Парламентын гишүүдэд өгөх "сануулга"

126 гишүүнтэй анхны парламент анх удаагаа ээлжит бус хуралдаанаа хийж байна.  Ээлжит бус хуралдаан эхлэхийн өмнө шинээр сонгогдсон гишүүдийг УИХ-ын Тамгын газраас сургалтад хамруулж, УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаар мэдээлэл өгсөн ч ээлжит бус хуралдаан эхлэхтэй  зэрэгцэн зарим гишүүний ёс зүйн асуудал яригдлаа.  Улмаар Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, нэг гишүүнд сануулах арга хэмжээ авав.  Тэгвэл УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хууль, дүрэмд хэрхэн зааж өгснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг өмнөх парламентын үед шинэчлэн баталж, одоог хүртэл дагаж мөрдөж байна.  Мөн энэхүү дүрмийг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хууль, УИХ-ын  чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нийцүүлэн баталсан билээ.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн зорилго нь УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаа сахин биелүүлэхэд нь туслахад чиглэгдэнэ гэжээ.

 

ОНЦЛОХ ЗААЛТУУД:

 

-Гишүүн төрийн албан хаагчдад хүлээсэн үүргээс нь өөр даалгавар өгөх, шаардахыг хориглосон.

-Гишүүн бүрэн эрхийн хугацаанд хамаарал бүхий этгээдээ төрийн байгууллагад ажиллахыг санал болгохыг хориглосон.

-Ажил үүргийн дагуу олж авсан мэдээллийг хувийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх.

-Өөрийн нэрийг ашиглан давуу эрх олж авах, бусдад давуу эрх олгох, аливаа этгээдэд нөлөөлөхийг хориглосон.

-Гишүүд Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд шагнал авахыг хориглоно.

 

Ёс зүйн хариуцлага алдвал…

-УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээнэ.

-Ёс зүйн зөрчил гаргасан бол сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна. Ёс зүйн шинж байдлыг харгалзан үзэж ард түмнээс уучлал гуйх хариуцлага хүлээсэн гишүүн таван өдрийн дотор ард түмэн, сонгогчдоосоо уучлалт гуйж, түүнийгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан олон нийтэд хүргэнэ.

-УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, хуулийг дээдлэн сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.

-Өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх үүднээс шалгалт хийх, гэрээ байгуулах, хууль санаачлах, санал хураалтад оролцохыг хориглоно. УИХ-ын гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт хамааралгүй ажил хийлгэх, үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгөхийг хориглосон.

-УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулах, санал болгох, иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг санал болгохыг хориглоно.

Энэ дүрмийн хэрэгжилтэд Ёс зүй, дэгийн байнгын хороо хяналт тавьж ажиллах бөгөөд тус байнгын хорооноос УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах, шалгах, гишүүний өөрийн хүсэлтийнх нь дагуу шалгахаар заажээ.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-08-23

    Олигархуудын бусармаг үйлдлүүдийн тухай нийтлээч ээ! Төрийн албан хаагчид бол сонирхолгүй.