Туулбаатарын Тэмүүлэн: Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон
- 2024-07-19
- Өөр өнцөг
- 0
Хурдан дааганы цол дуудсан Т.Тэмүүлэн хүүгээс ярилцлага авах гэтэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын 100 жилийн ойд дуу дуулж, ерөөл уншиж, морины цолоо дуудах ажлаар явсан тул түүнтэй утсаар холбогдож ярилцлаа.
-За юуны өмнө чамд баяр хүргэе.
– Баярлалаа.
-Наадамд хурдан дааганы цол дуудах болсон шалтгаан юу вэ, сонирхол байсан уу?
-Сонирхол байлгүй яах вэ. Улсын наадамд ядаж баян ходоодны цол дуудахсан гэж мөрөөдөж, тэр мөрөөдөл минь биелсэн.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Туулбаатарын Тэмүүлэн гэдэг.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, одоогоор Нийслэлийн 53 дугаар сургуульд сурдаг.
-Наадмаар хурдан дааганы цол дуудаад наадамчин олныг баясгасан шүү дээ, сэтгэгдэл ямар байсан бэ?
-Сайхан байсаан, эхэндээ айж байсан, гэтэл наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон, их омогшсон.
-Урьд нь олон шагнал авч байсан уу?
-Анх бол урлагийн үзлэгт ороод хоёр удаа алтан медаль авч байсан. Тэгээд “Билиг авьяас бидний бахархал” аймгийн уралдаанд товшуур хөгжим, магтаал хайлж дөрөвдүгээр байранд орж “Гийнгоо” их наадамын улсын уралдаанд оролцож алтан медаль авч байсан.
-Танай аав, өвөө юу хийдэг хүмүүс вэ, урлагийн удам бий юу?
-Удам байгаа, ерөнхийдөө удмаараа урлаг талдаа. Манай өвөө аймгийн Хөгжимт драмын театрын дуучин байсан, аав бас дуулдаг. Одоогоор манай Өлзийт нутгийн ой болж байгаа болохоор миний хувьд энэ баярт оролцох гэж байна.
-Ирэх 9 дүгээр сард хичээл нь эхэлж анги дэвшинэ, ангийн хамт олон, найз нар чинь мэдээд чамд баяр хүргэнэ дээ.
-Манай найзууд баяр хүргэсэн, өмнөх ангийн найзууд болон шинэ ангийн найзууддаа баярлалаа.
-Танайх хэдүүлээ вэ?
-Би айлын бага, дээрээ хоёр эгч, нэг ахтай.Одоо ах эгч нар бүгд тусдаа болоод өнөр өтгөн 12-уулаа болсон.
-Ээж аав нь хаана ямар ажил эрхэлдэг вэ?
-Ээж маань Баянхонгор аймгийн Соёл урлагийн хэлтсийн дарга, аав Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг.
-Чиний сонирхол хобби юу вэ?
-Урлаг талдаа, тэр дундаа Монголынхоо үндэсний урлагтаа илүү хоббитой.
Танай сониноор дамжуулж ээж аавдаа, ах эгчдээ хайртай шүү, мөн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
Ц.ОТГОНСҮРЭН
Сэтгэгдэл (0)