В.Зеленский: F-16 сөнөөгч онгоцуудыг ашиглаж эхэлсэн
- 2024-08-05
- Дэлхий
- 0
КИЕВ, 2024 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Украины нисгэгчид F-16 сөнөөгч онгоцуудыг улс орныхоо нутаг дэвсгэрт ажиллагаанд ашиглаж эхэлсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагт мэдэгджээ. Энэ нь Оросын цэргүүд довтолсноос хойш 29 сар гаруйн дараа АНУ-д үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцуудыг Украинд нийлүүлснийг баталж байна.
Украины тал F-16-г авахын тулд удаан хугацааны турш лоббидож ирсэн бөгөөд В.Зеленский нэгэн агаарын цэргийн баазад нисгэгчидтэй уулзах үеэрээ уг онгоцуудыг ашиглаж эхэлснийг зарлажээ. Ийнхүү мэдэгдэх мөчид цэргийн баазын зогсоолд хоёр ийм онгоц зогсож, дээгүүр нь хоёр онгоц нисэж байгааг харуулсан байна.
“F-16 онгоцууд Украинд байгаа. Бид үүнийг хийж чадсан. Эдгээр тийрэлтэт онгоцуудыг нисгэх ур чадварыг эзэмшиж, хэдийнэ нисгэж эхэлсэн залуусаараа би бахархаж байна” гэж В.Зеленский хэлжээ. Аюулгүй байдлын үүднээс мэдэгдэл хийсэн газрын талаар мэдээлэхгүй байхыг эрх баригчид Ройтерс агентлагаас хүссэн байна.
Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский тийрэлтэт онгоцууд ирснийг сайшааж, тэдгээрийг авахын тулд "24/7" ажиллаж буй Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүст талархал илэрхийлжээ. “Эдгээр онгоцыг хүлээн авснаар Украины цэргүүдийн амийг аврах болно. Энэ нь илүү олон эзлэн түрэмгийлэгчдийг устгана гэсэн үг” гэж тэрбээр хэллээ.
Сөнөөгч онгоцууд ирсэн нь Украины хувьд чухал үйл явдал болсон бөгөөд гэхдээ хэдэн онгоц бэлэн байгаа, агаарын довтолгооноос хамгаалах болон байлдааны ажиллагааны талбарт ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. Оросын зүгээс тэдгээрийг байрлуулж болзошгүй баазуудыг онилон сөнөөх болно гэдгээ мэдэгджээ. Америкийн “Lockheed Martin” компанид үйлдвэрлэсэн F-16 онгоцууд нь байг устгах чадвар, олон газарт ашиглах боломжтой байдлаараа удаан хугацааны турш Украины талын сонирхлыг татсаар ирсэн юм. Эдгээр онгоц нь 20 мм-ийн их буугаар зэвсэглэсэн бөгөөд тэсрэх бөмбөг, пуужин тээх чадалтай хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)