн Лхаст орж нийслэлийг нь эзлэв. Хятадууд Түвдийн нийслэлийг эзэлсний дараа ихэнхи цэргээ Солонгосын дайнд оруулахаар татжээ. Хятадууд 1950 оны 11-р сарын 17-нд 15 настай Далай ламыг Түвдийн бүрэн эрхт түр захирагчаар томилжээ. Түвдийн төлөөлөгч Наваан Жигмэд хятадын улаантнуудын тулган шаардсан “17 зүйлт гэрээ” гэгчийг аргагүйн эрхэнд зөвшөөрч гарын үсэг зуржээ. Наваан Жигмэдэд Түвдийн төрийн ямар ч тамга байсангүй. Ингээд ямар ч тамга тэмдэггүй тэрхүү гэрээ гэгчийг үндэслэн Түвдийг Хятадын бүрэлдэхүүнд хүчээр оруулжээ. Тэрхүү гэрээнд Түвдийг гадаадын империалистуудаас чөлөөлнө гэх мэтийн ямар ч үндэслэлгүй хачирхалтай зүйлүүд оржээ. Тэр үед Түвдэд нэг ч гадаадхүн байгаагүй байв.Түвд хэдийгээр Хятадад эзлэгдсэн ч гэсэн түвдийн партизанууд 1959 он хүртэл хятадын улаан цэрэгтэй тулалдсаар байсан юм. Харин Далай лам энэхүү цуст тулааныг зогсоох тушаал өгч дахин тулаан хийгээгүй аж.

1954-1955 оны хооронд 19 настай Далай лам бүтэн нэг жилийн дотор Хятадыг тойрон аялж хятадын хувьсгалч удирдагчидтай уулзан танилцжээ. Энэ үед Хятадын социалист үзэл санаа, социалист бүтээн байгуулалтыг үзэж харав. Залуу Далай лам 1954 оны 9-р сард хятадын удирдагч Мао Зе Дунтэй Ванчин богдын хамтаар уулзаж БНХАУ-ын Үндсэн хуулийг баталсан Ардын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.Тус хурлаар Ванчин богдын хамтаар Ардын Их Хурлын Байнгын зөвлөлийн орлогч даргын албан тушаалд томилогдож байв. Харин жилийн дараа дахин уулзахдаа Мао Зе Дун Далай ламд "Шашин бол хор" хэмээн хэлсэн нь Далай ламын үндсэн сүсэг бишрэлд халдсан, дургүйг нь хүргэсэн зүйл болжээ. Маогийн эцэг нь Күнзийн сургаалийг баримтлагч, эх нь Буддын шашны сүсэгтэн хүн байжээ. Харин Мао шашингүйн үзэлтэн,буруу номтон улаан хувьсгалч байв. Далай лам 1956 онд Будда нирваан дүр үзүүлсэн 2500 жилийн ойг тэмдэглэхээр Энэтхэг улсад очиж ерөнхий сайд Жавахарлал Неругээс танай улсад оршин суух улс төрийн орогнол надад олгох уу хэмээн асуусанд Неру түүнд “бид Хятадтай 1954 онд энхийн гэрээ байгуулсан учраас боломжгүй” гэсэн хариу өгч байжээ.

1959 онд Лхаст Хятадын эсрэг хэд хэдэн томоохон бослого болов. Энэ бослогыг хятадын арми зэвсгийн хүчээр даржээ. 1959 он гэхэд Түвдэд хятадын 150 000 цэрэгтэй арми байрласан байлаа. Хүнд байдалд орсон 14-р Далай лам дагалдагсдын хамт Түвдийн өмнөд хөрш Энэтхэг рүү дүрвэжээ. Харин энэтхэгийн ерөнхий сайд Неру энэ удаа Далай ламыг найрсгаар хүлээн авч Дармасалд амьдрах газар нутаг заан өгч ном буяны ажлаа хийхийг зөвшөөрчээ. Далай ламын араас Энэтхэг рүү 80 000 гаруй түвд иргэн улаан Хятадын эрх баригчдаас зугтан дүрвэжээ. Энэ дүрвэлт одоо болтол үргэлжилсээр байдаг юм. Далай лам Энэтхэгт очиж хилийн чанд дахь Түвдийн Засгийн газрыг байгуулж 2011 оны 4-р сарын 27-ны өдөр хүртэл тэргүүлсэн бөгөөд энэ албанаасаа чөлөөлөгдөхийг хүсэж түүний оронд эдүгээ Лувсан Сэнгээ Засгийн газрын тэргүүн болжээ.

