Олон тоглогчоос долоо дахь Ерөнхийлөгч тодрох 2027 оны сонгууль айсуй…

Саяхан л “Ямар ч эсэргүүцлийг сөрж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж байсан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн сунгаанаас нэрээ татлаа. Өөрийнхөө оронд дэд ерөнхийлөгчөө зүтгүүлэхээр болжээ. Уг нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль гурван сар хагасын дараа болох юм. Жо Байдены намын чуулган ч сар хүрэхгүй хугацааны дараа хуралдаж, нэр дэвшигчийг зарлахаар товлогдсон юм.

Гэвч Жо Байден ингээд мэдэгдэл хийчихлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд сүүлийн хагас зуун жилд тохиогоогүй үйл явдал бөгөөд олон улсын анхаарлыг ч татаж байна.

Жо Байден намынхаа болоод улс орныхоо эрх ашгийг бодож ийн шийдсэнээ мэдэгдсэн. Үүнээс нарийн тайлбар хэлээгүй байна. Харин эх сурвалжууд түүний шийдвэрийг “CNN” агентлагийн зохион байгуулсан мэтгэлцээнд тааруухан оролцсон, ер нь нэр хүнд нь сайнгүй байгаатай холбож байна. “Жо Байден нэрээ татах нь ойлгомжтой байв. Учир нь түүнийг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй болчихоод байсан” гэх дүгнэлт хүчтэй тарж байна.

 

Ертөнцөд ийм сонин хачнаар дүүрэн байгаа бол Монголд гурван жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хөдөлгөөн оржээ. Нэр дэвших магадлалтай эрхмүүдийн нэр, ус ч яригдаад эхэлжээ. Олны дунд таран түгж буй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй тэр эрхмүүд дунд хэн хэн байна вэ. Илүү ихээр яригдаж байгаа эрхмүүдийг товч танилцуулъя.

 

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Энэ хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. Энэ дагуу анхны сонгууль 2021 онд явагдаж Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсон. Түүний бүрэн эрх 2027 онд дуусна. Одоо яг талдаа орж байна. Гэхдээ саяхан болж өнгөрсөн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө хийгээд түүний дараа болж буй үйл явдлууд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль нэгэнт эхэлснийг харууллаа.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль нэг том онцлогтой. 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр улс төрийн таван нам, эвсэл УИХ-д суудалтай болсон. Тэгэхээр 2027 оны сонгуульд таван нэр дэвшигч Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэсэн үг. Гэхдээ үүнээс өмнө их олон үйл явдал өрнөнө.

 

Нам, эвсэл бүрт сунгаа явагдана.

Нэг эрхийн төлөө нэлээд хэдүүлээ өрсөлдөх бололтой байна.

 

АН-аас тус намын дарга Лу.Гантөмөр 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн боломжтой эрхэм юм. Задрах дөхсөн намаа нэгтгэсэн гавьяа түүнд бий. Хоёр бүрэн хугацаанд эрхийн найман жилийн турш үргэлжилсэн ялагдлыг зогсоосон. Засгийн газарт хамтрах түвшинд хүргэсэн. Хамгийн гол нь ингэж тэр АН-ынхаа гишүүдийн унтарсан итгэлийг асаасан. Энэ бүхний ард эв нэгдэл яваа. Эв нэгдэл бол Ерөнхийлөгч болох гол нуруу л даа. УИХ-ын гишүүн “босоо” С.Ганбаатар 2017 онд өрсөлдөөд 400 гаруй мянган санал авсан. УИХ-ын сонгуульд ч, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сэтгэхүйтэй өрсөлддөг нэгэн. Сая тангараг өргөхдөө сунаж мэхийж байгаа нь ч 2027 онд сунайтал өрсөлдөнө гэсэн биеийн хэлэмж гэх сонин тайлбар явж л байна. Саяын сонгуульд МАН-ын хүчтэй өрсөлдөгч Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарыг даваад гараад ирсэн. Олон нийтийн дунд одоо үедээ хамгийн өндөр рейтингтэй явна. Энэ утгаар нь АН-ынхан түүнийг Ерөнхийлөгчид дэмжих магадлал өндөр. Тэр ч ялж мэдэх улстөрч.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бол АН-ын чансаатай дүрүүдийн нэг. “Топ 10” улстөрчид багтдаг. Ерөнхийлөгчид нэр дэвшвэл амжилт үзүүлэх магадлал их. Сонгогдвол “хонгил”-оо нураах хүсэл түүнд байгаа нь тодорхой.

