9/11 халдлагын сэжигтнүүд гэм буруугаа хүлээхээр болжээ
- 2024-08-01
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 1 /CNBC/. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Аль-Каида” бүлэглэлийнхний үйлдсэн халдлагыг зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж буй Халид Шейх Мохаммад болон өөр хоёр хүн гэм буруугаа хүлээхээр тохиролцсон тухай Пентагон лхагва гарагт мэдэгдлээ.
2003 оноос хойш цагдан хоригдож байгаа тэдгээр гурван хүний гэм буруугаа хүлээн зөвшөөрөх болсон нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулаагүй боловч тэд зарим хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, улмаар цаазын ялаас зайлсхийх магадлалтай байна.
Шүүгдэгчид ирэх долоо хоногийн эхээр Кубын Гуантанамо арал дахь АНУ-ын цэргийн баазад мэдүүлэг өгнө гэж Цэргийн комиссын албанаас мэдээлжээ. Х.Мохаммедээс гадна гэм буруугаа хүлээхээр болсон бусад хүмүүс нь Валид Мухаммад Салих Мубарак Бин 'Атташ, Мустафа Ахмед Адам аль-Хавсави нар юм.
Уг хэргийг шалгаж буй ахлах прокурор Аарон Руг есдүгээр сарын 11-ний халдлагын хохирогчдын ар гэрийнхэнд хаягласан захидалдаа “цаазын ялыг ногдуулах магадлалтай шийтгэлээс хасах нөхцөлийн хариуд эдгээр гурван яллагдагч яллах дүгнэлтэд дурдсанчлан 2976 хүний амийг хөнөөсөн зэрэг бүх хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөр болсон” хэмээн бичжээ.
Гуантанамогийн шоронд хоригдож буй дээр дурдсан хүмүүс болон бусад яллагдагчдыг яллах ажиллагаа 16 жил гаруйн турш үргэлжилж байгаа юм. Ийнхүү удааширч байгаа нь Тагнуулын төв газрын цагдан хорих газруудад шүүгдэгчдийг эрүүдэн шүүх явцад тэднээс олж авсан нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөх эсэх тухай маргаантай холбоотой.
Есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр алан хядагчдын дөрвөн бүлэг дөрвөн нисэх онгоцыг барьцаалж, хоёрыг нь Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу, гурав дахь онгоцыг Пентагоны байр руу чиглүүлэн дайрсны улмаас 3000 орчим хүн амь үрэгджээ. Харин барьцаалагдсан дөрөв дэх онгоцны зорчигчид нисгэгчдийн бүхээг руу нэвтэрч, террористуудыг аюулгүй болгох гэж оролдох явцад уг онгоц Пенсильвани муж улсын Шанксвилл хотын ойролцоо осолдсон юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)