Д.Ганхуяг: Хүний амь нас хохирсон авто замын ослын 76.6 хувь нь орон нутгийн зам дээр гарч байна
- 2024-08-01
- Топ сэдэв
- 0
Баяр наадмын өдрүүд дууссан ч орон нутгийн замын хөдөлгөөн ачаалалтай байна. Түүнчлэн орон нутгийн замд хүний амь эрсэдсэн тохиолдлууд гарсаар байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах Д.Ганхуягтай ярилцлаа.
-Буруу талдаа жолооны хүрдтэй машин гүйцэд түрүүлэх үед осол гарах эрсдэлийг ямар хэмжээнд нэмэгдүүлдэг вэ?
-Гарч байгаа нийт ослын зонхилох шалтгаан нь хориглосон нөхцөлд гүйцэд түрүүлэх үйлдэл. Орон нутгийн замд явж байхдаа жолооч нар нэгэндээ нөхцөл байдлыг мэдээлэх боломжтой. Жишээлбэл, ар талын машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийх гэж байхад урдаас ирж буй машин зүүн талын дохиогоо асааж “Урдаас машин ирж байна аа” гэж мэдэгдэх боломжтой шүү дээ. Энэ нь дүрэмд байхгүй ч гэсэн замын хөдөлгөөний соёл юм.
-“Амь аврах алтан гурвалжин” аяны тухай тодруулбал?
-Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2024” арга хэмжээ явагдаж байна. Энэхүү арга хэмжээний өмнөх жилүүдэд “Аажуу явбал аяндаа хүрнэ”, “Нэг зам нэг соёл” гэсэн уриатай явагдаж байсан бол энэ жил “Амь аврах алтан гурвалжин” гэсэн уриатай явагдаж байна. Яагаад ийм уриатай байгаа вэ гэхээр орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын судалгаанаас болсон юм. Судалгаагаар орон нутгийн зам дээр гарсан авто ослын улмаас амь насаа алдсан, бэртсэн гэмтсэн иргэдийн 87 хувь нь суудлын бүс хэрэглээгүй гэсэн дүн мэдээ бий. Тиймээс суудлын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор хатуу чанд шаардлага тавьж байна.
-Эхний зургаан сарын байдлаар 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амиа алдсан-
Мөн суудлын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн хяналт шалгалтыг хийж байна.
-2024 оны хагас жилийн байдлаар зам тээврийн ослын тоон мэдээлэл ямар байна вэ?
-Эхний хагас жилийн байдлаар нийт 60 орчим мянган зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс 13.700 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас 1800 орчим иргэн хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн. Мөн 247 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Түүнчлэн хүүхэд бэртэж гэмтсэн зам тээврийн осол 134 бүртгэгдсэн. Түүнээс 26 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан байна.
-Иргэд хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж байна уу?
-Баяр наадмын өмнөх өдрүүдэд хотоос гарах чиглэлд тээврийн товчоонууд дээр хяналт шалгалт хийсэн. Хагас цагийн хяналт шалгалтын эцэст хүүхдийн зориулалтын суудал хэрэглэсэн хоёр тээврийн хэрэгсэл л байсан. Энэ төрлийн нарийн судалгаа удахгүй гарна. Үүнээс хүүхдийн хамгаалалтын суудлын хэрэглээ маш хангалтгүй байгааг харж болно. Иргэд бараг хэрэглэхгүй байна. Ийм нөхцөл байдалтай байгаа болохоор зам тээврийн осол гарсан тохиолдолд хүүхэд хүнд бэртэж гэмтэх, амь насаа алдах эрсдэл буурахгүй байна. Хүүхдээ эцэг эхчүүд маш буруу тээвэрлэж байна. Арын суудал дээр сул орхичихдог. Эсвэл жолоочийн хажуугийн суудал дээр өөрөө хүүхдээ тэврээд явж байдаг. Энэ нь маш буруу алхам. Зам тээврийн осол гарсан тохиолдолд хүүхэд хамгийн түрүүнд эрсдэлд орж байгаа юм. Өөрөө суудлын бүс зүүчихсэн хэрнээ хүүхдээ өвөр дээрээ авч сууж болохгүй ээ.
-Баяр наадмын өдрүүдэд хотоос гарах чиглэлийн замын ачаалал их байв уу?
-Гарч байгаа дийлэнх авто осол орон нутгийн замд бүртгэгдэж байна. Баяр наадмын өдрүүдэд нийслэлээс гарах таван чиглэлийн замд өндөр ачаалалтай байдаг. Жишээлбэл, Улаанбаатараас Лүн чиглэлд их ачаалалтай байдаг учир урт цуваа үүсдэг. Тиймээс зарим жолооч нар хориглосон нөхцөлд гүйцэд түрүүлэх гэж эсрэг урсгалд орж онхолдсон, мөргөлдсөн тохиолдол гарсан.
-Хүүхдүүд зам тээврийн осолд яагаад ийм өндөр дүнгээр өртөж байна вэ?
-Яагаад вэ гэхээр скүүтерийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой. Авто зам дээр цахилгаан скүүтертэй хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулж байна. Зориулалтын замаар зорчих хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдээ зориулалтын дагуу тээвэрлэх ёстой.
-Орон нутгийн зам дээр гарч байгаа ослын үндсэн шалтгаан нь юу байна вэ?
-Нийтлэг шалтгаан нөхцөл хэд хэд бий. Нэгдүгээрт, шөнийн цагаар гэрлээ шилжүүлээгүйгээс үүдэж онхолдох, мөргөлдөх, эсвэл мал амьтан мөргөх гэх мэт. Хоёрдугаарт, хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх үйлдлийг хориотой нөхцөлд гүйцэтгэх гэсэн хоёр үндсэн шалтгаан байна. Хүний амь нас хохирч байгаа авто ослын 76.6 хувь нь орон нутгийн зам дээр гарч байна.
-Жолооч нар ямар нийтлэг алдаа гаргаж байна вэ?
-Орон нутгийн замд гарч байгаа жолооч нар техникийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах хэрэгтэй. Мөн дагалдах хэрэгсэл буюу анхны тусламж, эмийн сан, галын хор, ослын тэмдэг зэрэг зүйлсийг бүрэн авч явах ёстой. Хяналт шалгалтын явцад ажиглагдаж байгаа нийтлэг зөрчил нь жолооч, иргэд эдгээр зүйлсийг зөвхөн цагдаад харуулах, үзүүлэх зорилгоор авч явж байна.Хүний нүд хуурах гэж. Шалгаад үзэхээр эмийн санд нь анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүн байхгүй. Эм эмийн бүтээгдэхүүн байсан ч хугацаа нь дуусчихсан. Галын хор нь ажиллагаагүй байх гэх мэт зөрчил илэрч байна. Мөн очих гэж байгаа аймаг, орон нутгийнхаа зам маршрутыг судалж, цаг агаарын мэдээгээ харж байх хэрэгтэй. Үертэй байгаа гол усыг гатлахаас зайлсхийх хэрэгтэй. Архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх ёстой. “Амь аврах алтан гурвалжин” уриатай аяны хүрээнд орон нутгийн зам дээрх хяналт шалгалт тогтмол ажиллаж байгаа. 100 км тутамд байнгын постууд ажиллаж байна. Мөн зам тээврийн осол ихээр гардаг хэсгүүдэд хяналт шалгалтыг түлхүү гаргаж байгаа.
Н.Нарванчин
Сэтгэгдэл (0)