Д.Трамп хамтрагчаараа сенатч Жеймс Дэвид Вэнсийг сонгов

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 16 /VOA/. Дональд Трамп АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Охайо муж улсаас Сенатад сонгогдсон Жеймс Дэвид Вэнсийг нэр дэвшүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ.  

 

Тэрбээр Ж.Д.Вэнсийг ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хамтрагчаар сонгосон тухай эл мэдэгдлийг даваа гаргийн орой Висконсон муж улсын Милуоки хотод эхэлсэн Бүгд найрамдах намын /БНН/ их хурлын үеэр хийжээ.

 

Тус намын их хурал Ерөнхийлөгч асан Д.Трампыг Цагаан ордны тэргүүний төлөөх өрсөлдөөнд намаас албан ёсоор нэр дэвшүүлснээр эхэлжээ. Түүнийг БНН-аас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэрийг пүрэв гаргийн орой албан ёсоор батлах ёстой бөгөөд тэрбээр хаалтын үг хэлнэ. Милуоки хотын төвд дөрвөн өдөр үргэлжлэх БНН-ын хурал Пенсильвани муж улсад Д.Трампын амь насанд халдахыг завдсанаас хоёр хоногийн дараа, мөн Флоридагийн холбооны шүүгч түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргүүдийн нэгийг хэрэгсэхгүй болгосноос хэдэн цагийн дараа эхэлсэн байна. 

 

"Жейди дэд ерөнхийлөгчийн хувиар Үндсэн хуулийнхаа төлөө үргэлжлүүлэн тэмцэж, цэргүүдтэйгээ хамт зогсож, АМЕРИКИЙГ ДАХИН АГУУ болгох үйлсэд надад туслахын тулд чадах бүхнээ хийх болно" гэж Д.Трамп өөрийн "Truth Social" олон нийтийн сүлжээнд бичжээ.

 

Харин Жо Байден мэдэгдэхдээ, Ж.Д.Вэнсийг Д.Трампын “хуулбар” гэжээ. Невадаг зорихынх нь өмнө сэтгүүлчид түүнээс сенатчийн талаар асуухад "Бүх талаараа Трампын хуулбар, би тэдний хооронд ямар ч ялгаа олж харахгүй байна" гэж хариулсан байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-07-17

    Ядуу Америкчууд Бүгд Найрамдах намын гишүүн болдог юм уу даа?