Украины цэргүүд Курск мужид “томоохон хэмжээний өдөөн хатгалга” үйлджээ
- 2024-08-08
- Дэлхий
- 1
МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 8 /VOA/. Украины цэргүүд Оросын Курск мужид “томоохон хэмжээний өдөөн хатгалга” явуулсан ба байлдааны цар хүрээ тодорхойгүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт мэдэгджээ. Украинтай залгаа Оросын баруун өмнөд нутгийн хил дагуух бүс нутагт хоёр дахь өдрөө байлдааны ажиллагаа явуулж буй Украины арми “энгийн иргэдийг онилон их буугаар буудсан” гэж Оросын удирдагч мэдэгдсэн байна.
Харин АНУ-д төвтэй Дайн судлалын хүрээлэнгээс мэдээлэхдээ, хилээс хойд зүгт 7 км-ийн зайд, Курск мужийн Любимовка хотоос баруун зүгт эвдэрч орхигдсон хуягт тээвэрлэгчийг харуулсан дүрс бичлэгээс үзвэл, үүнийг Украиных мөн эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ.
Мөн Украины довтолгооны үр дагаврыг харуулсан гэгдэх Оросын цэргийн блогчдын хуваалцсан бичлэг бодитой эсэхэд тус судалгааны төв эргэлзэж байна. “Энэ нь Украин тал их буугаар буудсаны дараах дүр зураг байж магадгүй бөгөөд хуурай замын ажиллагаа явуулсныг нотлох боломжгүй” гэж тус хүрээлэнгийн өдөр тутмын тайланд дурджээ.
Курск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Алексей Смирнов тулалдаанд шархадсан цэргүүдэд зориулан цусаа хандивлахыг оршин суугчдад хандан уриалсан байна. Тэрбээр хэлэхдээ, Оросын арми Украины цэргүүдийн дайралтыг баатарлагаар сөрөн зогсож байна гэжээ.
Украины 300 орчим цэрэг 11 танк, 20 гаруй хуягт тээвэрлэгч Оросын нутагт нэвтэрсэн боловч ихээхэн хохирол амссан гэж Оросын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдсэн байна. Харин их буу, байлдааны онгоцнуудын тусламжтайгаар Оросын арми дайсны цэргийг нутгийн гүн рүү нэвтрүүлээгүй гэж мэдэгдэлд дурджээ. Украины албаны хүмүүс энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан ба ажиглагчид Оросын мэдэгдлийг баталгаажуулаагүй байна.
Курск мужийн Украинтай залгаа хил нь 245 км урт тул Оросын тал нэмэлт хүч байршуулахаас өмнө хорлон сүйтгэгч бүлэглэлүүд шуурхай дайралт хийж, тодорхой хэсгийг эзлэн авсан байх магадлалтай. Украины олон зуун цэргийн хил зөрчих оролдлогыг няцаасан, мөн Курскийн дээгүүр ниссэн Украины дөрвөн нисгэгчгүй онгоцыг устгасан гэж Оросын БХЯ мэдэгджээ.
Мөн Белгород мужид Украины гурван нисгэгчгүй онгоц, Воронеж мужид хоёр нисгэгчгүй онгоц, Ростовын дээгүүр нисэж байсан хоёр нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдээлсэн байна. Белгород мужийн захирагч Вячеслав Гладков Телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, хэд хэдэн орон сууцны барилга эвдэрч сүйдсэн боловч хүний амь нас хохирсон тухай мэдээлэл ирээгүй гэв. Украины дайралтын улмаас Воронеж хотын орон сууцны барилгууд ч мөн сүйдсэн гэж тус бүс нутгийн албаныхан мэдэгджээ.
Украины Николаев мужийн захирагч Виталий Кимийн мэдээлснээр, Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин Оросын 14 нисгэгчгүй онгоцыг устгасан бөгөөд шатсан дронуудын улмаас хэд хэдэн газарт түймэр дэгдсэн байна.
Мөн Оросын арми дроноор дайрч, хүнд их буугаар галласны улмаас орон сууц, хэд хэдэн фермийн барилга сүйдсэн тухай Днепропетровск мужийн захирагч Сергей Лысак Телеграм хуудсандаа бичжээ. Хмельницкий, Винница мужуудын албаны хүмүүс мөн лхагва гарагт "Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Оросын хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан" тухай мэдээлсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (1)
(127.0.0.1)
Цагаан арьстнууд бие биенээ хядаж л байг. Бүх цагаан арьстнууд ба тэр дундаа Оросууд ба Зүүн Европынхон өнгөт арьстнуудыг бас дээрэлхэж ирсэн.