Хувийн хэвшил, үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэсэн ч нидэр дээрээ боомилж байна

Үе, үеийн дарга, удирдлагуудын амнаас тарни мэт гарч байсан, одоо ч байгаа үг бол үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ. Хувийн хэвшлийнхнээ хөл дээр нь босгоно гэсэн зүйл байсаар ирэв. Харамсалтай нь энэ бүхэн зөвхөн аман яриа хэлбэртэй, үйлдэл болдоггүй байдалтай байсаар байна. Сүүлийн жилүүдэд энэ нь “Төр-Хувийн хэвшлийн түншлэл” гэсэн нэр томъёотой болсон. “Алсын хараа-2050” болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч энэ тухай тодорхой дурдсан байгаа. Гэвч бодит амьдрал дээр дарга нар үргэлжид хувийн хэвшлийнхнээ боомилж, үндэсний хэдхэн үйлдвэрлэгчдээ татвар болоод хүчний байгууллагуудаар дарамталсаар ирэв. Ойрын өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг ид хэлэлцэж байна. Ингэхдээ мөнгө дутсанаас бус 2.9 их наяд төгрөгийн орлого давж орж ирсэн учраас түүнийг хэрхэх, хааш нь хуваарилах вэ гэдгийг шийдэх гэж байгаа. Өнгөц харвал үнэхээр сайхан хэрэг. Гэвч илүү орж ирээд байгаа орлого болох 2.9 их наяд төгрөгийн 1.7 нь зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрдсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл аж ахуйн нэгжүүдийнхээ татварыг нэмэгдүүлсэн хэрэг үү гэдэг асуулт ургаж гарна. Хэрэв ингэсэн бол татварын дарамтаас болж үүд хаалгаа барьж байгаа хувийн хэвшлийнхний тоо улам л нэмэгдсэн байж таарна. Аж үйлдвэрлэлээ хөгжүүлж энэ зэргийн орлого олсон бол түүнийгээ дагаад хувийн хэвшлийнхэн өндийж, дундаж давхаргынхны тоо нэмэгдэх байв. Гэвч дэмжинэ гэсэн ч нидэр дээрээ боомилж байгаа үйлдэл нь энэ мэт байдлаас харагдаж байгаа юм.

Төр бизнес эрхэлдэг байдлыг халж, төрийн өмчит үйлдвэр, компанийн тоог бууруулах тухай бас л амаа чилтэл ярьцгаасан. Гэвч өнөөдөр бууруулах нь бүү хэл яам, тамгын газар, агентлагуудынхаа тоог улам нэмчихээд л сууж байна. Төр нь бүхий л салбарын бизнест гар, хөлөө бүрэн дүрж, жижиг, том гэж ялгалгүй хувийн хэвшилтэйгээ өрсөлдсөөр байгаа. Мэдээж төрд хууль хүчний болоод татварын байгууллага нь байгаа учраас өрсөлдөгч гэж харсан томоохон компаниудаа ч гэсэн нухчин дардаг бололтой.

Сонгуулиас хэдхэн хоногийн өмнө үндэсний томоохон бүтээн байгуулагч, ТОП-100 татвар төлөгчийн нэгээр тогтмол шалгарч ирсэн Монполимет группын үйл ажиллагааг зогсоож, АТГ-аас гэнэтийн шалгалт оруулсан. Ингээд зогсолгүй үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд баривчлан хорьж байв. Ингэхдээ Хөгжлийн банкны зээл авахдаа хатгагчаар оролцсон гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн ч хатгуулсан гэмт хэрэгтнийг тодорхойлоогүй, хэнийг хатгаж, юунд нөлөөлсөн нь тодорхойгүй, нотлох баримтгүй, учирсан хохирол, хохирсон хохирогч тогтоогдоогүй, хохирол үнэлэх ажиллагаа явуулаагүй байж огт хамааралгүй Тосон үйлдвэрийг Хөгжлийн банкнаас учирсан хор хохирлыг арилгуулна гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь битүүмжилсэн. Зээлийн харилцаанаас 10 жилийн дараа гэнэт гарч ирэн нотлох баримт устгаж болзошгүй гэж үзэн хойшлуулашгүй ажиллагаа явуулсан. Хэрэг үүсгэхээсээ өмнө тодорхой нотлох баримтад тулгуурлан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татах ёстой. Гэвч нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа явуулж байна гэж прокурорын байгууллагаас мэдэгдсэн нь ирээдүйд ямар нэгэн байдлаар баримт олж буруутан болгох санаа зорилготой байна гэх тайлбарыг тус компанийн албан тушаалтнууд, өмгөөлөгчид нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан байдаг. Олон нийтийн зүгээс ч эдгээр нөхцлүүдийг харгалзан үзэж, улс төр геополитикийн шалтгааны улмаас энэ үйл явдлууд өрнөж байна гэж хардаж байгаа.

