Хувийн компаниуд шинэ автобусыг төлбөртэй ашиглаж, төвлөрсөн мөнгийг парк шинэчлэлд зарцуулна
- 2024-07-26
- Улаанбаатар
- 0
Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд 600 автобусыг шинээр худалдан авч, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулж, хүлээлгэн өгч буй.
Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Эс энд Эй транс” болон “Үнэгтийн уул” ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгууллаа. Дээрх компаниуд нийт 4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai County” маркийн дунд оврын 15 шинэ автобусыг долоон жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авч, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж багатай нийслэлийн захын дүүргийн 4 чиглэлд үйлчлэх юм.
“Hyundai County” маркийн дунд оврын 15 автобус дараах чиглэлд үйлчилнэ.
- Д1 Шар хад – Ботаник
- Ч67Z Нисэх - Морингийн даваа
- Д4 СХД 31-р хороо- Хайрханы эцэс 11-р байр
- Д8 Товчооны зам 6-р зогсоол – Толгойтын эцэс
Ташрамд, 2024 онд нийт 12 компани 348 автобусыг долоон жилийн хугацаатай гэрээ байгуулж, төлбөртэйгөөр ашиглаж байна. Гэрээнд заагдсан эргэн төлөлтийг “Нийтийн тээвэр хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж байгаа бөгөөд уг санг хөрөнгөжүүлэх замаар дараагийн парк шинэчлэлийг хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар өмнө байгуулсан 10 аж ахуйн нэгж байгууллагатай хийсэн гэрээний дагуу тус санд 7 тэрбум төгрөг хуримтлагдаад байна.
Сэтгэгдэл (0)