Монгол хэл, соёлоо хайрлан хамгаалъя
- 2024-08-07
- Нийтлэл
- 0
Сүүлийн үед орчин үеийн монгол хэлийг муутгах, бохирдуулах, гадаадын элдэв үгийг эх хэл рүү маань хүчээр шургуулах, нүүр номонд / фасебүүк / монгол үгийг зориуд алдаатай бичих зэрэг хорт ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Монгол соёлоо дорд үзэж,харийн соёлыг дээдлэн шүтдэг хүмүүс олширчээ. Монгол хүнийг зөвхөн монгол дээл өмсөж гартаа гаанс хөөрөг барьсан хүн мэтээр төсөөлдөг болжээ.
Эхлээд монгол хүн бүр зөв мэндэлж суръя. Орчин үеийн хүмүүс уулзаад “Сайн уу? гээд Юу байна?” гэхэд нөгөөх нь“Юу ч байхгүй” хэмээн хариулах аж. “Амар байна уу, Сонин сайхан юүтай байна вэ” гэж мэндлээч .Мэндлэхдээ дандаа орос ёсоор гар барих юм. Гар бол хамгийн бохир эрхтэн. Иймд зүгээр л бага зэрэг толгой дохиж мэндэлж болно. Мэндлэхдээ учиргүй их бөхийх хэрэггүй. Ахимаг насны хүмүүс нөхрөө “өвгөөн”, эхнэрээ “хөгшөөн” гэж дуудах юм. “Хань аа”, “эхнэр ээ” хэмээн дуудаж байгаач. Ач нар нь өвөө, эмээ гэж буруу үг хэрэглэхээ болиоч. Буурал ээж, буурал аав хэмээн дуудаач. Залуус эхнэрээ эсхүл нөхрийгөө “хайр аа” хэмээн дуудах юм. Солонгос киног дуурайхаа болиоч. Зүгээр л “хайр аа” гэхийн оронд “хань аа” хэмээн дуудаач. Ангийн найз нар уулзалдаад бие биенээ “анд аа” гэдэг. Энэ нь зөв. Гэхдээ эрэгтэй хүнийг “анд аа”, эмэгтэй хүнийг “найз аа” гэж дуудах хэрэгтэй. Гэтэл эмэгтэй хүнийг “анд аа” хэмээн дуудах юм. Монголчуудын нэг бүдүүлэг явдал бол бие биендээ элдэв муу нэр хоч өгдөг. Бие биендээ элдэв амьтны нэр, элдэв муу нэр өгч хочилдог. Тарган хүнийг гахай, туранхай хүнийг чөргөр, толгой жаахан том бол том толгойт, ам нь жаахан том бол даравгар амт, хөл нь жаахан асуудалтай бол далиу хөлт, алцгар, нүдний асуудалтай бол хялар, долир, онигор, үсэрхэг бол арзгар, өндөр бол дэмий гонзгой ч гэх шиг. Сүүлдээ нэр нь мартагдаад зөвхөн хоч нь үлддэг. Хүнийг нэрээр нь бүтэн дуудаж сураач. Батсайхан гэдэг нэрийг Батука ч гэж байх шиг, Өлзийсайхан гэдэг нэрийг Өөжгий ч гэх шиг, Саранцэцэг гэхийг Сарушка ч гэх шиг, Нармандах гэдэг нэрийг Наки ч гэх шиг, Дэлгэрмаа гэхийг Дээгийч гэх шиг. Монгол хүүхдүүд муу үг, хараалыг цээрлэх хэрэгтэй. Гэтэл эдүгээ монгол хүүхдүүд тоглож байгаад хоорондоо муудалцаж бие биенээ ихэд муухай харж “чамайг ална даа” гэж хээв нэг хэлж байх юм. Хараал хэлдэг эцэг, эх олон байна. Эцгийнхээ хэлсэн хараалыг хүүхэд нь яг л дуурайж хэлэх аж. Гэрийн найран дээр монгол хүнийг “За, та шинэхэн хосуудад зориулж нэг сайхан ерөөл хэлчих” гэхэд нэг ч ерөөлийн үг хэлж мэдэхгүй юм. Ганц хэлдэг зүйл нь “Амжилт хүсье” гэсэн хоёрхон үг аж. Ихэнхи монгол хүмүүс ерөөл хэлж мэдэхгүй байж хараал хэлэхдээ гаргуун юм. Монгол хүн ёс заншлаа дагаж байсан цагтаа хараал хэлэх бүү хэл, муу үг ч хэлдэггүй байсан юм шүү.