 

Нэр хүнд өндөртэй. СХД-ийн тэр битүү сүлжээ дундаас сонгогдсон нь баргийн улстөрч барахгүй ажил. Н.Алтанхуягт ард түмний дэмжлэг байна л гэсэн үг.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай. 2027 онд 54 нас хүрэх түүнд ийм боломж бололцоо хангалттай бий. УИХ-д гурав дахиа сонгогдсон Б.Пүрэвдорж АН-ынхаа квот дээр сайд бололгүй үлдсэн. Тэрээр УИХ-ын дэд дарга болж, Ерөнхийлөгчид нэр дэвших бууриа засаж буй гэх юм билээ.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэр дэвшээд, тэгээд сонгогдвол ийм цагт хэрэгтэй Ерөнхийлөгч болж мэдэх юм. Тэрээр эрх зүйн, олон нийтийн шилдэг дүр. Түүний улс төр, хууль, эрх зүйн туршлага Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчийн имиж, илэрхийлэл болоход тун зохино. Х.Тэмүүжин прокурорын тогтолцоо, шүүхийн системийг өөрчлөх талаар ярьдаг. Үүнийг тэр санаандгүй яриад байдаггүй нь лавтай. Яагаад гэвэл үүнийг УИХ-ын гишүүн биш Ерөнхийлөгч л хийж чадах ажил юм. Дахин хэлэхэд, Х.Тэмүүжин нэр дэвшвэл сонгогдох магадлалтай. Сонгогдвол ярьснаа хийж чадна. Тийм үнэлгээтэй улстөрч байгаа юм.

МАН-ын эрх мэдлийг атгаж буй наяад оныхон гэгддэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй. Санаа нь байвч нас нь хүрэхгүй. Энэ сонгууль тэдэнд хүртээл багатай өнгөрнө. Харин далаад оныхон нь олноороо өрсөлдөнө. Тэднээс УИХ-ын дарга асан Г.Занданшатар бараг л бэлэн нэр дэвшигч. Улс төрийн туршлага, сонгодог парламентын мэдлэг, мэдрэмж өндөр. Айлгаж ичээхгүй, аюулгүй Ерөнхийлөгч болох магадлалтай.

 
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Үеийнхээ улстөрчид дунд нөлөөтэй. Намаасаа ч дэмжлэг авах боломжтой.

 

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ч намдаа, Засгийн газарт хамгийн их хөрвөж байгаа улстөрч. Олон жил энэ тогоонд чанагдаж, бизнесмэн байсныг нь олон нийт бараг мартсан. Тэрээр асуудалд хүч түрж ханддаггүй, гэсэн атал зорилгоосоо ухарч няцаж харагддаггүй. Улсын эв нэгдэл ярих цаг нь ч, нас нь ч болсон. ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар бол яахын аргагүй шилээний улстөрч. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгоод гадаад харилцаагаа атгуулахад МАН байтугай Монгол амар болно. Тэр тусмаа дэлхий ертөнц ийм байхад гадаад харилцааны нэрийн хуудас болсон Д.Цогтбаатар чухам л төрд хэрэгтэй зайран байгаа юм. Сангийн сайд Б.Жавхлан бас л Ерөнхийлөгчид өрсөлдөхөд яахнав гэхээргүй эр бяр нь жагсчихсан улстөрч. Хий алга. Хэл амнаас хол. Банкираас улс төрд амжилттай нутагшсан.

