Улаанбаатарыг хамгаалах ус зайлуулах шугамаа хэзээ угсрах вэ
- 2024-07-23
- Улаанбаатар
- 0
Ус соруулж, элс шуудайлж иргэдийн татварын мөнгөөр жил бүр амь аргацгаадаг байдал хэзээ хүртэл үргэлжлэх бол. Улаанбаатар хотод хэсэгхэн зуурын бороо ороход иргэд эд хөрөнгө, амь насаараа золиос гардгийг өмнөх зуны үер гашуун туршлага болон харуулсан. Хот дундуур ус зайлуулах хоолойгүй зам, барилга байгууламж нүдний өмнө сүндэрлэсээр л. Зун болдгоороо болж бороо орох бүрд нийслэл усанд автсан хэвээр байх уу. Бидэнд гоё ганган, гял цал хотоос илүү цэвэр, тохитой, эрсдэлгүй амьдрах орчин дутагдаж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол 1.5 дахин нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Мөн хот, суурин газрын төлөвлөлт, зориулалтын ус зайлуулах хоолой, суваг дутмагаас ус зайлуулах явц удааширч байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж үер усны аюулыг ихэсгэж байна. Нийслэлд өнгөрсөн оны долоодугаар сард болсон үерт 31.600 өрх, 128.100 хүн өртөж, мянга гаруй байшин барилгад цахилгаан, ус тасарч 20 гаруй зам эвдэрч, зам хязгаарлагдсан. Үерийн улмаас нүхэн жорлон хальж, ундны ус бохирдсоноор халдварт өвчин гарах эрсдэл нэмэгдсэн. Судалгаанаас харахад Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын зургаан хувийг усны бохирдлоос үүссэн суулгалт өвчин эзэлж байна.
Гамшигт нөхцөлд цэргүүд, төрийн албан хаагч, тусгай чиг үүргийн байгууллагууд зогсолтгүй ажилласан билээ. Байгалаас тогтсон даланг өөрчилсөн, хашаа байшингууд үерийн хохирлыг улам нэмэгдүүлсэн гэж нийслэлийн Геодиз, усны барилга байгууламжийн газрын мэргэжилтнүүд хэлж байсан.
Борооны усыг соруулсаар байх уу?
Улаанбаатар хотод энэ оны долоодугаар сарын 20-ны өдрийн 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 ажилтан, алба хаагч ажиллаж, 14.403 тонн ус соруулан, 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж ажиллажээ
Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад улсын хэмжээнд үерийн усанд боогдсон, айл өрх, барилгын В1 давхарт ус орсон, нийтийн эзэмшлийн талбай, гүүрэн гарц усанд автсан зэрэг нийт 19 дуудлага мэдээлэл бүртгэгдэв.
Үүнээс Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт автозам, орон сууцны зоорины давхар, айл өрх усанд автсан, автомашинтай зорчиж яваад шаварт суусан зэрэг есөн удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын 44 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтайгаас 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй. Их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог. Энэ талаар ГУББГ-ын Ажлын албаны дарга Б.Бямбасайхан “ГУББГ-аас 2020 оноос хойш нийт 37 байршилд ус зайлуулах шугам хоолой угсраад байна. 2023 онд хийсэн судалгаагаар ус тогтдог 50 байршил байсан. Энэ онд эдгээрийн 13 байршилд борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар долоон байршилд угсраад байна” гэлээ.
Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул СХД-ийн Тахилтын нүхэн гарцын ус зайлуулах инженерийн шугам сүлжээний ажлыг яаралтай хийлгэхийг үүрэг болголоо. Мөн тэрээр дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгчээ.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их, урсгал засварын хугацаанд дуусгах ажлаа эрчимжүүлж, нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэх, Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах, Дүүргийн засаг дарга нар үерийн нөхцөл байдалд дүүрэг дээрээ ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар дараах мэдээллийг өгсөн.
Уржигдар орсон борооноор Хан-Уул дүүрэгт үер усны 10 дуудлага иржээ. Нисэхийн аравдугаар хорооны долоодугаар байр, хоёрдугаар хорооны 7, 8 дугаар байрны хэсэгт үерийн усыг шавхаж ажилласан байна. Мөн 14 дүгээр хороо Өлзийтийн хэсэгт далан сэтэрч айлын хашаа руу ус орсон дуудлага иржээ. Даланг дахин бэхжүүлж айлууд руу орсон усыг соруулжээ.
Баянгол дүүрэгт таван байршилд ус тогтсон дуудлага ирсэн. Төмөр зам, 10-р хороолол, Нарны гүүр орчим ус тогтсон хэсэгт соруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Дүүргийн хэмжээнд таван автомашин, гурван помп бэлэн байдалд ажиллаж байгаа. Орон сууцны зарим СӨХ-үүдэд 20 ширхэг насос олгохоор бэлджээ.
Сүхбаатар дүүрэгт гурван дуудлага ирсэн. Үүнээс гуравдугаар хороо 8а байр, нэгдүгээр хороо 56б байранд ажилласан. Мөн S`Outlets-н хуучин суурин дээр цугларсан усыг соруулжээ.
Сонгинохайрхан дүүрэгт долоон удаагийн дуудлага ирсэн. Нэгдүгээр хорооллын зам, Барилгачдын гудамж, 22-р хороо Тахилтын нүхэн гарцад ус тогтсон. Шөнийн 01:30 цагт усыг бүрэн шавхсан. Нэг автомашин усанд автсан байна.
Мөн Арцат, Нүхтийн амнаас үерийн ус бууснаас болж Наадамчдын замын урд талын хэсэг тэр чигтээ усанд автсан. 21:40 цагт усыг бүрэн шавхаж дууссан. Ус тогтох болсон шалтгаан нь замын цэвэрлэх байгууламжийн даац хэтэрснээс үүджээ. ХУД-ийн хэмжээнд нийт хоёр ус сорох нацос, 12 ширхэг жижиг насосыг ажиллуулж байгаа аж.
Шинэ автобуснууд монголын цаг уурын нөхцөл байдалд тохируулан хийсэн
Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсны улмаас нийтийн тээвэр усанд автсан асуудлыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Үүрийнсолонгоос тодрууллаа. Тэрээр “Манайд орж ирсэн сүүлийн үеийн шинэ автобуснууд нь Монголын цаг уурын нөхцөл байдалд тохируулан хийгдсэн. Тодруулбал, бүх автобусанд ус нэвтэрсэн тохиолдолд ус зайлуулах зориулалтын нүх байдаг. Үерийн нөхцөл байдал хүндэрч ус ихээр автобусанд орсон. Зорчигчдын гутал, өмдний түрий норох зэрэг асуудал гарсан. Ус орж ирснээс болж тээврийн хэрэгслийн үйл ажиллагаанд доголдол гарсан асуудал байхгүй. Надад ирсэн мэдээллээр хоёр автобусанд ус нэвтэрсэн тохиолдол гарсан байна. Тухайн үед автобусны жолооч иргэдэд аюулгүйн заавар зөвлөмж өгч автобусанд сөрөг үр дагавар байхгүй талаар мэдээллэсэн байна. Бид дахин ийм асуудал тулгарвал аль болох аюулгүй ажиллагааны дүрмээ баримталж, зорчигчдыг зорьсон газарт нь тээвэрлэнэ” гэв.
Б.АЛТАНГЭРЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)