Аль дээр үед социализмын үед хөдөө, хотгүй хүмүүс нөгөө “П” үсгээр эхэлсэн новшийн орос хараалыг амны уншлага болгох юм. Одоо орчин үед “F”үсгээр эхэлсэн англи хараал хэлэх юм. Ер нь орос, монгол, англи хэлээр хараал хэлэх бол хамгийн бүдүүлэг явдал. Хараалын үзүүрт цус, ерөөлийн үзүүрт тос гэдэг дээ. Хараал бол монгол хэлэнд ч байх ёсгүй зүйл юм. Хараалын оронд ерөөл хэлж сураач. Элдэв гадаад үг хэрэглэхийн оронд монгол үгээр түүнийгээ нэрлээч. Фасебүүк гэхийг нүүр ном, поошиг гэхийг том сав, аккумлятор гэхийг хуримтлуур, кино гэхийг сүүдэр ший, телевизор гэхийг зурагт, помидор гэхийг улаан лооль, пицца гэхийг ногоотой гамбир, гуляш гэхийг будаатай махан хуурга, шоколад гэхийг хүрэн чихэр, мороженое гэхийг мөхөөлдөс, компьютер гэхийг цахим машин, автомашиныг суудлын тэрэг, тракторыг гинжит тэрэг, радиог долгион баригч, плиткаг цахилгаан гал, масло гэхийг тос, бензингэхийг шатахуун, нефтийг чулуун тос, шприц гэхийг тариур, мессеж гэхийг илгээлт, виз гэхийг зөвшөөрөл, паспорт гэхийг иргэний үнэмлэх, пастор гэхийг номлогч, торт гэхийг бялуу, плааж гэхийг даашинз, костюм гэхийг хослол, жинс гэхийг даргар өмд, вино гэхийг дарс, шампанск гэхийг оргилуун дарс, пивийг талхны ундаа, театр гэхийг хүрээлэн, цуйван гэхийг гурилтай хуурга, автомат гэхийг өөрөө ажиллагч... гэх мэтээр эх монгол хэл дээрээ хөрвүүлэн хэлэх боломжтой юм.
Саяхны Баабарын нийтлэлд “Орос хэлээр дамжиж орж ирсэн үй олон үг өөрөө латин, герман, англи, франц, грек зэрэг хэлнээс орос хэлд нэвтэрсэн зээлдмэл үгс бөгөөд латин сурвалжтай мянга гаруй үг оросоор дамжин монгол хэлэнд нэвтэрсэн байхад жинхэнэ орос гаралтай 200 орчим үг байна,англи, франц, грек тус бүр 500 үг байна” хэмээн бичжээ. Монгол хэлэнд орж ирсэн гадаад бүх үгийг бүрэн монголчилоход хэцүү л байх даа. Гэхдээ ихэнхийг нь монгол хэлэнд оночтой хөрвүүлэх боломж байгаа юм.
Монголчууд бид ядаж үндэсний бичиг үсгээ уйгуржин бичиг, хуучин монгол бичиг хэмээн буруу хэлэхээ болиоч. Босоо монгол бичиг хэмээн хүндэтгэлтэй хэлж сураач. Гадаад улсад амьдардаг монголчуудаа зөв нэрлэж сураач. Астрахань, Каспийн тэнгисийн орчим амьдардаг монголчууд маань өөрсдийгөө “Калмык” гэж буруу нэрлээд, улсаа Калмыкия хэмээн буруу нэрлээд байх юм. Ойрд монголчууд гэж зөв хэлж сураач. “Калмак” гэдэг нь туркээр “Үлдэгдэл” гэсэн утгатай муу үг шүү. Хойд хөршид амьдардаг монгол туургатан маань өөрсдийгөө “ буряты “ гэх юм. Өөрсдийгөө “Буриад монголчууд” хэмээн зөв хэлж сураач. Хойд хөршид амьдардаг монгол туургатан маань өөрсдийгөө "тувинцы” гэх юм. Өөрсдийгөө “Урианхай монголчууд”гэж зөв хэлж сураач.
Хорьдугаар зууны эхээр дорны агуу соёлт Монгол оронд харийн буруу номтны улаан хувьсгалын хүчирхийлэл болж олон арван мянган гэм зэмгүй монгол хүнийг хөнөөгөөд зогсохгүй эх монгол хэлд мааньавтономи, пролетарь, феодал, капитализм, фракц, коммунизм, социализм, фашизм, маоизм, шовинизм, зүүнтэн, баруунтан, оппортунизм, хамтрал коммун, октябрь, марксизм, ленинизм, сталинизм , большевизм, империализм, милитаризм, пионер, пионерийн лагерь, хорих лагерь, комсомол, танк, пистолет, винтов, гранат, миномёт, мина, кинжал, пулемёт, шприц...гэх мэтийн харийн үгнүүд шургалан орж эх хэлийг минь бохирдуулсан.
Эзэн хаан, ноён, хатан, хамжлага, алтан ураг, агь, хунтайж, хан хүү, тайж, язгууртан, Бурхан, шашин, гэгээрэл, лам багш, судар, ном шаштир, босоо монгол бичиг, боди сэтгэл, нисваанис, арван цагаан буян, арван хар нүгэл, бурханы сүм хийд, орхимж, цам, сугаавадын орон, гурван сайн заяа, гурван муу заяа, төрөл арилжих, завсрын бардод орших, Жагарын орон, Сугавадын орон, мөнх бусыг үзүүлэх, цогчин дугана, хийд, хуврагийн чуулган, богд, бошиг, сахил санваар, хувраг, хутагт, хувилгаан, хайрхан гэх мэтийн тансаг монгол үгс социализмын үед монгол хэлний үгсийн сангаас хасагдаж байв.
