Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давлаа
- 2024-07-08
- Нийгэм
- 0
Долоодугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Зэлтэр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул , зүүн хажуугийн Онон /Биндэр/, Алтай нуруунаас усжих Булган, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Хэрлэн-Өндөрхаан орчимд үерийн түвшинг 5 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байдалтай байна.
Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер Наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10, 11-ний үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна.
Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татамаас холдож нүүхийг анхааруулж байна.
Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 15-20 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэсэн хэвээр байна.
Ойрын өдрүүдэд түр зуурын бороо орох төлөвтэй тул дээрх голууд болон гол мөрний сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)