 

ХҮН намаас УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд нэр дэвших боломжтой байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар яг 50 нас хүрч, хуульд заасан насны шаардлагыг давна. Улс төрийн шаардлага бол түүний хувьд хангагдсан. Гуравдагч хүчнийг бодитоор гаргаж ирсэн. ХҮН нам хотод дэмжлэг сайтай. Тус намаас Т.Доржханд үгүй бол Датаком Д.Энхбат, Де Факто Д.Жаргалсайхан нар дээр хувилбарууд яригдаж байна. Бас л эерэг, сайхан Ерөнхийлөгчийн дүрүүд л дээ. Д.Энхбат 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. Суурьтай. Д.Жаргалсайхан үйл ажиллагаагаараа улс орны, олон нийтийн төлөө дуугарч ирсэн. Буурьтай.

 

ИЗНН-аас намын дарга Б.Батбаатар нэр дэвших бололцоотой. Түүний улс төрийн туршлага сэлтийг ярих нь илүүц. Ялалт, ялагдлыг үзсэн. Улс төрийн эр зориг ялалтад хүргэдгийг сая ИЗНН-ыг УИХ-д суудалтай болгож харуулсан. Хэрэв Б.Батбаатар нэр дэвшихгүй бол С.Оюун өрсөлдөөнд орж ирж болзошгүй байна. С.Оюун нэр дэвшвэл сонгууль ихээхэн сонирхолтой болно. Сонгогдох магадлал өндөртэй. УИХ-д анх удаа эмэгтэйчүүдийн квот 25 хувь давсан. Энэ нөлөөлнө. Үүнээс гадна ардчилал, олон улсын харилцаа гэсэн давуу талууд С.Оюунд бий. Мөн С.Зориг агсны дүү, олон жилийн өмнөх хэргийн учир зангилааг тэр тайлах нь дамжиггүй. С.Оюун сонгогдвол Монгол Улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох юм.

 

Үндэсний эвслээс эрэмбээрээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь бий. Гэхдээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нас нь хэдхэн хоногоор дутна. Харин тэр эрх түүний аав Б.Нямтайширт ирж мэдэхээр байна. Угаасаа Б.Нямтайширыг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэж 2013 оноос хойших сонгууль бүрээр ярьж ирсэн. Хуучин “нэр дэвшигч” гэсэн үг.

 

Тэгээд ч тэр нэр дэвшиж, Монгол Улс тийм Ерөнхийлөгчтэй болж чадвал чухам л энэ цаг үедээ монголчууд тэнгэрийн умдаг атгах нь тэр. Учир шалтгаан нь тун тодорхой. Аж үйлдвэржилтийн томоохон бодлогыг тэр л хийж чадна. Б.Нямтайшир олон нийтээс ч, улс төрөөс ч ирэх дэмжлэг ихтэй. Зөвхөн Үндэсний эвсэл гэлтгүй үндэсний хэмжээний дэмжлэгийг авах чадалтай. МАН-аас гэхэд л Хотын фракц, Сү.Батболдынхон хоёр гараа өргөөд дэмжинэ. Яаж ч харсан Б.Нямтайшир яг энэ цаг үед Монголд хамгийн хэрэгтэй Ерөнхийлөгч болно шүү.

 

Ингэж 2024 оны УИХ-ын сонгуулийн тоос бууж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн их сунгаа эхэлжээ. Уг сонгуульд олон тоглогч оролцоно. Ил яригдаж байгаа хэд нь л энэ. Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай АН, МАН, ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл олон эрхмээс нэр дэвшигчээ тодруулна.

Гэхдээ сонгууль хүртэл хугацаа байна. Хэн нь хэн бэ гэдгийг ялгах боломж нам эвслүүдэд ч, бидэнд ч хангалттай олдоно. Чансаатай, чанга нэр дэвшигчидтэй, тачигнасан, начигнасан сонгууль болох дог.

 

Ажиглагч А.Батболд

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)