Хөгжлийн банкны зээлийн асуудлаар шалгаж байгаа гэж анх мэдээлсэн боловч одоо сэдвээсээ хазайж өөр үндэслэлүүд бий болгон хэрэг нь байвал эзэн нь олдоно гэгчээр шалгаж буй гэх мэдээлэл байгаа юм. Уг нь Хөгжлийн банкны асуудал босч байх үед 80 гаруй холбогдогчтой том шүүх хурал болсон. Үүнд Монполимет групп хэргийн оролцогч байгаагүй харин ч УИХ-аас зохион байгуулагдсан Хянан шалгах түр хорооны сонсголуудад сайн дураараа төслөө хамгаалж, хийж бүтээснээ олон нийтэд маш дэлгэрэнгүй танилцуулж байсан . Учир нь Засгийн газрын тогтоолын дагуу авсан 126 тэрбум төгрөгийн зээлээ 260 тэрбум болгон төлж, ханшийн зөрүүнд 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн юм билээ. Ганц Монполимет ч биш ижил цаг хугацаанд цементийн үйлдвэр барихаар МАК, Хөтөл бүгд л Хөгжлийн банкнаас зээл авсан. Импортоос цементээр хараат байсан эх орноо бие даасан болгож, эдийн засгийн тусгаар тогтносон байдалд ихээхэн хувь нэмрийг Монцемент түүчээтэй эдгээр үйлдвэрүүд оруулсан. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкны зээлтэй нь огт хамааралгүй Төв аймагт орших Тосон үйлдвэрийг нь үндсэн үйл ажиллагааны данстай нь хамт хааж битүүмжлээд 80 гаруй хоног болж өдгөө тун хүнд нөхцөл байдалтай буюу 400 гаруй ажилтан нь ажлын байргүй болж, хамгийн чухал капитал болох хүний нөөцөө алдсаар байгаа аж. Тэгэхээр энэ хэрээрээ удаан үргэлжилбэл цаашид оршин тогтноход хэцүү болно гэсэн үг. Энэ мэт асуудал захаас аваад л байгаа. Ерөөс, хууль хүчний байгууллагыг хэн нэгэн эрх мэдэлтэн нь өрсөлдөгч, таалагдаагүй нэгнээ намнах зэвсэг болгон ашиглаж, юм л бол төрд авна, хурааж авна гэдэг энэ технологи нэгэнт жишиг болон тогтоод удаж байна. Нэг сэдвээр малгайлан сүр дуулиантайгаар хэрэг үүсгэж хамаг бичиг баримтыг нь хурааж авч байгаад хэрэг үүсгэж болох сэжим хайж, анхны сэдвээсээ өөр зүйл рүү чиглүүлдэг энэ арга технологи ч гэсэн Монполимет дээр яваад байна гэсэн хардлага бий. Бүр геополитикийн шинжтэй асуудлаас болж хэрэг тохох гэж чармайж байгаа талаар ч учир мэдэх хүмүүс ярьж байна. Өнөөдөртөө олон нийтийн анхаарлыг татаж байгаа, хамгийн том нь л эднийх болохоос биш түрээсийн байр, подвальд үйл ажиллагаагаа явуулдаг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хэчнээн нь үүдээ барьж, цөөхөн ч гэсэн ажлын байраа байхгүй болгож байгааг тоолох аргагүй.