Эх хэл нь бохирдвол үзэл бодол нь бохирддог, үзэл бодол нь бохирдвол үйл явдал нь бохирддог юм. Улаантнууд 1944 онд эртний монгол үндэстний соёлын эх сурвалж болсон босоо монгол бичгийг минь устгаж оронд нь харийн орос крилл бичигт ард түмнийг минь албадан оруулж, харийн буруу номыг тоть шиг цээжилдэг болсон. Үүнээс болж орчин үеийн монголчууд монгол соёлоосоо тасарчихсан.
Харийн бичиг үсэгтэй болсон ард түмэн маань уламжлалт босоо монгол бичгээр бичсэн монголын агуу соёл болох Бурханы Ганжуурын 108 боть, Данжуурын 224 боть, “Ламрим” судар, “Үлгэрийн далай”, “Гучин хоёр модон хүний үлгэр” зэрэг буддын судраа уншиж чадахаа больсон. Монголын ард түмний үнэт соёлын өв босоо монгол бичгээр бичиж үлдээсэн “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу”, ”Орчлонгийн сав шимийн дуулал”, ”Нэгэн үсгийн эрдэм”, ”Авах гээхийн дөрвөн мөрт”, “Тоть шувууны сургаал”, “Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх шаштир оршвой”, “Чойжид дагины тууж”, “Молон тойн эхдээ тус хүргэсэннэрт судар оршвой” зэрэг агуу суут бүтээлүүдээ уншиж чадахаа больсон. Орчин үеийн монголын их, дээд сургууль төгссөн залуусаас эдгээр монгол ном судрыг уншсан уу хэмээн асуухад уншсан хэмээн хариу хэлэх хүн өдрийн од шиг цөөхөн л болов уу. Монгол судар номоо босоо монгол бичгээрээ уншиж чадахгүй болвол монгол соёлоосоо бүрмөсөн тасарсан гэсэн үг.
Ийнхүү ард түмэн маань мянган жилийн өв соёлоо устгаж монгол ном судраа ч мэдэхгүй мохоо сэтгэлгээтэй хүмүүс болцгоожээ. Социализмын үед мэддэг юм нь орос зөвлөлтийн уран зохиол, францын хэдэн сонгодог бүтээл, монголын шинэ утга зохиол буюу улаантны буруу үзэл суртал нэвт шингэсэн хэдэн бүтээл гэсхийгээд дуусчихдаг байв. Монгол соёл, шашин, монгол бичиг үсэг,судар номыгбүгдийг нь хувьсгалт улаантны харгис төр устгачихсан. Хайран монгол соёл. Ингэж л эх монгол хэл минь бохирдож, эртний гайхамшигт судар ном маань үнс нурам болсон доо.
Бурханы шажныг устгаж оронд нь атеизм буюу шашингүйн үзлийг ард түмэнд хүчээр тулгасан. Олон зууны турш ард түмнээрээ Бурханы шажин шүтэж, арван цагаан буян үйлддэг байсан Номт Монгол оронд маань хүн амины хэрэг, хулгай, дээрмийн хэрэг гэдгийг бараг мэддэггүй байлаа. Бурханы шажин бол монголын ард түмний хамгийн том гайхамшигт соёл байлаа. Бурханы шажнаа устгасан ард түмэн бузар нүглийн замд орсон доо. Одоо л Бурханы шажнаа нэн хурдан сэргээж ард түмнээрээ гэгээрлийн замд орохгүй бол ёс зүйгүй болж ёроолгүй нүглийн далайд живж болзошгүй байна.
Яруу тансаг монгол хэлээ төгс эзэмшихийн тулд босоо монгол бичгээ сурч, эртний гайхамшигт монгол судар номоо уншиж судлах хэрэгтэй. Орчин үеийн монгол хүн хичнээн ч гадаадын дээд сургууль төгсөж, хичнээн ч гадаад хэл мэддэг болсон ч гэсэн төрөлх эх хэл, монгол үндэстний соёл, босоо монгол бичиг, монгол ном судраа мэдэхгүй бол тэр хүн монгол хүн биш юм. Дээл өмсөж гартаа гаанс хөөрөг барьсан хүнийг монгол хүн гэдэггүй юм. Монгол хэл, монгол соёлоо сайн мэддэг хүнийг монгол хүн гэдэг юм.
Монголчууд аа. Яруу тансаг төрөлх монгол хэл болон гайхамшигт босоо монгол бичиг, монгол соёлоо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалъя.
2024.08.7
Сэтгэгдэл (0)