“Менторшип-2024” хөтөлбөр албан ёсоор эхэллээ
- 2024-09-05
- Сурталчилгаа
- 0
Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг амжилттай өргөжүүлэхэд нь туслан дэмжих зорилготой “Ментрошип” хөтөлбөрийг 2022 оноос хойш 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Харин энэ жилийн хувьд хөтөлбөрт хамрагдах байгууллагын хүсэлтийг 2024.05.01-нээс эхлэн хүлээн авсан бөгөөд шалгуур үзүүлэлтийг хангасан нийт 62 байгууллагыг сонгон өнөөдөр БАТЛАМЖ-ийг гардуулан өгснөөр “Менторшип-2024” хөтөлбөр албан ёсоор эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагааны зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.
МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР ГЭДЭГ НЬ?
Бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд тасралтгүй нэмэгдсээр байгаагийн нэг нь Голомт банкнаас хэрэгжүүлдэг “Менторшип” хөтөлбөр юм. 2022 оноос эхлэн хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт Голомт банк болон Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагч, удирдлагууд ментороор ажиллан хөгжиж буй бизнесүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцаж, зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд байгууллагын үр дүнгийн стратеги менежментийг сайжруулахад чиглэсэн сургалтуудыг явуулахаас гадна банкны зүгээс хүний нөөцийн менежементээ хэрхэн зөв удирдах, санхүү, хөрөнгө оруулалтаа хэрхэн оновчтой хийх зэргээр хөтөлбөрт хамрагдагч байгууллагуудын үйл ажиллагааг богино хугацаанд, оновчтой хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг юм.
ӨМНӨХ ХӨТӨЛБӨРҮҮД ЯМАР ҮР ДҮНТЭЙ БАЙВ?
Хамгийн анхны Менторшип хөтөлбөрт Бурамхан брэнд, Эх Тэрэлж амралтын газар, Мовъёос брэнд хамрагдаж, төслийн дараа ажилтнуудын тоо 2 дахин, борлуулалтын орлого 3 дахин өссөн онцлох үр дүнгүүд гарсан байдаг. Хөтөлбөрт хамрагдсан бизнесүүд болон Голомт банкны хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байгаа үр дүнд нь хөтөлбөрийн эхний оролцогчдын нэг Бурамхан брэнд шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж, Швейцар технологийг амжилттай нэвтрүүлснээр Монголдоо анхны сахаргүй чихэр болон Хушны самартай чихрийг үйлдвэрлэж худалдаанд гаргасан амжилтууд үргэлжилж байна.
Харин 2023 онд хөтөлбөрт хамрагдах байгууллагын тоог нэмэгдүүлснээр “Чингүүнбат” ХХК, “Топ Степ” ХХК, “Абигэйл” ХХК, “Ээлтэй Ертөнц” ТББ, “Эдем” ХХК зэрэг 5 байгууллагыг хөтөлбөрт хамруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд тус байгууллагад бизнесийн стратеги, байгууллагын бүтэцтэй холбоотой зарим эерэг үр дүн гарч, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлж, шинэ төсөл эхлүүлсэн чухал үр дүнтэй өндөрлөсөн.
ЭНЭ ЖИЛ ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?
Энэ жил хөтөлбөрийн хүрээнд хийгдэх арга хэмжээ тэр дундаа зөвлөх үйлчилгээ, чиглүүлэх сургалтыг өмнөх жилүүдийнхээс илүү шинэлэг, үр дүнтэй аргаар явуулахаар төлөвлөөд байна. Мөн хөтөлбөрийг илүү хүртээмжтэй хүргэхийн тулд хамрагдах байгууллагын тоог энэ удаа 62 болгон нэмэгдүүлсэн бөгөөд үүнээс Юргана индастри ХХК, Ашид баялаг ХХК, Си Эс Эл ХХК, Дүүрэн фүүд ХХК, Хос цамхаг ХХК, Батлайн ХХК, Хаппи фловерс ХХК зэрэг 7 байгууллага нь тусгай зөвлөх үйлчилгээнд хамрагдах, үлдсэн 55 нь “Танхимын анги”-д хамрагдах байгууллагууд юм.
2024 оны хөтөлбөрт шинээр нэмэгдэж буй “Танхимын анги”-д бизнесийн стратеги, модель, процессыг сайжруулах сургалтуудыг орж, туршлага солилцох бизнес уулзалтуудыг зохион байгуулах бол, тусгай зөвлөх үйлчилгээнд хамрагдах байгууллага нь дээрх сургалтуудад хамрагдахаас гадна амжилттай яваа бизнесийн лидерүүдээр менторлуулж, зөвлөх үйлчилгээ болон хүний нөөцийн мэргэжилтнүүд байгууллага дээр нь ажиллан судалгаа хийж, үйл ажиллагааг сайжруулах оновчтой шийдлийг нь тодорхойлж өгөх юм.
“Менторшип-2024” хөтөлбөрт шалгарсан нийт байгууллагууддаа баяр хүргэж, хамтын ажиллагаанд амжилт хүсье!
Сэтгэгдэл (0)