Улстөрчдийн богино зайн улс төр хийж, албан тушаал, эрх мэдлээ хадгалан

үлдэхийн тулд улайрсан шийдвэрүүдийнх нь балаг ч өнөөдөр үргэлжилсээр байна. Сонгуулийн өмнөхөн импортын цементийн татварыг таван хувь болгон бууруулах шийдвэрийг төрөөс гаргасан. Энэ үеэр дотоодын цемент үйлдвэрлэгчид эсэргүүцэж, хэвлэл мэдээллийнхэн болоод судлаачид хожим гарах үр днүг нь сануулж байв. Саяхан салбар яам болоод нийслэлээс чанаргүй цемент их хэмжээгээр орж ирж байгаа тухай мэдээлэл өгсөн. Мөн уг шийдвэрийг гаргахдаа амлаад байснаас нь эсрэгээр орон сууцны үнэ улам л өсөөд байна.

Үр дүнд нь дотоодын цемент үйлдвэрлэгчид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байгаа нь хатуу үнэн. Үүнээс гадна орон нутгийн иргэд үнэтэй гурил идэж байна гэсээр байгаад импортын гурилыг мөн л татвараас чөлөөлж орхисон. Үгсэн хуйвалддаг гэж гурилын компаниудыг цоллож байгаад ийм шийдвэр гаргасан нь өнөөдөр мөн л буруугаад эргэчихээд сууж байна. Газар тариалангийн компаниуд нь амьд үлдэхийн тулд, ашигтай бизнес хийхийн тулд тосны ургамал тарьж эхэлсэн. Үүнээс үүдээд энэ жил улаанбуудайн дотоодын хэрэгцээг хангахад асуудал үүсч, гаднаас худалдан авах байдал гарч мэдэхээр байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ер нь улаанбуудай, гурил, цемент гээд аль аль нь стратегийн бүтээгдэхүүнд ордог. Даанч увайгүй улстөрчдийн харалган шийдвэрээр энэ бүхнээ гаднаас авах болж, горыг нь үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн амсаж байна. Төр засгаас сайхан сайхан шийдвэрүүд гаргаж байгаа талаараа ам хуурайгүй ярьчихаад амьдрал дээр

болохоор дандаа зүй бус шийдвэрүүд гаргаж байгааг тэд эсэргүүцэж байгаа ч хүчин мөхөсдөж байна.

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулийн үр дүнгээс шалтгаалан хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Сүүлийн найман жилийн туршид навс ялагдаад байсан Ардчилсан нам өдгөө засагт хамтрагч болсон. Энэ бол ард түмний шаардлага, хүсэлт, бодит амьдрал дээр тулгараад байгаа асуудал гэж ойлгож хүлээж авах хэрэгтэй. Учир нь Ардчилсан нам хувийн хэвшлийг дэмжинэ, төр бизнес эрхлэх ёсгүй гэж үздэг. Үүнийгээ ч байнга хэлж, ярьж ирсэн. Тийм болохоор сонгогчид, үйлдвэр эрхлэгчид, хувийн хэвшлийнхэний эцсийн найдвар нь тэд болчихоод байгаа юм. Одоо л ард түмнийхээ сонголтын хариуг барьж, хувийн хэвшлийг дэмжих, тэднийг боомилсон төрийн шийдвэрүүдийг хүчингүй болгох хэрэгтэй. Тэгж байж үйлдвэрлэл үүсч, хөрөнгө бий болж, татварын орлого сайжирч, ажлын байр нэмэгдэнэ. Татвар нэмэх бус, татвар төлөгч аж ахуйн нэгжээ олон болгох нь хамгийн зөв бодлого. Түүнээс биш одоогийнх шигээ төр нь нэг гараараа дэмжинэ гэчихээд нөгөө гараараа боомилоод байвал улс орон дампуурах тийшээгээ л явна. Ийн наанаа үйлдвэрлэгчид, хувийн хэвшлээ дэмжинэ гэж амны уншлага мэт яричихаад цаанаа яг улсын тусгаар тогтнолд нэн чухал стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд рүү хууль бус акцууд явуулж, төрд булаан авахаар санаархах эсхүл хэрэг тохох энэ бүгд аль талаас шидсэн чулуу вэ, цаагуураа геополитикийн санаархал, том эрх ашиг байгаа юм биш биз?

Т.ХӨВСГӨЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)