Протокол: Уул уурхайн бүтээгдэхүүнээ түшиглэн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь Засгийн газрын стратеги
- 2024-08-26
- Улс төр
- 1
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гарагт 10.00 цагт, гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүд болон сайд нар ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
“Бүсчилсэн хөгжлийн асуудлыг намуудын гэрээнд тусгаж өгсөн”
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Орон нутгийн бие даасан байдал ялангуяа төсөв, томилгооны эрх мэдэлтэй холбоотойгоор ирэх дөрвөн жилд хууль эрх зүйн ямар өөрчлөлтүүдийг хийх вэ. Бүсчилсэн хөгжлийг амилуулахад хууль эрх зүйн ямар ахиц дэвшил гарах вэ. Шинэ сэргэлтийн бодлогын нэгдүгээрт боомтын сэргэлт орж байна. Монгол Улс 2022 оноос хойш эхлээд боомтын албатай болж, хилийн тухай хуульд нэг заалт нэмж оруулсан байдаг. Цаашид боомтын бие даасан хуультай болох зайлшгүй шаардлагатай. Энэ асуудлыг шийдэх үү. Тойргийн гишүүний хувьд Өмнөговь аймгийн төвд 50 мегаваттын дулааны цахилгаан станц барих асуудлаар саналаа өгсөн. Мөн Даланзадгад хотод ШУТИС-ийн харьяа сургуулийг байгуулах, Даланзадгадын нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох саналаа өгсөн. Энэ асуудлуудыг хөтөлбөрт тусгасан уу?
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Хөтөлбөрт дурдагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөөний талаар олон зйүл заалт орсон. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх чөлөөтэй холбоотой олон шинэчлэлт хийгдэнэ. Мөн үүнээс дутахгүй ач холбогдол өгч оруулсан хэсэг бол авлигатай тэмцэх үйл ажиллагааны чиглэл. Авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгоно. 5Ш ажиллагааг үргэлжлүүлнэ. Хүний эрхийн хөтөлбөр хэрэгжүүлнэ, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийн хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох заалтууд тусгагдсан байгаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Бүсчилсэн хөгжлийн асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орох нь зохимжгүй. Харин гурван намын хамтарсан Засгийн газрын гэрээнд оруулж зааж өгсөн. Засаг захиргаа нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх эрх мэдлийн зарим томилгоог орон нутгийн удирдлагад шилжүүлнэ гэдэг асуудлыг гэрээнд тусгасан. Мөн бие даасан дагуул хотуудыг хөгжүүлэх, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллана.
Эрчим хүчний яамны Төрийн нарын бичгийн дарга Н.Тавинбэх:
-Өмнөговь аймгийн төвд барих дулааны цахилгаан станцын асуудал ерөнхийдөө дэмжигдээд явж байна.
“Хайгуулыг соронзон физикийн аргаар явуулна”
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Гадаадаас валют орж ирдэг гурван суваг байдаг. Экспорт, хөрөнгө оруулалт, зээл. Өнгөрсөн цаг хугацаанд монголын төр зээл гэдэг зүйлийг л дандаа авч хэрэглэж ирсэн. Яаж экспортоо нэмэх вэ гэдэг дээр ерөөсөө ажиллаагүй. Ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого байгаагүй. Уриа лоозонгийн шинжтэй явж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалт яах билээ. Уул уурхайн бус экспортыг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасан вэ. Мөн Ц.Туваан сайдаас асуух асуулт байна. Уул уурхайн хайгуулын үйл ажиллагаанд ямар бодлого барих вэ?
Аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Ц.Туваан:
-Энэ удаагийн Засгийн газар УУХҮЯ-ыг аж үйлдвэр, эрдэс баялагийн яам болгож өөрчлөн оруулж ирсэн. Аж үйлдвэрийн бодлогыг нэгдүгээрт тавина. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах, ажлын байр бий болгох гэдэг рүү илүү зорьж ажиллаж байна. Эрдэс баялагийн салбар өөрөө тодорхой дарааллаар явагддаг. Үүний хамгийн эхэнд геологи, хайгуулын ажил байдаг. Тэгэхээр хайгуулын асуудалд онцгой анхаарч ажиллана. Хайгуулын чиглэлд уламжлалт буюу өрөм тавьж хайгуул хийхээс гадна орчин үеийн технологиудыг ашиглана. Австрали, Канад зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудад хэрэглэдэг агаарын соронзон геофизикийн аргаар хайгуул хийх ажлыг эрчимжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн 60 гаруй тэрбум төгрөгөөр хайгуул хийсэн. Хариуцлагатай уул уурхай буюу бүх талын эрх ашгийг хангасан бодлого баримтална.
Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:
-Ер нь хуралдааны дэг нэлээд өөрчлөгдсөн байна. Уг нь энэ асуудалд дээр УИХ-аас ажлын хэсэг гарч ажилласан. 100 гаруй санал хураалт өнөөдөр явуулна. Ер нь экспортын 90 хувь уул уурхай байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах түүнийг түшиглэсэн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь бидний нэг стратеги юм. Дараа нь уул уурхайн бус бүтээгдэхүүний буюу аялал жуулчлал. Үүнийгээ өндөр технологид суурилуулан хөгжүүлэх нь чухал байгаа юм.
“Амины орон сууцны жишиг загвар гаргах нь илүү зүйтэй юм биш үү”
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боомтын үйл ажиллагааг дэмжих талаар тусгасан байна. Тэгэхээр боомтуудаар орж ирж байгаа зүйлд тавьж байгаа хяналт шалгалт, лабораториудын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын хуримтлалын санг хэрхэн бүрдүүлэхээр ажиллаж байна. Гуравдугаарт, их дээд сургуулиудын цогцолбор хотхонуудыг байгуулна гэж хөтөлбөрт тусгасан байна. Мөн хувийн секторт мэргэшсэн боловсон хүчин олдохгүй байна гэж байгаа. Тэгэхээр хувийн сектор болоод мэргэшүүлэх секторт боловсролын сайд юу бодож байна вэ? Дараагийн асуудал нь хот байгуулалттай холбоотой эрчим хүчний хувьд ус бохирын хувьд бие даасан байгальд ээлтэй зөөврийн орон сууцны технологийг судална гэжээ. Орон сууц гэхээс илүүтэй амины орон сууцны жишиг загвар гаргах нь илүү зүйтэй юм биш үү гэдгийг Барилга хот байгуулалтын сайдаас тодруулъя.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Насан туршийн боловсролын хөтөлбөр болон үйл ажиллагааны хөтөлбөрийн хэсэгт бий. Эдийн засгийн 2.2.6-д туссанаар байгаа. Суралцах, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, холимог ажлын байрны сургалтыг бүрэн хэрэгжүүлнэ.
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын Ж.Батсуурь:
-Гурван намын мөрийн хөтөлбөрт 105 мянган айлын орон сууц, ХҮН намын мөрийн хөтөлбөрт орон сууцны чанар, төрлийг сайжруулна гэж орсон.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Хөгжлийн хөтөлбөр нь ирээдүйн өв сан хөгжлийн сангаас бүрдэж байгаа. Рояалти, АМНАТ-ын татварын сангаас үлдэх хэсгийн орлогыг бүрдүүлж буй. Ирээдүй өв сангийн нэгээс доошгүй хувь инновац технологид зарцуулагдана. Үндэсний баялгийн сан ч гурван сангаас бүрдэж байгаа. Хөгжлийн сан ч гэсэн ялгаагүй.
“Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд ирж чуулдаг улс болно”
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Сүүлийн найман жил МАН дангаар засаглаж, алдагдсан найман жил өнгөрсөн. Тэр нь юугаар илэрч байна вэ гэхээр ард иргэдийн ядуурлаас харж болно. Бид бүх зүйлээрээ гадаадаас хараат байна. Эрчим хүч энэ өвөл тасарвал хэн хариуцлага хүлээх юм. Хэрэв ган зуд болбол бензин шатахуун дахин тасрах уу. Ийм л зүйлийг асууж байна. Олон жил худал ярилаа. Ер нь одоо сайн зүйл хийх гээд байвал ярьж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр УИХ одоо 126 гишүүнтэй болсон. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг яам, сайдууд их байна. Эдгээр хүмүүс ямар хариуцлага хүлээх вэ.
Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:
-Мэдээж хамтарсан Засгийн газрын хийх ажилд эргэлзэж байгаа УИХ-ын гишүүд байгаатай маргах зүйлгүй. Бидний хийх ажил бодитоор харагдах ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд ирж чуулдаг улс болно. Бидний тавьж байгаа зорилго бол улс орны эрх ашиг нэгдүгээрт. Эдийн засаг босож ирж байж үйлдвэр эрхэлдэг, чадалтай улс болно. Үүний хажуугаар бид онцгой анхаарч байгаа. Сонгогчид АН-ыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээрэй гэж санал өгсөн. Хүний мууг үзэх бол амархан. Улс орны сайн сайхныг үзэх бол хэцүү байна. Тиймээс мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгохын тулд ажиллаж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: -Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөтөлбөрт тусгасны дагуу байгаа. Д.Ганбат гишүүний хэлснээр хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн хөгжлийн яаманд бий.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (1)
(127.0.0.1)
Монголчууд Цагийн хүрд мэдээн дэх оросуудын ярилцлагыг монголд талархсан, монголд долгиносон аястай монгол руу буруу орчуулж байна. Үндэсний телевизийнхэн АНУ-д долгинож, Оросуудыг доош нь хийж байна.