Далай лам Түвдийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсч НҮБ-д удаа дараа хандсан. НҮБ-ын Ерөнхий Ассамблей гурван тогтоолыг (1959, 1961, 1965) баталсан. Түүний үйл ажиллагааны үр дүнд НҮБ Хятадад хандан Түвдэд хүний эрх, Түвд иргэдийн өөрийгөө тодорхойлох эрхийг хүндэтгэхийг уриалсан юм. Тэрээр 1987 онд Түвдийг энх тайвны бүс болгон зарлах, Хятадуудыг Түвдэд олноор суурьшуулахыг зогсоох, хүний эрх, эрх чөлөөг сэргээх, Түвдийн өвөрмөц экологийг хадгалах, Түвдэд цөмийн хаягдал булшлахыг хориглох зэрэг “Таван цэгийн энх тайвны төлөвлөгөө”-г дэвшүүлсэн юм.1989 ондДалай ламд Нобелийн энхтайвны шагнал хүртээжээ. Далай лам дараах номуудыг бүтээж туурвижээ.

  1. "Миний нутаг, миний ард түмэн" -         My Land and My People, 1962
  2. "Түвдийн Бурханы шашин"-                  'Tibetan Buddhisт',1990,
  3. "Харийн нутаг дахь эрх чөлөө" -            Freedom in Exile,1992,
  4. "Энэрэн нигүүлсэхүйн ёс зүй" -              The Ethic of Compassion, 1999,
  5. “Түвдийн буддизмын ертөнц -                The World of Tibetan Buddism, 1995 
  6. Аз жаргалын урлаг-                                 The Art of Happiness, 1998
  7. Калачакра Тантра -                                  Kalachakra Tantra, 1999
  8. Буддизмын хүч-                                        The Power of Buddism, 1999
  9. Эртний ухаан ба Орчин үеийн ертөнц-                 Ancient Wisdom,Modern World, 2001
  10. Нээлттэй зүрх-                                          An Open Heart, 2001
  11. Зогчин-                                                        Dzogchen , 2004
  12. Боди сэтгэлийн ухаан-                               The Wisdom of Compassion,2012

Далай лам : Би өглөө бүхэн 04 цагт сэрэнгүүтээ нүдээ нээхээс өмнө бодь сэтгэлийг бясалгаж,
“Хэдий хүртэл орчлон оршино
Төдийг хүртэл амьтад оршино.
Тэр болтол би ч хамт оршиж
Амьтан бүхний тусыг үүрд бүтээх болтугай!” хэмээн ерөөл тавьж, бүтэн өдрийн турш санах, сэрэх бүртээ энэхүү бадгийг дахин давтан ерөөсөөр суудаг даа хэмээн айлджээ. Далай ламын айлдвар сургаалийг монголчууд бид энэхэн насандаа  сайтар санаж, Хамаг амьтны тусын тулд буян номоо зориулах ёстой юм шүү.

Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Монгол Улсад нийт 9 удаа айлчилжээ. Анхдугаар айлчлал нь 1979 оны 6 сарын 15 буюу билгийн тооллын XVI жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр тохиож Монгол оронд Азийн Буддистуудын Энх тайвны V бага хурлын хүндэт зочноор уригдан анх заларчээ. Тэрбээр сүсэгтэн олонд "Гандан лхавжаа", "Есөн мөрт мигзэм", "Дөрвөн мөрт мигзэм" айлдан сүсэгтэн олны хамтаар маани уншиж "Язгуурын гурван бурханы тарни"-ийн лүн хайрласан юм. Хоёрдугаар айлчлал нь 1982 оны VIII сарын дундуур буюу билгийн тооллын XVI жарны усан нохой жилийн намрын эхэн сард тохиов. Энэ айлчлалаар III Далай ламын зохиосон "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт" хэмээх номыг дэлгэрэнгүй айлдав. Мөн "Жигжид бурханы авшиг", "Жамсран бурханы жэнан" зэрэг ном айлдаж Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын ерөнхий чуулганд хүндэт зочноор уригдан оролцов. Гуравдугаар айлчлал нь 1991 оны IX сар буюу билгийн тооллын XVII жарны төмөр хонь жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байв. Дээрхийн Гэгээнтэн бээр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Бодь мөрийн гурван эрхэм" номын дэлгэрэнгүй тайлбар, "Цагаан Дарь-Эхийн насны авшиг", "Язгуурын гурван бурханы тарни"-ийг сүсэгтэн олонд айлдав. Дөрөвдүгээр айлчлал нь 1994 оны IX сар буюу билгийн тооллын XVII жарны модон нохой жил морилон ирэв. Энэ айлчлалаар "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт" номыг тайлбарлан нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни", "Язгуурын гурван бурханы зүрхэн тарни", "Ловон Бадамсамбааваа бурханы зүрхэн тарни"- ийн лүн хайрлав. Тавдугаар айлчлал нь 1995 оны VIII сар буюу билгийн тооллын XVII жарны модон гахай жилийн намрын эхэн сард Монголд морилон иржээ. Дээрхийн гэгээнтэн Далай лам Монголд анх удаа МБШТөв Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын вангийн их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонхавын туурвисан "Бодь мөрийн зэргийн хураангуй утга" болоод "Шүтэн барилдахуйн магтаал" зэрэг Бурханы шашны гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж "увш" болон "бодийн санваар" хайрлав. Зургадугаар айлчлал нь2002 оны XI сарын 06-09-ний өдрүүдэд тохиож, "Бодь мөрийн зэргийн гурван эрхэм", "Шүтэн барилдахуйн магтаал", "Бурхан багшийн зүрхэн тарни", "Дарь Эхийн жэнан" зэргийг нийт сүсэгтэн олонд айлдаж, оюутан залууст сургаал номоо хайрлав. Долдугаар айлчлал нь2006 оны VIII сарын 21-27ны  өдрүүдэд тохиож энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн Далай багш лам хуврагийн жаяг бичгийг зохиож, Монголын бурханы шашны сүм хийдүүдийн тэргүүн болон хамба лам нарт гардуулж Монголчуудад анх удаа гэлэн сахилыг 52 ламд хүртээсэн юм. Далай ламын энэ удаагийн айлчлалын үеэр өөрийн мутраар мөнхийн ногоон гацуур модыг Гүнчав Жамбаалин төвийн үүдэнд суулгажээ. Наймдугаар айлчлал нь 2011 оны XI сарын 7-1 ний өдрүүдэд тохиожэнэ удаагийн айлчлалаар Далай лам оюутан залуучуудад "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц айлдсан. Нийт сүсэгтэн олонд "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт", "Шүтэн барилдлагын магтаал", Жанрайсиг бурханы авшиг, Цагаан Дарь-Эхийн насны авшигийг тус тус айлдсан. Есдүгээр айлчлал нь 2016 оны XI сарын 18-23-ний өдрүүдэд тохиож,XIV Далай лам монголын нийт лам хувраг, сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван айлдаж, “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг хийв.

Монголчууд бид их азтай хүмүүс. Учир нь монголчууд бид дөрвөн зууны турш Далай ламтай номын барилдлагатай оршиж, бие, хэл, сэтгэлээ ариусгаж, олон галавын турш сансарын хүрдэнд төөрсөн зовлонгоосоо салж, гэгээрэх боломжтой болсон хүмүүс юм.

Далай лам багш Данзанжамцын мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай. 

 

                                                                                                           

                                                                                                                                                            2024.07.6

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)