Японы Ерөнхий сайд ЛАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй
- 2024-08-14
- Дэлхий
- 1
ТОКИО, 2024 оны наймдугаар сарын 14 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх сард болох эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэсэн бодолтой байгаа талаар засгийн газрын эх сурвалжууд өнөө өглөө мэдээлжээ. Уг шийдвэрийг гаргаснаар Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно гэсэн үг юм. Тэрбээр 11:30 цагт хэвлэлийн бага хурал хийнэ гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлсэн байна.
Ф.Кишида намынх нь зарим фракц нэр холбогдсон улс төрийн хандивын дуулиантай холбоотой асуудлаар нам дотроо шалгагдсаар иржээ. 2021 оны 10 дугаар сард эмхлэн байгуулагдсан К.Фүмиогийн Засгийн газрыг дэмжигчдийн тоо уг дуулианы дараа 20 хувь хүртэл буураад байгаа юм.
Нэр хүндийн үзүүлэлт нь буурч байсан хэдий ч Ф.Кишида намын даргын сонгуульд өрсөлдөж улиран сонгогдохыг эрмэлзэж байжээ. Гэвч түүний удирдлага дор ЛАН дараагийн сонгуульд хэрхэн оролцох бол гэсэн болгоомжлол бий болсон тул намынх нь лидерүүд түүнд албан тушаалаасаа огцрохыг уриалах болсон гэж улс төрийн шинжээчид хэлсэн байна.
Харин өдгөө олон нийтийн дунд нэр хүнд сайтай байгаа Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба ЛАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байна. Ш.Ишиба өмнө нь эрх баригч намын хоёр дахь өндөр албан тушаал болох ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан юм.
Мөн Цахим шинэчлэлийн сайд Таро Коно сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа Ерөнхий сайд асан, ЛАН-ын дэд дарга Таро Асод мэдэгдсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна. Түүнчлэн ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тошимитү Мотэги, Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Санаэ Такайчи, Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми, Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд асан Такаюки Кобаяши нар мөн нэр дэвшиж магадгүй байгаа ажээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (1)
(127.0.0.1)
ЛАН гэдгийг жирийн иргэд мэдэх ёстой үг юм уу?