Урсула фон дер Ляйен Европын Комиссын тэргүүнээр улиран сонгогдлоо
- 2024-07-19
- Дэлхий
- 0
БРЮССЕЛЬ, 2024 оны долоодугаар сарын 19 /BBC/. Европын парламентын гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтын дүнгээр Урсула фон дер Лейен Европын комиссын тэргүүнээр улиран сонгогдлоо.
Тэрбээр пүрэв гарагт Страсбургт болсон санал хураалтаар Европын парламентын 401 гишүүний дэмжлэгийг авсан нь шаардлагатай саналын тооноос 41-ээр илүү байжээ.
Барууны төвч үзэлт Европын ардын намын /EPP/ гишүүн У.Ляйен анх 2019 онд уг албан тушаалд сонгогдож байсан юм. Тэрбээр одоо ЕХ-ны удирдлагад дахин таван жил ажиллахаар боллоо.
Санал хураалтын дараа У.Ляйен хэлсэн үгэндээ "миний хувьд маш их сэтгэл хөдөлгөсөн, онцгой мөч болж байна, санал хураалтын дүн бол надад өндөр итгэл хүлээлгэж байгаагийн илрэл" гэлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, Европын хувьд хамгийн чухал зүйл бол “дотоодын болон гадны халдлагад өртөж буй” ардчиллаа хамгаалах явдал юм гэв. Санал хураалтын өмнө У.Ляйен мөн цэргийн зардлыг нэмэгдүүлэх замаар Европын батлан хамгаалах хүчийг дэмжиж, уур амьсгалтай холбоотой зорилтуудыг биелүүлэхээ амлалаа. “Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид хамтдаа юу хийж чадахаа харуулсан. Үүнийг үргэлжлүүлэн хийцгээе” гэж тэрбээр хэллээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)