Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулна

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны  (2024.08.15) хуралдаан 14 цаг 28 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцжээ. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар энэ талаар хуралдаанд танилцууллаа.

Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж тус тус заасныг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Д.Цогтбаатар нар тодруулга хийж, Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Монгол Улс нь өргөн уудам газар нутагтай, хүн ам нь сийрэг аж төрдөг. Гэмт хэргийн сэжигтнийг хээр талд саатуулах, алслагдсан нутаг орноос аймгийн төв рүү хүргэх хооронд хуулийн хугацаа дуусах нөхцөл ч үүсэж болох бөгөөд дэд бүтцийнхээ онцлогийг анхаарч, хууль сахиулагчдын үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоог хангах тал дээр анхаарах шаардлагын талаар гишүүд хэлж байв.

Үндсэн хуулиа сахин биелүүлэх шаардлагын талаар Н.Алтанхуяг гишүүн үг хэлсэн бол дэд бүтцийн бэрхшээл нь хүний эрхийн зөрчил үүсгэх шалтгаан болох ёсгүй гэдэг байр суурийг Х.Баасанжаргал, Д.Цогтбаатар нарын гишүүд илэрхийлж байсан. Үүний дараа санал хураалт явууллаа. Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн байна гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төслийн талаар танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүний хүсэлтийн дагуу Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаарх хяналтын сонсголыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар, тус сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалахаар төсөлд тусгажээ.

Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлсэн бол хяналтын сонсгол зохион байгуулахыг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулж, төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал гаргасан юм. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 62.5 хувь нь дэмжиж, “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)